Шударга мэдээ
Нийслэлийн прокурорын газраас нүүрстэй холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой дараах хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, Авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргахгүй байх давуу байдал бий болгосон, хахууль авсан;
- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б, Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан З, техникийн хяналтын үзлэгийн инженер А, техникийн хяналтын үзлэгийн техникч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулж давуу байдал бий болгосон;
Шударга мэдээ
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих чадавхыг бэхжүүлэх Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлт боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцох үеэрээ Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг ашиглан дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг үүрэг болголоо.

Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагддагийг шийдвэрлэхийн тулд эмийн чанар, хуурамч болон стандарт бус эм үйлдвэрлэл, нийлүүлэлтээр Хянан шалгах түр хороог санаачилж, үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудлыг УИХ -ын гишүүнээр ажиллаж байх үеэсээ хөндөж, анхаарч ирсний үр дүн өнөөдөр бодитоор гарч, лаборатори ашиглалтад орж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг зарим эм чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлчилгээ сул, манай лабораториуд хянаж чадахгүйгээс үйлчлүүлэгч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог нь нууц биш. Цаашид, Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ чанарын шаардлага хангаагүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилтыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.
Тус лабораторийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг бэлдэж сургахад өнөөдрөөс анхаарах ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллана гэв.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори бол Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ гэдгийг талууд онцолж байлаа.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа нь хүний амь насанд аюул учруулж байна. Хүчирхэг лаборатори зүгээр нэг барилга байгууламж биш. Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг. Энэхүү лаборатори нь тэр үр нөлөөг баталгаажууллаа. Та бүхэн зөвхөн лаборатори бариагүй. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө үнэт өвийг бүтээлээ” гэлээ.

Лаборатори ашиглалтад орсноор шинжилгээний хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломж бүрдлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэх чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнд хяналт тавина. Иргэд чанартай, аюулгүй, үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдана гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
Тус лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн байгуулж ашиглалтад оруулжээ.
Шударга мэдээ
Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ
Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна.
Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ.
2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 4,082 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгснөөр нийт эвдэрсэн газрын 78 орчим хувийг нөхөн сэргээжээ.
Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэн ажилласны үр дүнд эвдэрсэн газрын хэмжээ буурч, байгаль орчны доройтлыг сааруулахад бодит ахиц гарч байна. Ялангуяа нөхөн сэргээлтийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо энэхүү үр дүнд чухал хувь нэмэр оруулсан байна.
Шударга мэдээ
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.
Иймд иргэд:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
- Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
- Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Геодези, Усны Барилга Байгууламжийн газар
-
Шударга мэдээ2020/01/30
ЗАСГИЙН ГАЗАР: Цэцэрлэг болон ЕБС-ийн хичээлийг телевизээр заана
-
Цаг үе2025/09/24
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц төлөвлөгөө боловсруулахыг даалгалаа
-
Улстөр нийгэм2019/10/16
БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүллээ
-
Цаг үе2024/12/06
АНУ-ын Калифорнийн бүс нутагт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
