Цаг үе
Франц Улсад Монголын соёлын өдрүүд эхэллээ
Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн Монголын соёлын өдрүүдийн цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой юм. Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой тохиож буй. Монголын соёлын өдрүүдийн үеэр ЮНЕСКО-ийн төв байранд монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болно. Мөн монголын байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнг ЮНЕСКО-ийн төв байранд гаргана.
“Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ Монгол Улсын өнө эртний хэлхээ холбоотой Франц Улсын Рубрук хотоос эхэллээ. Францын санаавартан Вильям де Рубрук нь 1254 онд Мөнх хааны үед Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод ирж, Хархорумын түүхийг Европт таниулсан анхны хүмүүсийн нэг юм. Рубрук санваартны нэрээр овоглосон энэхүү орон нутгийн музейд Монгол өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн байдаг аж.
Рубрук хотод өнөөдөр Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо толилууллаа. “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг нээж Соёлын яамны урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн үг хэлэв. Рубрукын музейд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын бэлэгдэл Мөнгөн мод, Хархорум хотын 800 жилийн ойд зориулан бүтээсэн зоос, “Алдуул модны эрэлд” баримтат киноны Франц орчуулгатай хуулбар зэргийг “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулав.
Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд Соёлын яамны төлөөлөл, Франц улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар Рубрук хотын амбан захирагчтай албан ёсны уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Мөн өдөр Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Франц улсын Аллиер мужид Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулж, албаны төлөөлөл хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Монголын үндэсний урлагийн их Театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо Рубрук, Аллиер мужийн Ганна хотоос гадна Дрө хот, Мишилей лицей, Сорбоны их сургууль болон ЮНЕСКО-ийн Төв байранд үзэгчдийн хүртээл болох юм.
Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй урлаг соёл, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр бүхий “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ ийнхүү эхэллээ.
Франц улсад болж буй энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал дахь Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээг МИАТ ТӨХК компани, “Номадс” групп “Таван нүдэн” брэнд зэрэг байгууллагууд дэмжин оролцож буй юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Цаг үе
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2026 оны 01 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 116,887 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 114,342 буюу 97.8 хувийг газар дээр нь, 1514 буюу 1.3 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1031 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1101 шийдвэрийг хянаж, 47 буюу 4.3 хувийг хүчингүй болгон, зөрчлийн хэрэг нээж, 1 буюу 0.1 увийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 1 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 50 шийдвэрийг хянаж, 1 буюу 2 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 6 буюу 12 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн холбогдогчид хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1,104,954,100 төгрөгийн хохирол учирснаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 114,464,000, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 348,814,100 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111,587 буюу 95.5 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,690 буюу 1.4 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 684 буюу 0.6 хувь, Автотээврийн хууль зөрчих зөрчил 651 буюу 0.6 хувь, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг 1/2 алдагдуулах зөрчил 196 буюу 0.2 хувь, Хүний биед халдах зөрчил 154 буюу 0.1 хувь, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 118 буюу 0.1 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Цаг үе
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2026 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 1-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 03-нд Дархадын хотгороор, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 4-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.
Агаарын температур: Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч өдөртөө суларч Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 4-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Цаг үе
Эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулав
Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хүрээнд үндсэн төлбөрөөс хойшлуулах хүсэлтэй тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлнэ үү. Үүнд:
- Аймгийн Онцгой байдлын газрын үнэлгээ, дүгнэлт:
- Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дүгнэлт
- Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургац алдсан эсэх тодорхойлолт багтана.
Эх сурвалж: ХХААХҮЯ
