Улстөр нийгэм
Холыг харсан хотын парламент
АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН АЛТАН ЗАРЧИМ 1990 оны цагаан морин жил Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөв хэмээн нэн шинэ цагийн түүхэнд тэмдэглэдэг. Гэвч жинхэнэ тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлт, хувьсгал 1992 онд л сая бүрэн дүүрэн хийгдсэн юм.
Өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалын үр дүн хоёр жилийн дараа л монголчуудын амьдралд бодитоор тусаж, хэрэгжсэн гэсэн үг. Тухайн жил Монголын ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан анхны ардчилсан Үндсэн хуулиа гаднын аль нэгэн улс гүрний заавар, зөвлөгөөгүйгээр өөрсдөө толгой мэдэн, бүрэн эрх, бүтэн сэтгэлээрээ эвлэлдэн байж баталсан билээ. Ардчилсан Үндсэн хуулиа баталснаар Монголын ард түмэн эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ гэдгээ зарлан тунхагласан. Ийнхүү “Хөх Монгол улаан Монгол болов. Хуучин хүү шинэ хүү болов” гэдэг шиг социалист Монгол ардчилсан Монгол болов. “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээсэн тунхагийг Үндсэн хуулийнхаа титэм болгон залав. Ардчилсан Үндсэн хуулийн тэргүүн бүлгийн хоёрдугаар зүйлийн хоёрт “Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана” гэсэн нэгэн заалт бий. Мөн гуравдугаар зүйлийн нэгд, “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан юм. Үндсэн хуулийн үг, үсэг, цэг, таслал бүр нь гүн гүнзгий, өргөн дэлгэр утга, агуулгатай. Дээрх хоёр заалтын үг бүрийг нарийвчлан ухаж, өгүүлбэр бүрийг нь чандлан ухаарч уншваас төрт ёс, төрийн байгуулал, түмэн олны эрх, үүргийн талаарх амин чухал тунхаг, зарчим гэдэг нь ойлгогдоно. Тухайлбал, төрийн эрх гагцхүү ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих үйл хэрэгт шууд оролцох бөгөөд уг эрхээ өөрсдийн сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан эдэлнэ. Монгол Улс зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Тиймээс тэрхүү засаг захиргааны нэгжүүдийг тухайн орон нутгийн иргэд өөрсдөө сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан удирдана гэдэг агуулга Үндсэн хуулиар баталгаажсан юм. Ингэж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ардчилсан нийгмийн тогтолцооны үндэс суурь болон хөгжих эхлэл тавигдсанаас хойш 30 жил өнгөрчээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал анх байгуулагдаад 30 жилийн нүүр үзэж байна гэсэн үг. Энэ бол төрийн эрхийг ард түмний мэдэлд жинхэнэ утгаар нь өгсний ой. Бас төлөөллийн ардчилал Монголд төлөвшиж, хөгжиж эхэлсний ой билээ.
Нөгөө өнцгөөс харах юм бол улс төрийн босоо удирдлагын тогтолцоог халж, хэвтээ удирдлагын тогтолцоог анх удаа авч хэрэглэсэн он цаг ийнхүү гурван аравны босго давлаа гэсэн үг. 30 жил гэдэг хүнээр бол бүхэл бүтэн хоёр үе илүү элээх урт хугацаа. Улс орны түүхэнд бол асар богино зурвас үе юм. Энэ богинохон зурвас үе, цаг хугацаанд Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийг урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн, өдөр тутмын амьдралын үй түмэн асуудлаас эхлээд өнө хойч, ирээдүй алсыг харсан бодлого, шийдвэрүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлэх үүргээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд амжилттай, нэр төртэй биелүүлжээ.
ШАВ ТАВЬЖ, ШАН ТАТСАН НИТХ
Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ үүх түүх, үйл ажиллагаагаараа бусдадаа үлгэр жишээ, загвар жишиг болно. НИТХ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар түүхийг бүтээж, ямар замналыг туулж өнөөдөрт хүрэв гэдэг асуулт Улаанбаатар хот 1992 онд ямаршуухан байр байдалтай байв, 2022 онд ямар өнгө төрхтэй болов гэдэгтэй агаар нэг юм. Хамгийн наад зах нь хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд л гэхэд 1992 онд Улаанбаатар хот 700 мянга гаруй хүн амтай байсан бол эдүгээ 1.6 сая оршин суугчтай болж дэлхийн саятан хотуудын эгнээнд хэдийнэ багтаад байна. Хүн ам хоёр дахин өснө гэдэг хотын эдийн засаг, нийгмийн хөгжил тэр хэрээр хурдасна гэсэн үг. Түүнчлэн төвлөрөл, суурьшил, түүнээс үүдэн гарах тулгамдсан асуудлууд хоёр дахин нэмэгдэнэ гэдэг нь ч ойлгомжтой. НИТХ 1992 онд анх эмхлэн байгуулагдсаныхаа дараа эн тэргүүнд нийслэлийн нутаг дэвсгэрийг тэлэх шаардлагатай гэж үзэн Төв аймгийн удирдлагуудтай яриа, хэлэлцээ хийж үр дүнд хүрснээр Улаанбаатар хотын өнөөгийн хил хязгаарыг шинэчлэн тогтоож чадсан байдаг. Энэ бол нийслэл хотынхоо ойрын ирээдүйг оновчтой, зөв олж харсан шийдвэр байсан гэдэгтэй маргах хүн өнөөдөр нэг ч үгүй биз. Ардчилсан нийгмийн суурь, шавыг тавьж, ханыг нь шийрлэж, унийг нь өлгөсөн анхны НИТХ 72 төлөөлөгчтэй байв. Тухайн үед нийслэл Улаанбаатар хот 12 дүүрэг, 119 хороотой байжээ. 1992 он бол зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн хамгийн хүнд хэцүү үе. Нийслэлийн иргэд талх, гурил, будаанаас эхлээд хүнсээ картаар авдаг байв. Ганц хүнсний хангамжийн асуудал ч бус нийслэлийн нийгэм, эдийн засгийн олон хурцадмал асуудлыг шийдэх, бодлогын баримт, бичгүүдийг гаргахаас эхлээд олон том сорилт анхны НИТХ-ын өмнө тулгарчээ. Шилжилтийн үе, шинэ тулгар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл. Ийм цаг үед их хотын ажил, амьдралыг тусгай горим, журам, хуваариар зохицуулж байсан гэдгийг НИТХ-ын анхны дарга Ж.Ядамсүрэн хэлсэн нь бий.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, нийслэл хот өөрийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар, туг, сүлд, тэмдэглэлт өдөртэй болсон нь хотын анхны парламентын том ажлын нэг. Өмч хувьчлалын ажлыг гараанаас нь хөдөлгөж, иргэд хувийн өмчтэй, орон сууцтай, эдийн засгийн эрх чөлөөтэй болсон нь 1992-1994 оны онцлох үйл явдал. Энэ бол анхны байнгын ажиллагаатай парламент УИХ, анхны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага НИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн он жилүүд байв. Анхны бүхэн алдаа, оноотойгоо түүх болон үлдэж. Алдсанаас оносон нь их, буруугаас зөв нь олон байсан нь он цагийн уртад тодорч буй. Энэ үг үе үеийн НИТХ-уудад ч хамаатай. Өнгөрсөн 30 жилд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа найман удаагийн хурлын байгууллагууд бүтэц, бүрэлдэхүүн болон үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, үр дүнгийн хувьд өөр өөрийн онцлогтой.
ХАГАС ЖАРНЫ БҮТЭН ТҮҮХ
Анхны НИТХ өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, иргэд орон нутагтаа эзэн байх Үндсэн хуулийн тунхаглалыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарсан бол 1996-2000 онд ажилласан НИТХ-ын үед Аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн тухай хууль батлагдаж, уг хуулийн дагуу орон нутгийн сонгуулийг зохион байгуулах болсон юм. Мөн нийслэлийн өмчийг тодорхой болгон бүртгэлжүүлж, нийслэл хотын эдийн засгийг сайжруулахад анхааран “Улаанбаатар” банк, “Улаанбаатар” санг байгуулах шийдвэрийг гаргажээ. 2004-2008 оны хооронд НИТХ-аас иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн хэсгийг нэгтгэсэн цогцолборуудыг байгуулах, хотын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг чухал шийдвэрүүд гаргаж байв. 2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн зургаа дахь НИТХ нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд дорвитой шийдвэрүүд гаргасан байдаг. Тухайлбал, авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих, авто машинууд дугаарын хязгаарлалтайгаар зорчих шийдвэрийг энэ үед гаргасан. Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, уулзваруудыг шинэчлэх зорилгоор “Гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн, нийтийн тээврийн үйлчилгээнд смарт картын системийг анх нэвтрүүлсэн зэрэг нь НИТХ-ын шийдвэрээр хэрэгжсэн ажлууд. Мөн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх шийдвэрийг НИТХ 2013 оны нэгдүгээр сард гаргаж, анхны 16 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж байжээ. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бүрдсэн НИТХ-ын үед нийслэл, дүүргүүдэд иргэний танхимууд байгуулагдсан нь онцлох ажлын нэг байв. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажил энэ үед эхэлж, өнгөрсөн жил эцэслэн батлагдсан юм. Ийнхүү нийслэл хотын хувьд Үндсэн хууль гэж болох гол хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдсан нь цаг үеийн шаардлага, нийгмийн захиалга байв. Уг хуулийг Нийслэлийн ИТХыг сонгох найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан отгон “парламент” буюу Ж.Батбаясгалан даргатай 45 төлөөлөгч гардан боловсруулж, хэлэлцүүлэн эх барьж авсан юм. Энэ бол эдүгээ бүрэн эрхээ хэрэгжүүлж буй НИТХ-ын хувьд нийслэл Улаанбаатар хотын дараагийн шинэ арваны түүхийг бичих өндөр хариуцлага, бас үүрэг гэж болно. Дээр дурдсан хуулиар төвлөрлийг сааруулах зохицуулалтыг хийж, орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлсэн төдийгүй нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдсэн. Мөн нийслэл хот болон есөн дүүрэг бие даан хөгжих хууль эрх зүйн орчин бий болоод буй юм. Энэ бүхний дүнд нийслэл Улаанбаатар хот өөрийн гэсэн хууль, эрх зүйн орчинтой, нутгийн өөрөө удирдах ёсыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх боломжтой, бие даасан эдийн засагтай, дагуул хот, суурингуудтай орчин үеийн метрополитан хот болон хөгжих сууриа тавив. Агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг хүндрэлтэй асуудлуудад зөв, ухаалаг бодлого, оновчтой шийдэл гаргах нь НИТХ-ын нэг үүрэг. Сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж, хэдэн арван тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрээгүй байсан агаарын бохирдлыг дөрвөн жилийн өмнөөс эхлэн 50 хувиар бууруулсан, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой алхам хийсэн зэрэг нь иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдралын чанарыг сайжруулах чиглэлд хийж буй ажлууд юм. Ардчилсан шинэ нийгмийн тогтолцоо бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсанаас хойших 30 жилийн босгон дээр НИТХ бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн баталж, нийслэл хотод эдийн засгийн шинэ сэргэлт хийх эх хөрсийг нь бэлтгэсэн гэж болно. Тухайлбал, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд онц чухал ач холбогдолтой бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүд буюу Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн дунд хугацааны төлөвлөлт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын томоохон баримт бичиг, суурь концепциудаа хэлэлцэн батлаад байна. Хагас жарны түүхээ бичсэн НИТХ тухайн цаг үетэйгээ нийцсэн, нийгмийн шаардлага, цаг үеийн өөрчлөлт, ажил амьдралын хэрэгцээ, ирээдүйн төлөвлөлттэй уялдсан олон чухал шийдвэр гаргаж иржээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага НИТХ “Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш” гэсэн гурван цагийн хэлхээнд үйл ажиллагаагаа явуулсаар дараагийн 30 жилийнхээ түүхийг бичиж эхэллээ. Хотын парламент хөгжлийг ойртуулахын тулд холыг харж байна.
Сэтгүүлч: Г.СОНИНБАЯРУлстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт 412 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 3000-аас дээш сурагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бол нэг ангид 46-аас дээш сурагчтай 77 сургууль бий. Хотхон, хорооллын тоо нэмэгдэж байгаа ч сургуулийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Тиймээс энэ асуудлыг түр зуурын арга хэмжээгээр бус, бага болон ахлах сургуулийн зохион байгуулалтыг шинэчлэх замаар системтэй шийдвэрлэнэ.
"Оюуны Ундраа" сургууль нь нийслэлийн ачаалал өндөртэй сургуулиудын нэг буюу өнөөдрийн байдлаар 4700 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх хичээлийн жилээс тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулж, дэргэдэх хүүхдийн тоо нь цөөрсөн цэцэрлэгийн байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглана. Харин одоогийн сургуулийн байрыг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулж, намраас сурагчдаа хүлээн авч эхэлнэ. “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажил тус сургуулиас эхэлж байна. Миний хувьд хүүхэд гэрээсээ хол, түгжрэл дунд сургуульдаа явах бус, боловсролын үйлчилгээ хүүхдийн гэрт ойр байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.
Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх энэхүү шинэчлэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогын нэг хэсэг юм. Сургууль, цэцэрлэгийг хүүхдийн амьдарч буй орчинд ойр байгуулснаар сурагчид хол зайд зорчих шаардлагагүй болж, өглөө, оройн оргил цагийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.





Улстөр нийгэм
Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр гаргасан бүтээл Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшжээ.
Тодруулбал, Монгол Улсын Төрийн шагналт, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг нэр дэвшүүлсэн байна.
Эрдэмтдийн судалгааны хүрээнд шугаман бус бодлогыг бодох Ньютон төрлийн шинэ итерацийн аргууд, мөн зарим хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийг бодох өндөр эрэмбийн төгсгөлөг ялгавар болон төгсгөлөг элементийн аргуудыг боловсруулжээ.
Эдгээр арга нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөл, математик загварчлал шаарддаг олон салбарт ашиглагдах боломжтойг тодорхой жишээн дээр туршиж, баталгаажуулсан гэж судлаачид үзэж байна.
Мөн уг судалгааны чиглэлээр гарсан бүтээлүүд олон улсын Springer Nature хэвлэлийн газарт хэвлэгдэж, Elsevier Scopus зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэгджээ. Түүнчлэн Монгол эрдэмтдийн бүтээлүүд олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын номын сангуудаар дамжин эрдэмтэн, судлаачдын хүртээл болж эхэлсэн байна.
Тооцон бодох математик нь бодит амьдралын нарийн төвөгтэй үзэгдэл, процессыг математик загварчлал, алгоритм, компьютерын тооцооллоор шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбар юм. Иймээс Монгол эрдэмтдийн боловсруулсан шинэ онол, аргууд нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагатай уялдаж буйгаараа онцлог юм.
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
|
Хуралдаан
10:00
|
Танхим
Их хуралдай
|
Хэлэлцэх асуудал
10
|
1. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай х уулийн төсөл / Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /
2. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
3. Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүн 2026.06.04 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
4. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17 - ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэ…
5. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 72 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут…Төслийн PDF
6. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
7. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
8. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуул ийн төсөл / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
9. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
10. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн /Төслийн PDF
-
Улстөр нийгэм2021/01/22
Сү.Батболдыг оффшортой холбон гадны хэвлэл, шүүхийн нэрийг барин гүтгэхээр дахи...
-
Цаг үе2022/01/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
-
Цаг үе2022/09/23
Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно
-
Улстөр нийгэм2021/04/20
УИХ-ын байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана
