Цаг үе
Борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг, хагшаасыг цэвэрлэн, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 80 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4747 м3 лаг, хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу ажиллаж байна.
Энэ хүрээнд
Сүхбаатар дүүрэг: 1-р хороо Нарны замын борооны ус залуулах суваг
Хан-Уул дүүрэг: 10, 21-р хороо Өлзийтийн замын борооны ус зайлуулах шугам
Чингэлтэй дүүрэг: 17, 18-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө
Баянзүрх дүүрэг: 1, 3, 4, 5, 8, 13,14, 16, 17, 22-р хороо Да хүрээгийн гудамж, Улаанхуарангийн зам, “Баганат өргөө” хороолол, Улиастайн зам, Офицерын тойрог, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Саруул тэнгэрийн шугам, Доржийн гудамжны борооны усны суваг
Баянгол дүүрэг: 1, 3, 4, 5-р хороо Нарны замын суваг, Вокзалын тойрог, Үндсэн хуулийн гудамж зэрэг байршилд авто замын борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь нийслэлийн зургаан дүүргийн нийт 57 байршилд 158 км урт үерийн хамгаалалтын далан суваг, 185.3 км авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг хариуцан ажилладаг. Жил бүр төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хийдэг. Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Үерийн далан, шугам сүлжээ нь бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай.
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ
Цаг үе
Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга уулзалт болно
“Залуу офицеруудын манлайллын жил”-тэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газраас 2 дугаар сарын 9-ний өдөр Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгссөн бүрэлдэхүүний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ нь гадаад орны зэвсэгт хүчний сургалтын тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлоготой уялдуулах, гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн мэдлэг, туршлага, дадлагыг хөгжүүлэх, дэмжих, манлайллын клубүүдээр дамжуулан гаргасан санал санаачилгыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоход чиглэжээ.
Чуулга уулзалтад ОХУ, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ, БНТУ, Их Британи, Япон улсад цэргийн академи, команд штабын сургууль, Дайны коллеж болон Жанжин штабын академи төгссөн бүрэлдэхүүний төлөөлөл оролцоно. Уулзалт хоёр үе шат шаттайгаар зохион байгуулагдах ба эхний арга хэмжээ энэ сард болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, Нийслэлийн Орон сууцны корпораци компанийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд нийслэлээс орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон сууцны түрээсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар танилцууллаа. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэдгийг тус корпораци танилцууллаа.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 3 жилд 3000 орчмоор нэмэгдсэн байна. Гэвч татвар ноогдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлийн эргэн төлөлтөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.
Хурлын үеэр НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон юм. Энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэв. Түүнчлэн уг байгууллага нь татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаа юм. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хэдийгээр голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөс цөмөрч болзошгүй байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл