Үзэл бодол
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Энэ талаар нийслэлийн Татварын газрын ахлах байцаагч Д.Очирсүрэнтэй ярилцлаа.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ?
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч гэж хэн бэ?
Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6.1 /Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна/-д заасны дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх үүрэгтэй.
Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хугацаа?
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөхгүй бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх вэ?
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:
И-баримт аппликейшн ашиглан төлбөр төлж болно. И-баримт аппликейшны төрийн үйлчилгээ цэсний нэхэмжлэх хэсэгт хандаж төлбөрөө интернэт банкны аппликейшн ашиглаж төлөх боломжтой. Төлсөн төлбөрийн баримтаа ибаримтад бүртгэлтэй имэйл хаягаар хүлээн авах ба хэвлэн авах боломжтой.
Түүнчлэн Татварын ерөнхий газрын цахим хуудас www.e-tax.mta.mn, https://itax.mta.mn/home болон Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар төлж болдог. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дагуу төлбөл зохих албан татвар, төлбөрийн мэдээллийг дараах хоёр байдлаар төлөх боломжтой.
- Монгол банк: Монгол банкаар төлж байгаа бол хэрэглэгчийн харилцах банкны төлбөрийн картын ард талд бичигдсэн CVV /Card Verification Value/ кодыг ашиглана. Ингэхдээ интернет банкны эрх нээлгэсэн байх шаардлагатай.
- QPay: QPay ашиглан төлж байгаа бол хэрэглэгч өөрийн харилцах банкны мобайл аппликейшнээр нэвтэрч, QR код уншуулан төлнө.
Төлбөр төлөх төхөөрөмж /Киоск/ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Энэ нь тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкны карт ашиглан төлөх боломжтой төхөөрөмж бөгөөд QR код бүхий төлбөрийн баримтыг хэвлэж гаргадаг тул татварын алба, татвар хураах цэгт очиж, тамга даруулан баталгаажуулах шаардлагагүй. Одоогийн байдлаар:
- Дүнжингарав худалдааны төв дэх “Нэг цэгийн үйлчилгээ”-д;
- Нийслэлийн төр захиргааны IV байрны 1 давхарт буюу Улаанбаатар хотын банкны шилэн барилгын 1 давхарт;
- Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төвд;
- Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт;
- Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг юунд зарцуулдаг вэ?
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь Нийслэлийн төсөв болон Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Энэ нь нийслэл хотын авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг. Татвар хураах ажиллагааны зардлыг бууруулах, татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор “Татварын удирдлагын нэгдсэн систем” /e-tax.mta.mn, itax.mta.mn/, Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн систем /www.smartcar.mn/-ээс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөр төлснийг гэрчлэх “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн цахим гэрчилгээ” Татварын ерөнхий газрын даргын 2019.05.08-ний өдрийн А/75 дугаар тушаалаар баталсан энэхүү цахим татварын гэрчилгээг www.itax.mta.mn сайтаас татвар төлөгч хаанаас ч хэвлэн авах боломжтой.
Танд баярлалаа.
Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож, боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.
Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. ОюуТолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.
Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ.
Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд,
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.
Үзэл бодол
Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй
Уржигдар шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ?
-Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас орж, ойрын тав хоногт агаарын температур шөнөдөө 1 хэм дулаан, өдөртөө 7-10 хэмийн дулаан байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй. Харин өнөө шөнөөс эхлэн баруун аймгийн нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа. Тиймээс иргэд, тээвэрчид шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
-Цас хэр хэмжээгээр орсон тохиолдолд аюултай үзэгдэлд тооцдог вэ?
-Цас 5-10 мм-ийн зузаантай орсон бол аюултай үзэгдэл, 10 мм-ээс дээш зузаантай байвал гамшигт үзэгдэлд ордог.
-Өнөөдрөөс хүйтэрч эхэлж байна. Ирэх өдрүүдэд дулаарах уу?
-Есдүгээр сарын 29-нөөс нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Үзэл бодол
Э.Бат-Оргил: Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа
Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:
-Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, тэр дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлсэн. Суудлын бүрээс сайжруулсан лидрен материал. Суудал бүрд агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа гэлээ.
Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:
-Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал нь хийж, эхний автобуснууд үйлчилгээнд явж байгаа. Дизель автобус 20 орчим ороод ирчихсэн, үлдсэн 80 нь маргааш ирнэ. Автобуснуудад цахим карт уншуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель автобуснуудыг холын чиглэлд, цахилгаан автобусаа хотын төвөөр гаргахаар төлөвлөж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэмэлт төхөөрөмж хийлгэсэн. Тухайлбал, хөргөлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад жил гаруй үргэлжилсэн түүх бий. Өдгөө бид 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд ажиллаж, хүлээгдэл багатай байхаар төлөвлөж байгаа. Өглөө, оройн ачаалалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өглөөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэрэг эхлүүлдэг системийг нэвтрүүлээд байна. Нисэх, Яармагт шинэ чиглэл, богино эргэлтийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Түүнчлэн алсын чиглэлийн буух цагийг хойшлуулсан гэв.
-
Улстөр нийгэм2022/09/06
Д.Амарбаясгалан: Удирдах албан тушаалтнууд иргэдийн санал гомдлыг шууд хүлээн ав...
-
Цаг үе2019/12/13
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
-
Шударга мэдээ2020/07/06
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авч э...
-
Цаг үе2020/08/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Сэтгэгдэл