Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудалд бодитой тайлбар өгөхийг дахин шаардаж, албан бичиг хүргүүллээ

Огноо:

,

Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар албан ёсны тайлбар, мэдээлэл хүсч МСНЭ–ээс Хуульзүй дотоод хэргийн сайдад хандан 2018 онд хоёр удаа албан бичиг явуулжээ. Үүний хариуг ч ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь МСНЭ-д ирүүлсэн байна. Гэвч ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа МСНЭ энэ асуудлаар хандаагүй мэт худал ташаа мэдээлэл цацсанд харамсч байна. Мөн тус яамныхан 7 саяар хоол идсэн асуудал МСНЭ-д болон сэтгүүлчдийг тагнаж чагнасан эсэх асуудалтай ямар хамааралтайг ойлгосонгүй. Холион бантан болсон цэгцгүй, ташаа мэдээлэлдээ Д.Жанчивдорж залруулга хийнэ хэмээн найдаж байна.

Бидэнд хэн нэгнийг буруутгах, эсвэл заавал сенсааци шуугиан үүсгэх гэсэн санаа зорилго байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэдэг асуудлыг МСНЭ ч юмуу, эсвэл хэн нэг сэтгүүлч гаргаж тавиагүй. Хуулийн байгууллагаас удаа дараа мэдэгдэл, мэдээлэл хийж байгаа учраас бид асуудлыг тодруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна. 2018.04.26-нд Нийслэлийн прокурор анх сэтгүүлчийг тагнаж чагнасан хэргийн тухай мэдээлэл хийсэн. Энэ дагуу бид Хуульзүй дотоод хэргийн сайд болон ТЕГ-т хандсан. 2019.10.30-нд УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга “Найман сэтгүүлчийг тагнаж чагнасан” гэж мэдэгдлээ. Ийм асуудалд сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах үүрэгтэй МСНЭ төрийн байгууллагаас, салбарын сайдаас албан ёсны тайлбар хүсэх нь зүйн хэрэг. Гэвч ХЗДХЯ-ны хариуцлагатай албан тушаалтан илтэд унтууцсан өнгө аястайгаар худал ташаа мэдээлэл түгээж, олон нийтэд болон сэтгүүлчдийн дунд эргэлзээ үүсгэж буй нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

УИХ-ын хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ–ын дарга С.Баатаржав нар болон Нийслэлийн ерөнхий прокуророос сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудалд бодитой тайлбар өгөхийг дахин шаардаж, албан бичиг хүргүүллээ.

ХЗДХЯ болон ТЕГ-аас сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудалд 2018 онд ирүүлсэн тайлбар албан бичгүүдийг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

“Алтан дэлхийн атаат дайсан”

Огноо:

,

Монгол Улс минь дэлгэр зундаа ганган ногооноороо, алтан намартаа шаргал гоёхоноороо, мөнгөн өвөлдөө цасан цагаанаараа, урин хавартаа уужим дэлгэрээрээ үүрд мөнхийн сэтгэлд дулаан, үр өгөөжтэй баян хангайд өсөж торниж буйдаа хүн бүр талархах хэрэгтэй.

Бидний оршин буй хүрээлэн орчин үргэлж сайхнаараа байхад бидний сэтгэл, шунал үргэлж хувьсан өөрчлөгдөж эх дэлхийгээ үгүй хийхэд хүртэл хүрч байна.

Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авж их бие, навч мөчир руугаа дамжуулна. Мөчрүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй байдаг.

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч байгаль эх дэлхийгээ үл хайрлан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 оны эхний 09 сарын байдлаар 154 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 43 буюу 38.4 хувиар өссөн нь үнэхээр харамсалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар тогтоолоор “Мод тарих үндэсний өдөр”-ийг зарласан. Энэ өдрүүдэд иргэд, албан байгууллага үүргээ ухамсарлан ирээдүйн хойч үе, байгаль эх дэлхийдээ тод тарьж байхад, зарим нь ургаж буй модыг шилж, сонгон хайр найргүй тасдах нь тэр.

Байгаль эх дэлхийгээ эрэмдэглэхдээ тэд ганц зулзаган модыг тайрч, тасдаад зогсохгүй газар эх ухаж, эд баялгийг хүртэл авдаг. Бид эх дэлхийгээ тарчлаан зовох биш, үргэлж арчлан хамгаалах ёстой хүмүүс.

Бид эх дэлхийгээ хайрлаж байж эрүүл орчинд амьдарна. Эрүүл орчинд ямар нэгэн өвчин эмгэггүй ажиллаж, амьдарч, сурч боловсорно. Эрүүл орчинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнээс ажлын бүтээмж гарч, улс эх орны хөгжил дэвшилд ч ахиц гарах юм.

Хөрст эх дэлхийгээ үргэлж хайрлан хамгаалж, үр хүүхэддээ ирээдүй болсон үрсдээ ямар их дэлхий хүлээж авсан яг тэр онгон дагшин байгалиа хүлээлгэж өгдөг хариуцлагатай болох нь бидний үүрэг гэдгийг хэлмээр байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

"Хоггүй цэвэрхэн Монгол" аян үргэлжилж байна

Огноо:

,

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Хоггүй, цэвэрхэн Монгол" аян болон "Хог хаягдлын тухай" хуулийг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд ангилан ялгалт хийх зориулалт бүхий хогийн сав, мэдээллийн самбар, сүүдрэвч хийж байршууллаа. 

Сайнцагаан сумаас Улаанбаатар хот руу зорчих улсын чанартай авто зам дагуу зочид угтах, үдэх хэсэгт сүүдрэвч, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав, мэдээллийн самбар, Шаргын хөшөөний хажууд хогийн сав, "Өндөр ээж" зоогийн газрын ойролцоо мэдээллийн самбар тус бүр нэгийг байршуулсан байна. "Хоггүй цэвэрхэн Монгол" аянд нэгдэхийг уриалж байна. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Нармандах: Би эмэгтэй хүнийг хамгийн сайхнаар нь харуулахыг хүсдэг

Огноо:

,

- Мэйк ап артист буюу нүүр будагч гэх энэ мэргэжилтэй ажил амьдралаа холбосон тэр үеийн тухай таны дурсамжаар яриагаа эхлүүлье. Яагаад энэ салбарыг сонгох болов?

- Уг нь би МУИС-ийг Газрын менежмент мэргэжлээр 2006 онд төгссөн юм. Оюутан байхдаа ангийнхаа охидыг их буддаг байсан. Тэгээд л ээж, эгч гээд эргэн тойрны хүмүүсийнхээ нүүрийг их будаж өгнө өө. Тухайн үедээ би хэвлэлийн компанид ажилладаг байсан юм. Тэгж явсаар “би ер нь яг юунд дуртай юм бэ, юу хийхээрээ би аз жаргалтай байж чаддаг юм бэ” гэж өөрөөсөө асуусан. Хариулт нь мэдээж бусдын нүүрийг будаж, гоё сайхан болох тэр мэдрэмжээсээ таашаал авах нь миний хамгийн дуртай зүйл байсан. Гэнэтийн тохиолдлоор тэр нэг өдөр “Magic Kiss” институтын менежер хүүхэн боршур хийлгэхээр манай ажил дээр ирж таарсан. Тухайн үед нүүр будалтын сургалт гэж байдаггүй байлаа. Би тэдний яриаг сонсох зуураа танайд нүүр будагчийн сургалт байдаг уу гэсэн чинь байдаг гэж байна шүү. Тэгээд л ажлаасаа гараад шууд нүүр будагчийн сургалтад явж эхэлсэн дээ.

- Шууд л ажлаасаа гарчихсан хэрэг үү? Эргэн тойрныхон чинь гайхаж хүлээж авсан байх?

- Тийм ээ, энэ сонголтыг хийснээр маш олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан. Хамгийн түрүүн нөхөр маань “Чи бүхэл бүтэн 4 жил МУИС-д сурч төгсчхөөд яагаад нүүр будагч болох гээд байгаа юм. “Make-Up” гэж ер нь юу юм. Хэн чамд мөнгө төлж нүүрээ будуулах юм бэ” гээд л маш их гайхаж хүлээж авсан. Зөвхөн манай нөхөр гэлтгүй тухайн үедээ хүнд мөнгө төлөөд нүүрээ будуулна гэвэл бүх л хүн гайхаж хүлээж авдаг байсан үе. Яг энэ эсэргүүцэл хоёр жилийн турш үргэлжилсэн. Гэхдээ би хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгтээ яагаад ч юм итгэж байлаа. Эхлээд ойр дотнын хүмүүстээ, дараа нь бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж бодсон. Аав минь намайг их дэмжсэн. Учир нь эмээ минь кино үйлдвэрийн жижиг хэрэглэлийн эрхлэгчээр насаараа ажиллаж байсан хүн. Тэр ч утгаараа аав минь “энэ нүүр будагч гэдэг чинь явсаар нүүр хувиргагч гээд урлаг руу орох юм байна” гээд их дуртай хүлээж авсан. Ээж бол ай мэдэхгүй, миний охин сайн бодоорой л гэдэг байсан даа. Тэгээд л эхэлсэн. Энэ хугацаанд ихэнхдээ л сайн дурын ажил хийдэг байлаа. Барагтаа бол бэлэн мөнгө авдаггүй, авсан ч тэр нь 5, 10 мянгаас хэтэрдэггүй. Будагтай цүнхээ үүрээд автобусны мөнгөгүй алхаад явсан үе цөөнгүй бий. Дуртай зүйлээ хийж байгаа хүнд мөнгөний хомсдол тийм ч сонин биш санагддаг юм билээ.

- Таныг албан байгууллагуудад очиж эмэгтэй ажилчдад хэрхэн зөв будах сургалт ордог байсныг санаж байна. Энэ үе таны ажлын эхлэл үе байх нээ?

- Тийм ээ, хүлээн зөвшөөрөгдөх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхсан тэр үе. Тухайн үед фэйсбүүк гэж байсан бол би одоогийнх шиг фэйсбүүкээр хичээл заах байсан биз. Олон арван байгууллагад очиж охид, бүсгүйчүүдэд хэрхэн нүүрээ зөв будах хичээл заадаг байлаа. Сургалтаа төгсчхөөд томоохон компаниуд руу шууд л яваад орсон. Их зоригтой байжээ гэж боддог юм. Хамгийн анх “Торго” компани руу ороод “Би танай шоуны нүүр будалтыг хийе, намайг компанидаа ажиллуулаач” гээд хэлсэн. Торго салоны Эрдэнээ гэдэг эгчтэй уулзахад “юу хийж чаддаг хүүхэд вэ, хийсэн юмнуудаа хэвлээд аваад ир” гэлээ. Хамаг байдгаа хэвлээд их л зузаан номын дайтай хавтас аваад очсон “эргээд хариу хэлнэ ээ” гэж хэлээд одоо болтол хариугаа өгөөгүй байдаг юм. /инээв/ Дараа нь “Шилмэл загвар” компанид очиж уулзахад Оюунчимэг захирал маань шууд л манай агентлагт нүүр будалтын хичээл ор гэсэн. Тэгэж хэлэхэд нь дотроо бол жаахан айдастай байсан ч гэсэн маш их баярлан хүлээн авч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд “Үдшийн шивнээ”, “Инфо” сэтгүүлүүдийн шинэ дугаар болгоны нүүр будалт дээр ажилладаг байлаа. Ингэж явсаар нүүр будагч гэх энэ мэргэжилдээ нэвт уусан шингэсэн дээ.

-Өнөөдрийн “Наруми”-ийг бүтээхийн тулд таны татсан хаалга бүхэн нээлттэй байгаагүй тухай та ярьлаа шүү дээ. Шантарч, ухрах тухай бодож байв уу?

- Хэзээ ч ухрах тухай бодож байгаагүй ээ. 2012 онд АНУ руу мэйк ап сургалтанд явья гэж бодоод визэнд орсон ч гараагүй юм. 2013 онд ахиад үзээд алдлаа. Бас л гарсангүй. “За ер нь намайг явуулахгүй, Монголдоо бай” гэж байгаа юм байна гэж бодсон, аливаа зүйл цаг хугацаа нь ирнэ гэж байдаг юм шигээ. Тэгээд явж чадахгүй болсон хүн чинь тухайн үедээ шууд л хувийн студиэ нэг найзынхаа тусламжтайгаар байгуулсан нь одоогийн “Наруми”. Гэсэн ч АНУ-д суралцах хүсэл маань хэвээр байсан учир Америкийн “University of make-up” онлайн сургалтад сурсан. Төлбөрөө төлөөд бүх хичээлүүдээ онлайнаар аваад, видео хичээлтэйгээ хослуулж үздэг байлаа. Тэрний дараа 2016 онд Нанара Березина гээд Дэлхийн 18 удаагийн алтан медальтай, Оросын алдартай нүүр будагч бий. Түүнийг Казахстаны Астана хотод мастер класс хийнэ гэдгийг мэдээд Баян-Өлгий аймаг руу нисээд цаашаа Астана руу өвлийн -39 хэмийн хүйтэнд старексд суугаад 2 өдөр яваад очиж байлаа. Зорьж очсон энэ сургалтаас би маш их зүйлийг сурсан. Сурсан мэдсэнээ ашиглаад дэлхийн аваргын тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртэж байсан. Ер нь зорилгынхоо төлөө зүтгэж байгаа хүний үйлдлийг зөвөөр үнэлээд, тэрэнд нь таарсан урмыг өгвөл залуу хүмүүс ихийг хийх, зорилгоо биелүүлэх эрч хүч, итгэлийг авдаг гэж боддог.

- Мэргэжлээрээ Америкт сурах мөрөөдлөө биелүүлж чадсан уу?

-Анх визэнд орсноос хойш 6 жилийн дараа дахин виз мэдүүлсэн нь амжилттай болсон шүү./инээв/ Хоёр ч удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн хүн чинь эртнээс сэтгэлээ бэлдээд л 2018 онд визэнд ороод, виз өгье гэх хариу сонсоод маш их баярлаж билээ.. Консул нь хэлэхдээ Монголоос энэ чиглэлд хүн сурахаар виз мэдүүлж байгаагүй учир чамайг дэмжмээр байна. Тэгээд ч чи өмнө нь 2 удаа визэнд энэ чиглэлээрээ орсон юм байна гэж хэлсэн. Зургаан жилийн дараа дахиад хүрээд ирсэн хүнийг үнэхээр л энэ чиглэлд сурахыг хүсч байгаа гэдгийг маань мэдэж, ойлгосон байх. Дэлхийн мэйк ап артистуудын мөрөөдөл болсон Cinema Makeup School-д тэнцэж, сурна гэж бодохоос л маш их баярлаж байлаа. Ингээд АНУ-д холливуудын алдарт, оскарын хэд хэдэн удаагийн шагналтай багш нар, нүүр хувиргагчдаас маш их зүйлийг сурч, тэдгээр алдартнуудын гараас сертификатаа гардаж авнаа гэж 7 жилийн өмнө зүүдэлж байсанаа бодит болгох мэдрэмж үнэхээр үгээр хэлэхийн аргагүй . Одоо ч багш нартайгаа болон сургуультайгаа дотно харилцаатай хамтран ажиллаж байгаадаа өөрийгөө тодорхой хэмжээнд сайн суралцсан төгсөгч байж дээ гэж бага зэрэг үнэлнээ. /инээв/ Энэ сургуулиасаа сурсан зүйлс “Нүүр будалт бол Урлаг” номонд маань багтсан байгаа.

- Чухам хэзээнээс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, олонд танигдаж эхлэв?

- Өөрийн үйлчлүүлэгчтэй болохын тулд цүнхээ үүрээд 2 жил тасралтгүй явсан. Бор зүрхээрээ будгаа үүрээд явж байсан тэр хугацаа надад маш их туршлагыг өгсөн. Амжилтанд хүрэхийн тулд зайлшгүй зарцуулах ёстой л цаг хугацаа байсан гэж боддог. Америкт л гэхэд мэйк ап артистууд сурсныхаа дараа 2 жил тухайн мэргэжлээрээ дадлага буюу сайн дурын ажил хийсэн байх ёстой байдаг юм билээ. Тэгж байж албан ёсоор ажиллах эрх нь нээгддэг. Үнэхээр л энэ мэргэжлээр ажиллая гэж бодож байгаа бол эхний хоёр жил ямар ч мөнгө бодохгүйгээр, ашиг харалгүйгээр ажиллаж, өөрийгөө чадавхжуулж, бусдад танигдах хэрэгтэй гэж боддог юм. Тууштай байсны үр дүнд амьдрал намайг шагнасан. Арав орчим жилийн хугацаанд давхардсан тоогоор 25000 гаруй хүнийг будаж, 2000 гаруй хүнд сургалт орсон. Одоо ингээд бодоход олны танил урлаг соёлын алдартнуудаас будаж үзээгүй хүн их ховор юм билээ.

-Дэлхийн аваргын тайзнаа эх орныхоо нэрийг гаргаж, томоохон амжилт үзүүлээд ирж байсныг тань санаж байна. Оролцож байсан тэмцээн уралдаануудаас дурдахгүй юу?

- Хамгийн анх 2011 онд Нийслэлийн үсчин гоо сайханчдын тэмцээнд боди-арт төрлөөр оролцоод түрүүлж байсан. Тэр цагаас хойш тэмцээн уралдаанд оролцох хүсэл төрөх болсон. Дараа нь БНСУ-д 2016 онд болсон Дэлхийн аваргын тэмцээнд хурим болон тайзны нүүр будалтын төрлөөр оролцоод хүрэлт медаль авсан. Монгол улсын нэрийг дэлхийн хэмжээнд гаргасан, үнэлүүлсэн гэдэг утгаараа дэлхийн аваргад амжилт гаргасан хүмүүсийг аж үйлдвэрийн яамнаас шагнасан. Тухайн үед “Мастер гоо засалч” гэх цолыг хүртэж байсан.

Түүнчлэн “Гоёл наадам”-д оролцож 2016, 2017, 2018 онуудад 3 жил дараалан “Шилдэг нүүр хувиргагч”шагналыг хүртсэн. Харин сүүлийн жилүүдэд дотоодын болон гаднын тэмцээнүүдэд олон улсын шүүгчээр оролцож байна. Шүүлт хийх нь тэмцээнд оролцохоос ч хэцүү байдаг. Учир нь надтай л адил хүсэл, сонирхолдоо хөтлөгдөөд энэ салбарт орж ирж байгаа хүмүүсийг үнэн, зөвөөр шүүж шалгаруулна гэдэг маш хэцүү. Алдаа гаргах эрхгүй хариуцлагатай ажил.

- Сургалт, тэмцээн уралдаан гээд байнга шахуу олон хоногоор гадаад руу явахдаа хувийн амьдрал болон ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

- Салбартаа амжилттай ажиллахтай зэрэгцэн хувийн амьдрал маань ч ид өрнөж байлаа. Энэ хугацаанд Орос, Монгол, Герман, Америк гэсэн улсуудад сургалтанд явж чадвараа дээшлүүлсэн.Багадаа 14 хоног, ихдээ 4-6 сараар явсан. Хүмүүс ажиллуулаад, цалин мөнгө олгож байгаа хүн чинь тэр бүхнээ ардаа үлдээгээд удаан явах боломжгүй. Бүх ажлаа нөхөртөө даатгаад л үлдээнэ. Намайг энэ мэргэжлийн сонгоход эсэргүүцэж байсан нөхөр минь сүүлдээ миний найдвартай ар тал, хамтрагч, дэмжигч, зохион байгуулагч болж хувирсан. Нөхөр маань нүүр будахаас л бусдыг хийдэг дээ. /инээв/ Эрэгтэй хүмүүс аливаа зүйлийг том зургаар харж, алсын хараатайгаар чиглүүлдэг юм билээ. Эмэгтэйчүүд бид чинь чимхлүүр ажлууддаа их анхаардаг шүү дээ. Гэр бүлийн хүн дэмжээд хамтарч эхэлснээр бизнес маань илүү хурдацтайгаар урагшилж эхэлсэн. Одоо эргээд бодоход бодож санаж явсан бүхнээ хэрэгжүүлж чадсан байна.

- Ер нь энэ мэргэжлээр сурч дуусна гэж байх уу?

- Ер нь хүн аливаа зүйлийг сурч дуусна гэж байхгүй. Өдрөөс өдөрт суралцаж, хөгжсөөр байдаг. Ялангуяа манай салбар цаг үеэ дагаад байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Жил жилийн трэнд гэдэг ч юм уу. Үндсэн сууриа сайн тавьсан ч гэсэн байнга л суралцахгүй бол хоцрогдоно. Миний ажлын үр дүн үгээр биш үйлдлээр илэрхийлэгддэг учир цаашид ч тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ гэж боддог.

-Нармандах гэж бүсгүй Наруми гэх брэнд үгийг бий болгож чадлаа шүү дээ. Энэ нэрний утгыг олон хүн асуудаг байх?

-Тийм ээ, өөрийнхөө бүтэн нэрийг утгачлаад Наруми гэж нэрлэсэн. Анхандаа хүмүүс энэ нэрний утгыг их асуудаг байлаа. Энэ миний нэрний товчлол гэж тайлбарладаг байлаа. Гэтэл “Гоо сайханд хүрэх, далай тэнгисийн чимээг илэрхийлэх” гэсэн гайхалтай утгатай болохыг өөрөө ч сүүлд олж мэдсэн. Өөрийнхөө нэрнээс бүтсэн Наруми гэх үг гоо сайхан, амар тайвныг илэрхийлж байсан нь намайг энэ мэргэжлийн хүн болох л учиртай байсныг илтгэжээ гэж их бэлэгшээдэг юм.

-Манай улсад нүүр будалтын мэргэжлийн ном хэвлэгдэн гарч байгаагүй. Гоо сайхны чиглэлд ном гаргах санаа чухам хэзээнээс урган гарав?

- Одоогоос 4 жилийн өмнө ном бичье гэж бодож эхэлсэн. Эхэндээ сургалтанд хамрагдаж байгаа сурагчдадаа зориулж гарын авлага гаргая гэж боддог байлаа. Материалуудаа эмхтгэж бэлдээд, орчуулахыг нь орчуулаад, бичихийг нь бичиж явсаар сүүлдээ бодол маань өөрчлөгдөж ном болгохоор шийдсэн. Гадны оронд нүүр будагчдад зориулсан маш гоё номнууд байдаг. Олон ч ном захиалж авчруулаад уншсан. Тэгээд л яагаад би энэ ном шиг бүгдийг цогцоор агуулсан бүсгүй хүн бүрийн ширээний ном болохуйц өргөн агууламжтай номыг Монголчууддаа зориулан бэлтгэн гаргаж болохгүй гэж бодсон. Төлөвлөгөөгөө гаргаад 2017 оны 6 сард номынхоо ажлыг эхлүүлсэн. Редактораар нь хэнийг сонгох вэ? зураг авалтыг хаана хийлгэх вэ, стиллистээр хэн ажиллах вэ? Моделиудаа хэрхэн сонгох вэ? гээд бүх зүйлийг нарийн төлөвлөж, багаа бүрдүүлж эхэлсэн. Би өөрөө бичгийн хүн биш учраас эхэндээ их хэцүү байсан. Санаагаа яаж зөв зүйтэй ойлгуулах вэ? гээд л... Харин одоо эргээд харахад ном маань дан ганц миний хүчин чармайлт бус 50 гаруй хүний хөдөлмөрөөр бүтэж, өнөөдөр уншигчдын гарт хүрэхэд бэлэн болоод байна.

-Номын агуулгын талаар та жаахан дэлгэрүүлэхгүй юу? Энэ номоор хүмүүст юуг харуулахыг, илэрхийлэхийг зорьж байгаа вэ?

Номоор дамжуулж охид, бүсгүйчүүдэд юу өгч чадах вэ гэж их бодсон. Энэ салбарт ажилласан 10 жилийн туршлага, мэдсэн сурсан бүхнээ хүмүүстэй хуваалцах зорилгоор номоо бүтээсэн. Би хүн бүхэнд тусгайлан хичээл зааж чадахгүй учир тэр бүхнийг номоороо дамжуулж охид, бүсгүйчүүддээ хүргэхийг хүссэн. Би эмэгтэй хүнийг хамгийн сайхнаар нь харуулахыг хүсдэг. Өөрийгөө гоё сайхнаар харж, инээмсэглэж буй эмэгтэйчүүдийг хараад би өөрөө маш их кайф авдаг. Эмэгтэй хүн бүр өөрийгөө гоё сайхнаар харахыг хүсдэг. Энэ хүслээ гүйцэлдүүлж өдөр бүр өөрийн гараар гоо сайхныг бий болгох тэр боломжийг л энэ номоороо дамжуулан эмэгтэйчүүддээ олгохыг зорьсон. Агуулгын хувьд өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй, ойлгомжтой байлгахыг чухалчилсан. Зөвхөн нүүрээ хэрхэн будах тухай бус, нүүрээ будахад суурь, арьс ямар чухал вэ? нүүр будалтын бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох гээд л бүх мэдээллийг цэгцтэйгээр бүсгүйчүүддээ хүргэхийг зорьсон.

-Тус ном бүх насныханд зориулагдсан гэж ойлгож болох уу?

- Мэдээж бүх насныханд зориулсан. Өсвөр насны охид болоод 30 болон түүнээс дээш насныхан гээд бүх л хүн өөрт тохирсон мэдээлэл зөвлөгөөг авах боломжийг бүрдүүлэн номоо бэлтгэсэн. Хамгийн сүүлийн бүлгээ мэргэжлийн артистуудад зориулсан. Энгийн будалтаас эхлээд тайзны болон зураг авалтын будалтын ялгаа гээд нийтдээ 23 төрлийн будалтыг 200 гаруй зургаар дүрсжүүлэн, ямар ч хүн дагаад хийхэд өөрийгөө өөрчилж чадахуйц тайлбартайгаар оруулж өгсөн.

- Сошиалд бүх төрлийн хичээлүүд нээлттэй байдаг болсон. Магадгүй уншигчид маань энэ ном сошиал дахь мэдээллээс юугаараа давуу вэ гэдгийг асуухыг хүсч байгаа байх?

- Тэгэлгүй яах вэ, бид хүссэн мэдээллээ, хүссэн цагтаа онлайнаар хүлээж авдаг болсон. Таны энэ асуултыг би өөрөөсөө асуусан. Бодитой, харах, үзэх зүйлтэй, хүссэн үедээ номоо дэлгээд өөрийгөө будаж болох тийм л номыг бүтээхийг зорьсон. Хүн болгоны царай төрх өөр өөр байдаг. Хэн нэгэн нүүрээ будахыг даган дуурайгаад будаж болох ч тэр будалт таны нүүрний хэлбэр, төрхөд хэрхэн зохих вэ гэдэг нь маш чухал асуудал. Номондоо Монголчуудын нийтлэг 8 төрхийг гаргаж, нүүрний хэлбэр, онцлог тус бүрт тохирох будалтыг детальчлан зааж өгсөн. Охид, эмэгтэйчүүд номоо үзээд өөрийн нүүрний хэлбэрт тохирох хэлбэрээс сонгон, будалтаа хийх боломжтой гэсэн үг юм. Бүсгүй хүн бүрийн эрж хайдаг, асуулт хариултыг ойлгомжтой байдлаар номондоо тусгаж, нэмэлт зөвлөмжүүдийг оруулсан байгаа. Үүгээрээ л энэ ном сошиал хичээлүүдээс ялгарна. Мэдээж бодит туршлагууд, олон улсын стандартууд, холливуудын сургалтын техник гээд олон зүйлийг илэрхийлэхийг зорьсон учир 5 бүлэгт хувааж, бүлэг тус бүрт олон сэдвүүдийг багтаасан гэдгээрээ онцлог.

-Номын албан ёсны нээлтийг хэзээ хийхээр төлөвлөж байна?

- Монголд анх удаа хэвлэгдэн гарч байгаа гоо сайхны ном гэдэг утгаараа номын дэлгүүрүүдэд тараагаад өнгөрөх бус олон үйл ажиллагааг багтаасан “Narumi Beauty Show”-г энэ сарын 23-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд ирсэн эмэгтэйчүүддээ зориулаад салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай бүсгүйчүүд өөрсдийн лекцийг тавина. Аль болох цагийг үр дүнтэй, хүртээмжтэй болгох үүднээс номынхоо нээлтийг ч утга учиртай болгохыг зорьж байна. Номын нээлтэд хүрэлцэн ирсэн охид, эмэгтэйчүүддээ олон гэнэтийн бэлэг барихаар бэлдэж байна. Дэлгэрэнгүй яривал гэнэтийн бэлэг маань задарчих гээд байна /инээв/

- “Наруми” цаашдын хэтийн зорилгоо хэрхэн харж байна.

- Мэдээж өөрөөс гарах бүхий л зүйлийг энэ салбартаа зориулна гэж боддог. Олон жил мөрөөдөж АНУ-д очиж суралцсаныхаа үр дүнг гаргаж нүүр хувиргалтын чиглэлд кино урлагийн салбарт түлхүү ажиллахаар зорьж байна. Монголынхоо кино урлагийн салбарыг өндөр түвшинд хөгжихөд нүүр хувиргалтын чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулж, мэдлэг ,туршлагаа зориулъя гэж бодож байгаа.

Нүүр будалт гунигтай өдрийг ч жаргалтай болгодог. Нүүрээ будаад гарсан эмэгтэй хүн тэр өдөржингөө инээмсэглэл тодруулж явдаг. Өөрт тохирсон гоёмсог будалт хийгээд, сайхан хувцаслаад явж байгаа эмэгтэйн ажил, амьдралд тэр хэмжээний өөрчлөлт, ахиц дэвшлүүд бий болдог . Эмэгтэй хүн бүрийг гоё сайхан байгаасай гэж би боддог. Тэр ч утгаараа энэ салбарт ажиллаж, амьдарч ирсний хүрээнд эмэгтэйчүүддээ бодитоор өгч чадах зүйл минь миний ном болон та бүхэнд хүрч байна. Цаашид ч “Наруми” шинэ, шинэлэг бүхнийг та бүхэндээ хүргэсээр байх болно.

- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд нь амжилт хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох