Урлаг спорт
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Монголын мрьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд болон наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шүүгч, дасгалжуулагч, тамирчид оролцлоо.
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10, 11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна. Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 онд Монголд өргөн дэлгэр тэмдэглэсэн юм байна. Тухайн тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ. Морин харваа бол Монголын эртний түүхтэй нягт холбоотой наадам гэдгийг Хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:
-Монгол Улсыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татсан арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хийморь” морьт харвааны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Хийморь” наадамд оролцох олон улсын тамирчид ирээд байна. Наадмын үеэр морьт харваанаас гадна шагайн харваа, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэр, үндэсний урлагийн үзүүлбэр үзүүлэх юм. Цаашид морьт харвааны төвийг Монгол Улсад байгуулах зорилготой ажиллаж байна гэсэн юм.
Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд “Энэ жилийн наадам дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулсан сайхан үед болж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн бол түүхэн үйл явдлыг сэргээсэн, түүхийн олдворуудаас санаа авч сэргээсэн бүтээлч наадам гэдгийг тодотгоё. Ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсныг дашрамд дуулгая. Тэрхүү тэмцээнд дэлхийн 34 орны тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа. Морьт харвааны тэмцээнийг та бүхэн маань очиж үзээрэй гэж хүсье” гэлээ.
УНАГАН БАЙГАЛЬТАЙ МОНГОЛД ХАЙРТАЙ
Өмнөд Африкаас хүрэлцэн ирсэн тэмцээний шүүгч Амели Рашке /Amelia Raschke/ “Дэлхийн хөгжингүй орнуудад байгалийн унаган төрхийг ихэд алдагдуулсан байдаг. Гэтэл Монгол бол унаган байгалиа хайрлан хамгаалж буй орнуудын нэг. Тиймээс би Монголд хайртай. Энэ жилийн хувьд “Хийморь” наадамд 30 гаруй тамирчид оролцож байгаа ч ирэх жилүүдэд тамирчдын тоо улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Амели Рашке нь морьт харваачдын зургаан удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай нэгэн юм. 2019 оны “Хийморь” морьт харваанд уригдан ирж ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ.
ОХУ-ЫН ТАМИРЧИД ХИЧЭЭН ОРОЛЦОХ БОЛНО
ОХУ-ын морьт харвааны холбооны тэргүүн, Кремлийн морин сургуулийн төлөөлөгч Сергей Одиноков:
-Монголд хүрэлцэн ирээд Монголын ард түмэн, морьт харвааны нэн эртний түүхтэй танилцахад таатай байна. Улаанбаатар төмөр замын вокзалд буухаас монголчууд биднийг халуун дулаан хүлээн авч байгаад баяртай байна. Монголын тамирчид бол маш хүчтэй өрсөлдөгчид. ОХУ-ын тамирчид маань дутахгүй өрсөлдөнө гэж итгэж байна. Энэ жил манай улсаас таван тамирчин ирсэн. Бидний дунд 2019 онд “Хийморь” тэмцээнд амжилттай оролцсон Юрославль хотын Артивида клубын гишүүн Люба Марука, Ольга Жигулина, Халимаг улсаас Хонгор Владаев, Волгоград хотын морин спортын мастер тамирчин Сергей Канивазов нарын тамирчид хүрэлцэн ирээд байна.
МОНГОЛ АДУУТАЙ ТӨСТЭЙ МУСТАНГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
АНУ-ын багийн дасгалжуулагч, Шинэ Мексикийн соёлын элч Кристин Жемма ДиФернандо /Cristin Gemma DiFernando/:
-Би нийт америкчуудыг төлөөлөн ирсний сацуу АНУ-ын уугуул иргэдийн төлөөлөл болж ирсэндээ маш их баяртай байна. Монголд ирээд хоёр сар гаруй болж байна. Саяхан би морьт өртөөгөөр 1000 гаруй км аялаад ирсэн. Монголд ирээд гэр бүл, анд нөхдийн нөхөрлөл, ахан дүүс ямар байдгийг мэдэрлээ. Би эндээс явмааргүй санагдаж байна. Америкийн уугуул иргэд морь сургаж, морьдтой ойрхон байдаг ч морьт харвааг сонирхоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Монголд ирээд өртөөчлөн аялахдаа 60 гаруй морь сэлгэж унасан байна. Монгол нутагт тал дүүрэн адуу бэлчиж байгааг харахад үнэхээр гайхалтай байлаа. Монгол морьд бол зэрлэг адуу мустангтай ерөнхийдөө төстэй санагдсан. Шинэ Мексикийн хойд хэсэгт мустанг зэрлэг адуу олон бий. Бэлчээр доройтуулах эрсдэлтэй гэж үзэн Америкийн Засгийн газраас мустангийн тоо толгойг барих бодлого барьж байдаг. Тиймээс би буцаж очоод зэрлэг адууг хамгаалах талаар санаачилга гарган ажиллана” гэсэн юм.
“Хийморь-2022” олон улсын морьт харвааны наадам нь олон улсын морьт харвааны холбоо /lHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрмээр Унгар, Турк харваа болон Монголын морьт харваачдын холбоо /MHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрэм болох таван байны төрөл, Монгол бөмбөг намнаа, багийн тэмцээн гэсэн төрлөөр явагдах юм байна. Наадамд Монголын морьт харвааны холбоо, клубийн тамирчид болон ОХУ, Өмнөд Африк, Япон, АНУ, Малайз, Израйл улсын харваачид оролцож, Өмнөд Африкийн болон Монголын морьт харвааны холбооны шүүгчид тэмцээнийг шүүх юм. Мөн наадмын үеэр урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэр, шагайн харвааны үзүүлэх тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, үндэсний үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг 2023 онд дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Урлаг спорт
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд эхний хожлоо авлаа
“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг энэ удаагийн Азийн Наадамд оролцож буй. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг "D" хэсгийн эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 21:15-аар яллаа.
3х3-ын эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан юм. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.
Монголын эмэгтэй 3х3 багийн дараагийн тоглолтоо энэ сарын 27-нд Йорданы эсрэг хийх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
Буудлагын эмэгтэй тамирчид Монголын багийн анхны медалийг авлаа
"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны дасгал өрнөлөө. Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно
“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.
Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.
“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.
-
Улстөр нийгэм2022/11/30
“Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх а...
-
Цаг үе2020/02/17
Хятад даяар сургууль орох хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргажээ
-
Цаг үе2022/04/25
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Улстөр нийгэм2022/05/25
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Сэтгэгдэл