Цаг үе
"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбогдох төрийн нууцын зэрэглэлээс гаргасан есөн гэрээ
Засгийн газрын 2022 оны 362 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хадгалагдаж буй нууцад хамаарах гэрээ, түүний хэрэгжилтийн мэдээллийг нууцаас гаргаж, ил тод болгох арга хэмжээ авах үүрэг өгсөн.
Үүний дагуу өнөөдрийн (2022-12-09) Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй дараах 9 төсөлтэй холбоотой гэрээг нууцын зэрэглэлээс гарган, ил тод болгох шийдвэр гаргалаа.
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт;
3. "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ;
4. "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ;
5. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;
6. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ;
7. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;
8. “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;
9. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ зэрэг болно гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Цаг үе2022/04/04
Шар өвс шатаавал шинэ өвс сайн ургадаг гэж үнэн үү?
-
Цаг үе2024/10/29
Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл энэ сарыг дуустал Драгоноос тээвэрлэлт гүйц...
-
Цаг үе2021/10/04
Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
-
Улстөр нийгэм2021/04/20
Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүр...
