Үзэл бодол
Монгол Улсын Зэвсэгт хүчин дахин нэг рейнжертэй боллоо
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 6 дахь рейнжер төрлөө. Анхны шанг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг 2002 онд татаж байсан бол 2022 оны 8 дугаар сард Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа дугаар ангийн ахлах ахлагч Хүрэлбаатарын Эрдэнэдаваа Монгол Улсын 6 дахь рейнжер болж чадав. Түүнтэй АНУ-ын Рейнжерийн сургуулийн сорилтуудын тухай, хэрхэн давж гарсан тухай ярилцсанаа хүргэе.
-АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилтай төгссөнд тань баяр хүргэе. Сургуульд хамрагдахын тулд өөрийгөө өмнө нь бэлтгэж байв уу?
-Баярлалаа. Тусгай хүчний цэргийн командлалаас “АНУ-ын Рейнжерийн сургуулийн хуваарь ирсэн. Та өөрийгөө тэнцэнэ гэж бодож байна уу, оролцох уу” гэсэн санал дэвшүүлэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Хэлний бэлтгэлгүйгээр өнгөрсөн 4 дүгээр сард рейнжерийн өмнөх сургалтад хамрагдсан. Шаардлагатай гэж үзвэл хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой л доо. Харамсалтай нь рейнжерийн өмнөх сургалтад хамрагдаж байхдаа хөлийн хуруугаа гэмтээж, арга буюу завсарлага авч, эмчлүүлсэн. Хэрэв бага хэмжээний гэмтэлтэй бол завсарлага авч, эмчлүүлээд дараагийн сургуульд нь хамрагдах боломжтой гэсэн үг. Ингээд 6 дугаар сарын дунд үеэс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 62 хоногийн хугацаатайгаар АНУ-ын Рейнжерийн сургуулиа амжилттай дүүргэж, төгссөн.
-Мэдээж сургуулийн сорилтууд маш хүнд гэлцдэг, төгсөхөөсөө илүү унах нь олон гэдэг шүү дээ...
-Тэгэлгүй яах вэ. АНУ-ын цэргийн алба хаагчдаас гадна гадаад орны 7 оюутан байсан. Монгол, Колумб, Катар, Филиппин, Тайланд гээд. Тэдгээр гадаад орны цэргийн алба хаагчдаас амжилттай төгсөж чадсан нь миний бие. Нэг нь давтан сургалтад хамрагдаж, бусад нь нутаг нутаг руугаа буцсан. Мэдээж дэлхийн орнууд шилдгийн шилдэг гэсэн цэргийн алба хаагчдаа илгээсэн ч сорилтуудыг нь давж төгсөнө гэдэг хамгийн хэцүү. Америк цэргүүдийн гэхэд 60 хувь нь төгсөж чаддаг юм билээ. Надад бол төгсөхөөс өөр зам байгаагүй.
Нэгдүгээрт, эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн итгэл. Хоёрдугаарт, дараа дараагийн залгамж халааныхаа замыг нь хаачихгүй юм сан гэдэг хариуцлага. Хэрэв тухайн орноос ирсэн цэргийн алба хаагчид сорилтдоо унаад байвал дараа дараагийн элсэлт авахаа зогсоодог хатуу дүрэмтэй.
-Сургуулийн сорилтуудын онцлогоос дурдахгүй юу?
-Гурван үе шаттайгаар явагддаг. Үүний өмнө шаардлагатай гэж үзвэл хэлний бэлтгэлд, үргэлжлүүлээд рейнжерийн өмнөх сургалтад заавал хамрагдана. Нэгдүгээр үе шатад нам дор газарт тасгийн тактик, жижиг бүлгээр үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдугаар үе шатад хад хавцал уулархаг газар районд салааны түвшинд үүрэг гүйцэтгэнэ. Гуравдугаар үе шатад намаг, усанд байлдааны ажиллагааг удирдан явуулах салааны түвшинд үүрэг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд алдаа гаргавал хасагдана. Ялангуяа, сум алдах, аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчих, сахилга, хариуцлагын алдаа гаргавал хасагдана.
Бүлэг, тасгаар үүрэг гүйцэтгэж байгаа учраас багийн ажиллагаа хамгийн чухал. Тэр багийн амжилтыг хойш татаж, алдаа гаргахгүйн төлөө цэргийн алба хаагчид хүн нэг бүрийн үүргээ мадаггүй биелүүлэх гэж маш их уйгагүй хичээнэ. Өдөрт дунджаар хоёр цаг л унтдаг гээд бодохгүй юу.
-Танд хамгийн хэцүү санагдсан даалгавар нь юу вэ?
-АНУ-ын Жон Кеннедигийн нэрэмжит Тусгай хүчний сургуулийн Ахлагчийн дамжааг 2018-2019 онд төгссөн маань их туршлага боллоо. Юу гэхээр энэ дамжаагаар АНУ-ын цэргийн тактик, жижиг бүлгийн талаар суралцсан учраас дөхөмтэй байсан гэж хэлж болно. Мэдээж сорилт бүр хүнд бөгөөд хамгийн амаргүй нь гэвэл уулархаг газар районд үүрэг гүйцэтгэх бас нойр, хоолгүй явах нь байлаа. Нөгөө талдаа сургуульд хамрагдаж байгаа цэргийн алба хаагчдын дундаж нас 22-24 байдаг юм байна. Миний хувьд 30 нас дөнгөж гараад энэ сургуульд хамрагдсан болохоор хөгшин оюутандаа орж байсан шүү.
-Зүүн мөрөн дээрээ рэйнжер тэмдгээ зүүлгэж байхдаа юу бодогдож байв?
-Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид дэлхийн аль ч орны цэргийнхнээс дутахгүй гэдгийг л харуулахыг зорьсон. Зорилго минь биелсэнд маш их баяртай байна. Намайг дэмжиж явуулсан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, ангийн удирдлагадаа талархаж байна. 2021 онд АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилттай дүүргэж, надад харамгүй зөвлөгөө өгсөн онжав болох сургагч ахлагч А.Мөнгөншагай, ахмад Г.Жавхлантөгс хоёртоо ч баярлаж байна.
Төгсөлтийн баяр дээр “Монгол цэрэг Хүрэлбаатар” гээд эх орноороо, бас аавынхаа алдраар дуудуулж зогссон нь юутай ч зүйрлэшгүй бахархам агшин байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дахь рейнжер бөгөөд хоёр дахь рейнжер ахлах ахлагч болж чадсандаа баяртай байна.
-Зэвсэгт хүчнийхээ эгнээнд хэзээ элсэж байсан бэ?
-2009-2010 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас эхлүүлсэн. Энэ хугацаанд 2018-2019 онд АНУ-ын Жон Кеннедигийн нэрэмжит Тусгай хүчний сургуулийн Ахлагчийн дамжаа, АНУ-ын Шүхэр десантын дамжаа, 2021 онд АНУ-ын Шүхрийн хэт өндрийн чөлөөт уналтын дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 13 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
-Таны залгамжийг авах залуус хэр олон байна гэж хэлэх вэ?
-Олон гэдэгт итгэдэг. Монгол цэргийн гайхамшигт түүх энх цагт ч гүйцэтгэж буй үүрэг, тэсвэр хатуужил, эр зоригоороо давтагдаж байх ёстой. Бэлтгэгдсэн цэргээс илүү хүчтэй зэвсэг гэж байхгүй гэдэг шүү дээ. Түүн шиг залуу офицер, ахлагч нар өөрийгөө шат дараатай бэлтгэж, ажил албандаа ур чадвар, хүсэл тэмүүлэл, зорилго чиглэл, идэвх оролцоогоороо манлайлах ёстой.
Зэвсэгт хүчний Жанжин штаб
Үзэл бодол
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр болов. Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулан парламентад өргөн барьсантай холбогдуулж тус зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх анхны төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьсан. Хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг улс орны хөгжлийг хурдтай урагшлуулахад ашиглах цаг үе учраас Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Цаашид төсвийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг болно. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 36 их наяд төгрөг байсан, 75 их наяд болж тэлээд байна. Ирэх онд үүнийг 95 их наядад хүргэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 7500 ам.доллар болгох боломжтой. Энэ үзүүлэлтийг богино хугацаанд 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэхээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт” сэдвийн дор 2025 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ төсвийн онцлог нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж байгаа анхны төсөв. Дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлнэ. Олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг зорьсон. Нийслэлийн тулгамдсан асуудлыг зоригтой шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Олон жил яригдсан иргэдээ орон сууцжуулах асуудлыг Үндэсний баялгийн сантай уялдуулж цогцоор нь шийдэхийг зорьсон. Эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлэхээр тусгасан. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байгааг онцоллоо.
Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн салбар болон төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хуралдааны үеэр 2025 оны төсвийн төсөлд байр сууриа илэрхийлэв.
Үзэл бодол
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.
Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.
“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үзэл бодол
Ц.Баатархүү: E-Mongolia -д байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Дашрамд мэдээллэхэд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.