Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Мөн нийслэлийн ИТХ-ын 2022 оны 65 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хамтад нь өргөн барьсан юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр олон улсад болон манай оронд эдийн засгийн амаргүй цаг үе тохиож байна. Цар тахлын улмаас хөрш орнуудын барьж буй бодлого, Орос Украйны зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй тээвэр ложистикийн үнийн өсөлт зэрэг нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, ард иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж байгаа. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч бид нийслэлийн төсвийг өөдрөгөөр төсөөлж, нөөц хувилбарыг боловсрууллаа гэдгийг онцолсон юм.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэл Улаанбаатар хотын төсөв аж ахуйн нэгж, иргэдийн үйлчилгээ, түүний орлогоос бүрддэг онцлогтой. Гэвч цар тахлын нөхцөл байдал энэ салбарт сөргөөр нөлөөлж, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл үргэлжилсээр байна. Тиймээс 2023 онд нийслэл хот ажлын байрыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах шаардлагатай” гээд хуулийн хүрээнд төсвийн төслийг Нийслэлийн ИТХ хэлэлцэн батална гэсэн юм. Дээрх төслүүдтэй хамт Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана

Огноо:

,

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.

Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.

Иргэдтэй уулзах үеэр сайд Х.Булгантуяа “11-11 төв иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Нийгмийн даатгалын салбартай холбоотой гомдол саналд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрынхантайгаа ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт их ирж байна” гэлээ.

Энэ үеэр өндөр настан Ч.Жанцан тэтгэврийн зөрүүг арилгахад алдаатай бодлого явуулсан. Үүнд зарим иргэн гомдолтой үлдсэн. Ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр хүн тэтгэвэр авна. Тэтгэвэр тогтооход шударга зарчим барих ёстойг сайдад уламжилж байв.

“11-11” төвд өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой санал, гомдол 35 иржээ. Эдгээрт Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн энэ долоо хоногийн турш тус газар 11-11 төвд ажиллах юм. Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

Огноо:

,

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтын явцтай танилцаж, “Рио Тинто Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК зүгээс төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилт, тохижилтын хүрээнд нийт 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газрыг зүлэгжүүлэх юм. Мөн иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг хийнэ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болгохын тулд “Рио Тинто Монгол” ХХК-иас 2026 он хүртэл ногоон байгууламж, тохижилтыг арчилж, тордох юм. Мөн олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид ногоон паркийн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төслийн хамт олон хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Огноо:

,

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.

Ялангуяа Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 12 мянган айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж буй. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн ажлын хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 шоо метр багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг ажлыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь эрчим хүчний салбарт “ДЦС-III”-ын өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох