Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна.
2019 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
2019 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 6-нд нутгийн зүүн хагаст, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Цаг үе
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна
Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийг хийж байна.
Энэ авто замыг өнөөдөр асфальт бетоноор хучиж байна.
Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Авто замын ажлыг есдүгээр сард дуусахаар төлөвлөж байна. Гүүрийн ажлын гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", авто замын ажлыг "Тотал инж ХХК" хийж байна. Гүүрийн ажил өнөөдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй, харин замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам ашиглалтад орсноор Яармагийн түгжрэлийг 20 хүртэлх хувиар бууруулна” гэв.
Цаг үе
Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэв.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой.
Цаг үе
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй
Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх заранд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Тодруубал, Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тиймээс иргэд та бүхэн бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарна уу.
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.