Цаг үе
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Таван толгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой” ХК-ны тооцооны нягтлан бодогч ажилтай Д.Мөнхнасан, “Тавантолгой” ХК-ны Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер ажилтай байсан П.Мөнхтуул, “Тавантолгой” ХК-ны Төлөвлөлтийн ахлах инженер ажилтай Ж.Мягмардорж нарт “Хязгаарлалт тогтоох болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх ” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг хянан хэлэлцлээ.
Шүүхээс яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор:
- Д.Мөнхнасанг “Тавантолгой” ХК-ны тооцооны нягтлан бодогчоор ажиллах үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
- П.Мөнхтуулыг “Таван толгой” ХК-ны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлын албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
- Ж.Мягмардоржийг “Тавантолгой” ХК-ны Төлөвлөлтийн ахлах инженерээр ажиллахыг албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Цаг үе
ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслыг амжилттай хийжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилттай хийлээ.
Тухайлбал, 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.
Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.
Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Цаг үе
Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!
Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг.
Энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж Хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу өнөөдөр /2023.03.30/-ийн байдлаар нийт 177 ХК ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байна.
Нөгөөтэйгүүр компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харин холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсдэг болохыг хувьцаат компаниудад анхааруулж байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн компаниудын судалгаатай энд дарж танилцана уу.
Санхүүгийн зохицуулах хороо
-
Улстөр нийгэм2021/10/15
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Үзэл бодол2021/09/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
-
Цаг үе2020/03/11
Улсын хэмжээнд Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 1 394.7 мянга байна
-
Улстөр нийгэм2020/03/05
Засгийн газраас “Алсын Хараа-2050” баримт бичгийг Монголбанкинд гард...
Сэтгэгдэл