Цаг үе
Газар хөдлөлтийн голомтод хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байна

Турк болон Сирид даваа гарагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 7700 гаруй хүн амиа алдаж, олон арван мянган хүн гэмтэж бэртсэн гэж орон нутгийн албаны эх сурвалжаас мэдээлсэнийг CNN уламжиллаа.
Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байгаа аж.
Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд 17 онгоц, түүний дотор А400М тээврийн онгоцоор тасралтгүй тусламжийн нислэг үйлдэж байна. Газар хөдлөлтийн гамшгийн голомт болон бусад газруудад газар хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.
Цаг үе
ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслыг амжилттай хийжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилттай хийлээ.
Тухайлбал, 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.
Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.
Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Цаг үе
Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхаралд!
Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг.
Энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж Хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу өнөөдөр /2023.03.30/-ийн байдлаар нийт 177 ХК ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байна.
Нөгөөтэйгүүр компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харин холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хувьцаат компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсдэг болохыг хувьцаат компаниудад анхааруулж байна.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн компаниудын судалгаатай энд дарж танилцана уу.
Санхүүгийн зохицуулах хороо
-
Улстөр нийгэм2021/11/11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт
-
Улстөр нийгэм2022/06/27
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргад салбар хороод дүрмийн ...
-
Цаг үе2022/03/14
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Цаг үе2020/02/05
МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна
Сэтгэгдэл