Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

Огноо:

,

Түүхэн замналт 380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байгаа билээ. Өчигдөр үдэш Соёлын төв өргөөнд болсон Хүндэтгэлийн концертод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн эрхэм түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертод Үндэсний урлагийн их театр, УДБЭТ, ЦДБЭЧ, нийслэлийн Улаанбаатар чуулга тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгууллагууд, найман оркестр, Монголын хүүхдийн ордон, Монгол Улсын консерваторийн найрал дуу, бүжигчид, ОХУ-ын Буриадын Ардын жүжигчид зэрэг нийт 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Бид энэхүү тэгш ойгоо нийслэлчүүдтэйгээ хамт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудаар өрнүүн угтаж байгаагийн дотор олон жилийн турш яригдаж байсан Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг энэ өдрүүдэд нээхээр шамдаж байна. Мөн Богд хааны ордон музейн дэргэд түүхэн ховор үзмэр, нэрт хүмүүсийн хөшөө дурсгал бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Түрээсний орон сууц, Орлогод нийцсэн орон сууц, Морингийн даваан дахь шинэ суурьшлын бүсийн 10 мянган айлын орон сууц гээд олон талт хэлбэрийг нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэл хот болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд 55000 айлын орон сууцыг барих ажлын эхлэл болгож УИХ-аар 2020 онд хэрэгжүүлэх 10000 айлын “Орлогод нийцсэн сууц” төслийн санхүүжилтийг батлуулсан гэх зэргээр 380 жилийн ойгоо бид олон бэлэгтэй угтаж байгаадаа баяртай байна” хэмээгээд нийслэлчүүддээ ойн баярын мэнд дэвшүүллээ.

Баярын хүндэтгэлийн концертын эхэнд нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд “Хангарди” одон, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, нийслэлийн Засаг даргын Жуух бичиг гардуулсан юм.

Шагнал хүртсэн хүмүүсийн нэг нь нийслэлийнхээ ард иргэдийг цэвэр цэмцгэр, тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө 40 гаруй жил хөдөлмөрлөж яваа Нийслэлийн тохижилт, нийтийн аж ахуй хэлтэст талбайн үйлчлэгч Б.Сэр-Од гуай байлаа. Тэрбээр “Би 1975 онд буюу 16 настайгаасаа л эхлэн тохижилт, нийтийн аж ахуй хэлтэст байна. Миний ажиллаж үзээгүй нийслэлийн дүүрэг, хороо гэж ер нь байхгүй дээ. Гэхдээ би өнөөдөр энэхүү хүндтэй “Хангарди” одонгоор шагнуулна гэж зүүдлээ ч үгүй явлаа” хэмээн нүдэндээ нулистай баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэхээр хүрэлцсэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ өдрүүд бол Нийслэлчүүдийн хувьд төдийгүй, нийт Монголчуудын хувьд их баярын өдөр юм. Нийслэл хот маань хөгжлийн шинэ үеэ эхлүүлж, хотын түүхэн шинэчлэлийг мөн түүчээлэн явна. Олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан өрнүүлж буй хотын удирдлага, нийслэлчүүд та бүхэндээ талархаж байна. Сүүлийн 20-иод жил Улаанбаатарчууд бид утааны асуудлыг ярьсан. Харин энэ жил та бид утаа хэмээх дайсантайгаа хамтдаа эрслэн тэмцэж байгаагийн үр дүнд хорт утаа харьцангуй багассан байна. Ирэх жил бид мөн олон ажлыг эхлүүлж хийх болно. Нэн тэргүүнд нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч, залуу хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ өв соёл, үүх түүх, уламжлалаа таниулж, өвлүүлэх чиглэлээр олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.

Хүндэтгэлийн концертод УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг ахлах зөвлөх Ж.Сүхбаатар уншиж, хүндэт зочид төлөөлөгчид болон нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

"Өмнийн говийн хийморь" сонсдог ном хэвлэгдэн гарлаа

Огноо:

,

Өмнөговь аймаг түүх домог, өв соёл, алдартан цуутнууд, хүчит бөхчүүд, онч мэргэд, домогт хурдан хүлгүүдээрээ цуутай.Аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар ӨМНИЙН ГОВИЙН ХИЙМОРЬ" сонсдог номыг бүтээж, домогт хүлгүүд, цэц мэргэн харваачид, хүчит бөхчүүдийнхээ ховор амжилт, түүхэн гавьяаг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх боломжийг бүрдүүллээ.
 
Дархан мэргэдээс даамай хурдан хүлгүүд хүртэл, даншиг наадмын түрүүнээс домогт хүчит бөхчүүдийг багтааж ӨМНИЙН ГОВИЙН ХИЙМОРИЙГ сонсогч та бүхний мэлмий сонорч өргөн барьж байна. Өмнөговь аймгаас төрөн гарсан домогт хүмүүс, үндэсний өв соёл болох монголын үндэсний бөх, хурдан морьд, дархан мэргэдийн тухай хууч яриа, түүх домгийг хүүрнэн өгүүлэхээрээ ӨМНИЙН ГОВИЙН ХИЙМОРЬ сонсдог ном чухал ач холбогдолтой юм.
 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам зохион байгуулагдана

Огноо:

,

Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэд хэдэн бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь төрийн цэргийн болон урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжмийн “Алтан бүрээ” урлагийн наадам бөгөөд үндэсний соёл урлаг, Зэвсэгт хүчин, цэргийн хөгжмийн урлагийг олон нийтэд сурталчлан таниулахад оршжээ. Цэргийн хөгжмийн наадмыг дэлхий орнууд зэвсгээр бус зэмсгээр эх орон, цэрэг дайчдаа сурталчилдаг эв найрамдлын тоглолт гэж үздэг байна. Энэ талаар ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхээс тодрууллаа.

“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн наадмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албанаас хамтран “Алтан бүрээ-2021” цэргийн хөгжмийн их наадмыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ наадмын гол онцлог нь Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулна. Дээрээс нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, зарим урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчид оролцоно. Ингэхдээ аймаг, орон нутгийг бүрэн хамруулах хүрээнд бүсчилж, оролцуулна. Тухайлбал, зүүн, төв, баруун, хойд бүсийн цэргийн хүрээгээр нь бүсчлэх бөгөөд энэ нь цэргийн хөгжмийн хөг аяас гадна аймаг, орон нутгийнхаа соёл, онцлогийг харуулсан аялгууг эгшиглүүлэхээрээ онцлог юм. Баруун бүсийн цэргийн хүрээ гэхэд олон ястны соёл, урлагийг эгшиглүүлнэ гэсэн үг. Их онцлогтой сайхан наадам болно харж байна. Наадмын бэлтгэл ажлыг ч үндсэндээ хангаад дуусаж байна.

Наадмыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Уг нь төлөвлөгөө ёсоор Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 3 дугаар сард зохион байгуулахаар байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд 2021 оны 6 дугаар сар хүртэл хойшлуулсан. 6 дугаар сарын 1-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл нэгдсэн бэлтгэлийг эрчимтэй явуулж, Сүхбаатарын талбайгаас олон нийтэд хүргэнэ. Түүнээс өмнө бүсчилсэн цэргийн хүрээд дотооддоо мөн бэлтгэлээ явуулах учиртай. Мэдээж цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулагчид бидний хувьд 6 дугаар сар гэхэд цар тахлын нөхцөл байдал намжина гэж найдаж байна.

Хэрэв цар тахлын нөхцөл байдал хумигдаагүй байвал тодорхой хугацаагаар хойшлох уу?

-Тэгнэ. Гэхдээ бидний хувьд цагийн байдал сайжирна гэдэгт бүрэн итгэж байна.

Өмнө нь ийм төрлийн цэргийн хөгжмийн  наадам зохион байгуулагдаж байв уу?

-Улаанбаатар цэргийн хүрээний хэмжээнд “Эх орны төлөө”, зарим Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд болон ерөнхий боловсролын дунд сургуулиудын хэмжээнд “Мөнгөн бүрээ” хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан. Олон улсын жишигт хүрэхүйц, цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулсан их наадам нь энэ жилийнх байх болно. Энэ наадамд төрийн цэргийн болон урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжмөөс гадна Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зэвсэгтэй, гардан тулааны үзүүлбэр, ЦДБЭЧ, ХЦДБЭЧ-ын хамтарсан үндэсний бүжиг, Үндэсний үлээвэр найрал хөгжим зэрэг ард иргэд, үзэгч олноо цэрэг дайчдаараа бахархах үзлийг түгээх олон сайхан үзүүлбэрүүд багтана.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Огноо:

,

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц энэ сарын 14-ний өдрийн  11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ.

Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Дэлгэрэнгүй унших

Санал болгох