Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Төрийн банкны хувьцааг хамгийн найдвартай гэж хэлж чадна

Огноо:

,

“Ulzii& Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр


– 2022 он бол хөрөнгийн зах зээлийн хувьд бас нэгэн содон үйл явдалтай жил болж байна. УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, арилжааны банкуудыг хувьцаат компани болгох шаардлага тавьсан. Энэ ер нь зөв алхам уу. Мэргэжлийн хүний хувьд Та юу гэх бол?

– Банкны тухай хуульд УИХ нэмэлт, өөрчлөлт оруулж ялангуяа системийн таван банкийг эхний ээлжид олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилж гэсэн шаардлага тавьсан. Энэ бол маш зөв алхам. Би зөвхөн өөрөө хөрөнгийн зах зээлд ажилладаг хүний хувьд ч юм уу, эсвэл хөрөнгийн зах зээл рүү шинэ бүтээгдэхүүн орж ирлээ гэдэг өнцгөөс асуудалд хандаагүй гэдгээ тодотгоё. Маш олон талын ач холбогдолтой учраас л энэ алхмыг дэмжиж байна. Учир нь, банкууд олон нийтэд нээлттэй, олон хувьцаа эзэмшигчтэй болж, хяналтад орох нь маш их давуу талтай.

Олон нийтээс хөрөнгө мөнгө татаад санхүүгийн зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой. Яагаад гэвэл, тэнд маш олон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өөр дээрээ татан төвлөрүүлээд цаашаа зээл болгон гаргаж байгаа. Санхүүгийн зуучлалын ийм үйл ажиллагаа явуулж байгаа учраас мэргэжлийн ёс зүйн хүрээнд, зориулалтын дагуу тэр хөрөнгө шударга зарцуулагдах ёстой. Гэтэл зөвхөн банкны эзэд, эсвэл эзэдтэй холбоотой этгээд рүү л зээл гаргах, эсхүл бусдын мэдээллийг эзэмшиж байгаа давуу талаа ашиглах зэрэг үйдлүүд гарах магадлалтай.  Иймээс хяналтад оруулах нь зүйн хэрэг. Ийм хяналтгүйгээр банк зөвхөн нэг эзний гарт, эсвэл нэг хэсэг хүнд бүх эрх мэдэл нь төвлөрөхөөр эцэстээ улс төр, бизнес дамнасан бүлэглэлийг бий болгож байна. Энэ нь цаашлаад өмч хувьчлалыг өөрсдөдөө ашигтай хийх, эд баялгийн хуваарилалт шударга бус явагдах, эрх тэгш бус байдал гаарах үндэс болдог. Тиймээс нэгэнт л олон нийтээс мөнгө татаж санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа нь  олон нийтэд нээлттэй байх ёстой юм.

Хоёрдугаарт, баялгийн хуваарилалт. Бид хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг сайн ойлголгүй,  зөвхөн банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой явж иржээ. Тэгвэл өнөөдөр зарим арилжааны банкны өөрийн хөрөнгө нь мянга дахин нэмэгдсэн байна. Тэр баялгийг тэнд ажиллаж байгаа ажилтнууд, тэнд хадгаламжаа байршуулсан харилцагчид, тэр банкнаас зээл аваад хүүтэй нь хариуцлагатай төлж байгаа аж ахуйн нэгжүүд гээд энэ харилцаанд орж байгаа бүх талууд бий болгож байгаа баялаг. Бий болгосон баялгийг олон нийтэд хуваарилдаг нь хөрөнгийн зах зээлийн ач холбогдол. Сүүлийн үед Монголын компаниудын хандлага ийм болж байна.

– Тодруулахгүй юу?

– Ганц жишээ татъя л даа. Өнөөдөр яагаад “Түмэн шувуут”-ын өндөгний борлуулалт ингэж их өсөөд байна вэ? Яагаад гэвэл “Түмэн шувуут” хувьцаат компани юм. Би тэр компанийн хувьцааг эзэмшиж байгаа учраас тэдний л өндгийг авч хэрэглэдэг. Эзний сэтгэлээр хандаж байна гэсэн үг. “Түмэн шувуут”-д орлого оруулснаараа эргээд би тэндээс ногдол ашиг авч байна. Тэр компанийн хувьцаа өснө гэдэг миний хөрөнгө нэмэгдэж байна гэсэн үг. Баялгийг бий болгодог, баялгийн тэгш хуваарилалт хийдэг талбар нь хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл, дундаж давхрагын амьдралын чанарыг дээшлүүлдэг.

– Банкны тухай хуулиар арилжааны банкууд олон нийтэд нээлттэй болох ёстой. Гэхдээ танай компани яагаад Төрийн банктай хамтран ажиллах болов. Иргэд яагаад Төрийн банкийг сонгож, хувьцааг нь авах ёстой вэ?

– Яагаад Төрийн банкны хувьцааг авах ёстой вэ гэдэг талаар би энд маш олон шалтгааныг нэрлэж болно л доо. Гэхдээ маш товчхон гурван шалтгааныг хэлье. Хөрөнгийн зах зээл дээр хамгийн найдвартай үнэт цаас юу байдаг гэхээр Засгийн газрын үнэт цаас. Яагаад гэвэл төр оршин тогтнож байгаа цагт тэр үнэт цаасны эргэн төлөлт хийгдэнэ.. Хувьцаан дээр ч ялгаагүй өнөөдөр Төрийн банкийг төр эзэмшиж байгаа. Монгол тусгаар тогтносон улс л юм бол, төр оршиж л байгаа бол энэ банк үйл ажиллагаагаа явуулж л байна. Төрийн банк бол баталгаатай, найдвартай. Хоёрдугаарт, Төрийн банкны өөрийнх нь үйл ажиллагаа. Бид системийн таван банкуудыг харж байгаа. Мэдээж Төрийн банк бол цаг хугацааны хувьд нэлээд хожуу байгуулагдсан. Тэгсэн атлаа санхүүгийн үзүүлэлтийг нь харахад жилээс жилд тогтмол өсөлт үзүүлж байгаа банк. Цэвэр ашгийг нь харахад жилийн 7.2 хувьтай байна. Ковидтой, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Төрийн банкны үйл ажиллагаа сайжирсаар, ашиг нь нэмэгдсээр байгаа юм. Ганц тоо хэлэхэд, 2022 оны эхний хагас жилийн тайлангаа банкууд гаргалаа. Төрийн банкны цэвэр ашиг эхний хагас жилд 69.8 тэрбум төгрөг байгаа юм. Энэ тоог маш сайн анхаарах ёстой. Учир нь, Төрийн банкийг олон нийтэд санал болгохын тулд бид үнэлгээ хийх ёстой. Төрийн банкны бизнес төлөвлөгөө, бидний үнэлгээгээр 2022 оны жилийн эцсээр 32 тэрбумын цэвэр ашигтай гарах нь гэсэн төсөөлөл байсан. Гэтэл энэ оны эхний хагас жилд  70 орчим тэрбумын цэвэр ашигтай ажиллачихсан байна. Тэгэхээр эндээс л Төрийн банк ямар үсрэнгүй өсөлт үзүүлж байгааг харчихаж болж байгаа юм. Гуравт үнэлгээ. Өнөөдөр Төрийн банкны нэгж хувьцааг 590₮-өөр олон нийтэд санал болгож байгаа. Энэ нь маш бодит үнэлгээ болсон.

– Уучлаарай, гэхдээ системийн зарим банк 2022 оны эхний хагаст 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байсан шүү дээ.

– Тийм ээ, үнэн. Гэхдээ зарим зааг ялгааг ойлгох хэрэгтэй юм. Зөвхөн ашгийн хэмжээ гэсэн ганц тоог харж болохгүй. Таны хэлдэгээр зарим банк 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байхад Төрийн банк 70 тэрбум байна. Гэвч тооноос гадна чанар чухал. Хөрөнгө оруулагч үнэ, тоо харахаас гадна өгөөж харж хөрөнгө оруулах ёстой юм. Хэдий 130, 140 тэрбумын ашигтай байлаа гээд өгөөж нь 7, 8 хувь байж болно ш дээ. Харин Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 15.6 хувь буюу системийн таван банк дотроо нэгт явж байгаа үзүүлэлт юм.

– Та яриандаа Төрийн банк төрийнх учраас баталгаатай гэлээ. Гэтэл үнэндээ сонгуулиас сонгуулийн хооронд Монголд олон юм дагаж савладаг. Тэр тусмаа төрийн оролцоотой бүхэнд улс төрийн нөлөөлөл гарч ирдэг шүү дээ. Өөр нам гарч ирээд л энэ бүх бодлого буруу явжээ гээд өөрчлөх эрсдэл байгаа юм биш биз дээ?

– Үнэхээр зөв асуулт. Ний нуугүй хэлэхэд, би Төрийн банкны андеррайтер болохоос өмнө таны сая хэлдэг эрсдэлээс айж л байсан. Төр хамгийн муу менежер гээд л Хөгжлийн банктай хольж хутгах хүнтэй ч таарч байсан. Гэтэл Төрийн банк бол ашгийн төлөө байгууллага. Бусад арилжааны банктай яг адилхан Монголбанкны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсны нэг нь Монголбанкны хяналт зохицуулалт илүү чангарсан. Банкны засаглалтай холбоотойгоор маш хатуу шаардлагууд тавигдаж байгаа. Мөн банкны харьцаа үзүүлэлтийг чангатгасан. Тэгэхээр Төрийн банкинд жирийн нэг улс төрийн томилгооны хүн очоод үйл ажиллагааг нь явуулах боломжгүй болсон. Яг мэргэжлийн хүн мэргэжлийн түвшинд зохицуулалт хийх орчинтой болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Төрийн банк эхний ээлжид 5 хувиа олон нийтэд нээлттэй болгоно. Шат дараалалтай 20 хүртэл хувиа олон нийтэд нээлттэй болгох юм. Олон нийтэд ингэж нээлттэй болно гэхээр олон арван мянган хувьцаа эзэмшигчидтэй болно. Зөвхөн төр шийдвэр гаргахгүй, хамтаараа шийдвэр гаргана. Банкны үйл ажиллагаанд, хувьцаа эзэмшигчид ч хатуу хяналт тавина. Төрийн банк олон нийтийнх болсноор тэнд компанийн засаглалын кодекс үйлчилнэ. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль үйлчилнэ. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, Монголын хөрөнгийн биржийн зохицуулалтад ч давхар орно. Тал талд олон байгууллагын хяналтаас гадна иргэдийн хяналт ороод ирэхээр улс төр орох ямар ч орон зай үлдэхгүй.

– Төрийн банк шууд 20 хувиа олон нийтэд санал болгохгүй, яагаад эхний ээлжид 5 хувь гэж байгаа юм бэ?

Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас л хамаарсан. Өнгөрсөн онд эдийн засагт өсөлт гарах нь байтугай хасахтай гарлаа шүү дээ. Гэтэл эдийн засаг ийм байх үед Төрийн банк холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлж олон нийтэд нээлттэй болох гэж байгаа. Эдийн засаг тааруу үед компаниудын үнэлгээ ч дагаад бага гардаг. Тиймээс яг ийм нөхцөлд IPO хийж байгаа учраас эхний ээлжид 5 хувь гэсэн юм. Дараа нь шат дараатай 15 хувь гарч, 20 хүртэл хувиа олон нийтэд санал болгоно. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал сайжирч, эдийн засаг сэргэх үед үлдсэн 15 хувийг санал болгоно гэж бодож байгаа.

– Төрийн банк хувьцаа гаргалаа ч хувьцааг нь авч дийлэхгүй байх, бидэнд олдохгүй байх гэсэн бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрт нээлттэй биз дээ?

– Мэдээж нээлттэй. Нэгж хувьцааны үнэ ч эдийн засаг тааруу байгаа ийм нөхцөлд гаргаж байгаа гэдэг утгаараа маш бодитой тогтсон. Бид хувьцааныхаа 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 30 хувийг нь жижиглэнгээр буюу хөрөнгийн биржээр дамжуулж нээлттэй арилжаална.

– Энэ нь ямар учиртай юм бэ. Стратегийн гэж тодотгоод хувьцаа авах гэсэн хүмүүсийн боломжийг хаах юм уу?

– Тэгж ойлгож болохгүй ээ. Энэ нь хаалттай гэсэн үг огт биш юм. Бүгд л хөрөнгө оруулагчдыг стратегийн болон жижиглэн гэж хуваадаг. Компанийнхаа үнэ цэнийг хамгаалах үүднээс хийж байгаа алхам юм. Жишээ нь, гадаадад IPO хийлээ гэхэд хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд ч гэдэг юм уу мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай харилцдаг. Харин манай зах зээл бол жижигхэн, жижиглэнгийн тоглогч давамгайлдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөрөнгө оруулалт гэхээс илүү богино хугацааны тоглолт хийх гээд байдаг. Тэгээд бусдынхаа хөрөнгийг, хувьцааны үнэ цэнийг унагаад байдаг юм. Тиймээс андеррайтер компаниуд энэ компанийн үнэ цэнийг хадгалах, нийт хөрөнгө оруулагчдаа хамгаалах зорилгоор стратегийн болон жижиглэнгийн хөрөнгө оруулагч гэж хуваадаг юм.

Эцэст нь нэмж хэлэхэд Төрийн банкны нээлттэй арилжаа Монголын Хөрөнгийн биржид цан цохисноор маргааш эхлэх гэж байна. Энэ бол иргэдийн банкандаа эзэн суух боломж нээгдэж байгаа нэг хэлбэр. Арилжаа эхлэхээр манай компани болон Гүүдсек, бусад брокерын компани, Төрийн банкны Гялсбанкаар хувьцаагаа аваарай гэж хэлэх байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан хашаа, хайсыг буулгалаа

Огноо:

,

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа.

Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн,  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг байна. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр байдаг. Мөн НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалганы агууламж хамгийн өндөр гарсан.  Энэ орчимд авто машин, сэлбэгийн худалдаа байхад тохиромжгүй.  Мөн мэдэгдэх хуудас авсан ААН, иргэд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Гепатитын Д вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох "Булевиртид" эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дээрх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай

Монгол Улсын Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа Гепатитын вирусний халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн Гепатитын Д вирусний халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан.

Монгол Улс гепатитын вирусний халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Гепатитын вирусний А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг.

Гепатитын Д вирусний халдвар ихэвчлэн гепатитын Б вирусний халдвартай хавсардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад гепатитын Д вирусний халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай байна. 

Гепатитын Д вирусний халдварыг эмчлэхэд "Булевиртид" эм үр дүнтэй хэмээн гэж үзэж байна. "Булевиртид" нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй.

Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас "Булевиртид" эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын Б, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс "Булевиртид" эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын Б, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын Б, Д вирусний эмчилгээнд хэрэглэх "Булевиртид" эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээ шаардлагатай иргэд эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

"Булевиртид" эмийг анх ОХУ нээсэн бөгөөд эмийн патентаа АНУ-ын "Gilead Science" компанид зарснаар "Gilead Science" компани нь тус эмийн ганц патент эзэмшигч нь болсон. Оюуны өмчийг хамгаалах эрхзүйн зохицуулалтын хүрээнд ОХУ зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн ба гадаад улс орнуудад экспортлох боломжгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.1.1.5-д заасан “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний 2023-2024 оны санхүүжилтээс 12.8 тэрбум төгрөгийг тус эмийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөөд байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2-д “хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасны дагуу гепатитын Б ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсон хэмээн Засгийн газраас үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ

Огноо:

,

Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байна. Аливаа асуудлаас тойрч зугтах биш, нүүр тулж шийдэх хэрэгтэй. Бид “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ улам хялбар, шуурхай болно. Мөн жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартад өөрчлөлт оруулж, хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээг 51-ээс 41 ам метр болгон өөрчлөх хүсэлтийг төрийн дээд шатны холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Бүхий л салбарт ажиллах хүч, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байна. Төлөвлөгдсөн даацаасаа хэд дахин олон хүн амтай болсон Улаанбаатар хотод цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтоос эхлээд олон асуудал ундарч байна. Тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнууд ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд орчны 50 метр талбайн цас мөс, хог шороо, гадна фасадын угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг хийх хэрэгтэй. Мөн стандартаа мөрдөж, хаягжилт, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу шат, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, авто зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэх учиртай” хэмээн онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Өдгөө цахим бүртгэлийн хуудастай 11,888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган иргэн ажиллаж байна. Цаашид цахим зөвшөөрлийн системийг илүү сайжруулж, ойлгомжтой, шуурхай болгох юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох