Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Янжингаажид: Даварсан, худалч, хулгайч, жүжигчин, завхай эрчүүдэд эмэгтэйчүүд бид амьдралынхаа ихэнхийг зориулж ашиглуулах ёсгүй

Огноо:

,

Нэг үе нэр төртэй бизнесмэн, улс төр сонирхож УИХ-д хүртэл нэр дэвшиж явсан Тордайн Ганболд өөрийнхөө дөрвөн үрийн ээжид хэрхэн хандсан нь олны анхаарлын төвд ороод буй. Хэдийгээр энэ гэр бүлийн маргаан боловч өнөөгийн нийгэмд байгаа хортой идээ бээр мөн. Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид гэр бүл салалтаас болж хохирч үлдсэн олон ээжүүдийн өмнөөс "Шүгэл үлээж" чадсан. Энэ удаа ч өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нөхцөл байдлын талаар бичсэн байна. Та бүхэнд Х.Янжингаажидын бичсэнийг бүрэн эхээр толилуулж байна. 

Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм.

Салсаны дараа ханилж байсан хүн чинь, хүүхдүүдийн чинь эцэг чиний мэддэгээс хэд дахин хортой, санаатай, муу хүн байх энүүхэнд юм. Хүний санаа бодолд оромгүй үйлдлүүдийг хийж эхэлж байна.

Өндөр хашаа, 24 цагийн хамгаалалтын ажилчидтай, дотор гадна, ард урдгүй камертай, давхар давхар төмөр хаалгатай Шамбала дах Ганболдын гэрт нь хулгай орсон гэх зохиомол хэргийг цагдаатай нийлж хэрэг үүсгэн нэгэн цагт ханилж байсан эхнэр, 4 хүүхдийнхээ ээжийг цагдаад өгөх хүн хэр олон байдаг бол?

Ганболдын тухай бүх үнэнг бичсэний минь дараа Хан-Уул дүүргийн цагдаагаас Хүдэр-Эрдэнэ, Аюурзана гэх байцаагчид дуудаж энэ “хулгайн” талаар мэдүүлэг өгөхийг шаардлаа. Би ч очлоо. Хүүхдүүдийн маань паспорт, Ганболдын нэг бугуйн цаг алга болсон гэнээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж. Одоо бүр ийм арчаагүй аргаар, зохиомол хэрэг үүсгэж, сэжигтэн гэх нэрийдлээр миний утасны яриаг чагнах, хаана хэнтэй хэзээ уулзаж байгааг өөрийн халаасны цагдаа нартай нийлж, хуулиар хамгаалагдаж байгаад мөрдөх гэж байгаа юм байна. Зөвхөн энэ хэрэг дээр зориулж бүхэл бүтэн ажлын хэсэг гарсан гээд л бод. Орон байрны хулгай бүр дээр ажлын хэсэг гардаг билүү?

Корпорейт Конвеншн, Корпорейт Нүхт, Шамбала зэрэг манай бүх том үл хөдлөхүүд, баар ресторан, лоунж, караоке зэрэг гол бизнесүүд Хан-Уул дүүрэгт байрладаг. Ганболд орой шөнөөр ажиллах цагаа сунгах, уушийн газар гардаг зодоон цохионы асуудлаа нууж зохицуулахын тулд ХУД-ын цагдаа нарыг олон жилийн турш ашиглаж, тэжээсээр ирснийг би мэднэ. Цагдаа нарыг буудлуудаараа идэж уулгана, төрсөн өдөр, хүүхэд хамаатнуудынх нь хурим найрыг нь зохион байгуулж, “хэрэгтэй үед” нь орой шөнө буудлын өрөө гаргаж өгдөг. Одоо тэд нарыгаа миний эсрэг тавьж байгаа юм байна.

Ер нь Ганболдын хамаг асуудлыг нууж хааж, зохицуулж өгдөг Хан-Уулын нэр бүхий цагдаа нар, хамаатнуудаас нь гадна доорх дөрвөн хүн байдаг. Над руу, миний эсрэг хөдлөөд байгаа мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй эдгээр хүмүүсийн зургуудыг нь хавсаргав.

May be an image of 2 people, people standing, people sitting and outdoors

1. Ганболдын бүх хууль бус, цагдаа, шүүх, прокурортой холбоотой асуудлыг нь зохицуулж өгдөг эмэгтэйг Оюунцацрал гэдэг. Гэр бүл, хамаатнууд нь хуулийн хүмүүс. 2011 оноос хойш Ганболдын “юмсыг” нь хууль хүчний байгууллагынхантай ярьж өгдөг хүн нь. Хүчний байгууллагынханд бэлэг сэлт, өгөх ёстой юмыг нь барьж гүйдэг эгч. Шамбалад гэр бүлээрээ хаусанд үнэгүй амьдарч, цалин урамшуулал авдагийнхаа төлөө хичнээн ч жил, хичнээн ч их нүглийг Ганболд, Ариунболдын өмнөөс үйлдэж байна даа та. Үйлийн үр гэж байдаг юм шүү. Танд биш юмаа гэхэд үр хүүхэд, удам сударт чинь хүрч л таарна. Оюунцацрал, Ганболд хоёр ХУД-ийн цагдаа нартай ах дүү, амраг садан болж олон жил явааг нь мэдэх хүний хувьд цагдаатай хуйвалдаж зохиомол хэрэг үүсгэх нь энүүхэнд хийж чадах зүйл. Ингэж төрийн байгууллагыг ашиглан олуулаа нийлж нялх хүүхдээ дагуулж яваа эмэгтэй рүү дайрч, хуулиар хамгаалагдан элдэв бусын арга хэрэглээд хэр хол явахыг чинь харъя. Хууль бус олон үйлдлийг чинь мэдэх ч хүүхдүүдийн маань эцэг гээд өнөөг хүртэл дуугүй явж ирлээ. Өт хүртэл өөрөөр нь оролдоход арваганадаг. Намайг энэ мэтээр оролдож байгаа бол би зүгээр суудаг хүн биш. Хэн хэнийгээ хэмлэмээр байгаа бол чиний муу түүх минийхээс хэд дахин арвин гэдгийг бүү мартаарай Ганболдоо. Түрээслэж байгаа байранд минь түлхүүр тааруулж, цүнхэнд минь хулгайд алдсан гэх бугуйн цагаа шургуулж зохиомол хэрэг тохох гэсэн санаатай явж байгааг чинь мэдээд байна. Чамаас ийм санаа өлхөн гарах юм байна. Цагдаагийн хавтаст хэргээс хууль бусаар янз бүрийн яриа, бичлэгүүд алдагддаг гэдгийг бид сошиалаар бишгүй харсан. Одоо над дээр хэрэг тохохын тулд элдэв бичлэг монтаж эвлүүлэх тэр аргаа хэрэглэх юм байна энэ хэд.

2. Ганболдын хувийн хэвлэлийн төлөөлөгч гэх Оюунсүрэн. 2019 онд Ганболдыг сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээс хойш дагаж байгаа сэтгүүлч эмэгтэй. Ганболдыг заригт яриа өгмөгц урьдчилан бэлдсэн намайг гүтгэсэн мэдээг сайтуудаар нийтэлж, Дарханы сонгуулиар ажиллуулсан троллын баг, хиймэл хүмүүсийг удирдаж сошиалаар сэвсэн, хэвлэлийнхэнд төлбөр мөнгө, чиглэл өгдөг гол хүн нь.

May be an image of 5 people, people standing and text

3. Тордайн Ганболдын төрсөн ах Тордайн Ариунболдын эзэмшдэг Сенсаци Медиа Групп, Папараци.мн зэрэг компаниудыг нь хариуцдаг Ари буюу Ариунжаргал гэх сэтгүүлч бүсгүй миний сүүлд бичсэн бичвэрийг Зөв.мн гэх мэт шударга гэгддэг сайтуудаас өөрийн танил талаа ашиглан хэдхэн минутад устгуулсан байна лээ. Зөв.мн-хээн зөв байгаарай. Нэрэндээ таарахгүй үнэт зүйлтэй, үзэл бодолтой хэвлэл байгаад хэрэггүй шүү. Тэрний оронд Буруу.мн болсон нь дээр.

May be an image of 1 person and indoor

4. Золбоо гэх залуу Ганболдын зөвлөхөөр нь ажилладаг. Офицерт байдаг MIU их сургуулийн төгсөгч. Байгаль орчин, аялал жуулчлалын яам хавиар карьер хөөж явсан. Улстөрийнхэнтэй ойр ажилладаг. Мөн л 2020 оны сонгуулиас эхлэн Ганболдын гар хөл болж бохир заваан юманд нь орооцолдож яваа. Миний сүүлийн постны дараа надад туслаж байгаа хүмүүс дээр биеэр очин “Гаажид худлаа миний нэрийг ашиглаж байна. Би Гаажидад туслаагүй гээд өөрсдийнхөө фейсбүүк дээр бичээд өг. Ганболд ахтай хамт очиж уулзъя. Та нар тийм юм бичвэл Ганболд ах шагнана” гэх мэтээр ярьж явсан нь гэрчүүдтэй, нотлох баримттайгаа надад байна.

Би дахиад хэлье. 4 хүүхдийг нь төрүүлж өгсөн, ханилж байсан хүнээсээ гар утасны дугаарыг нь хүртэл дээрэмдэн авч, цагдаад хулгайн хэргээр өгч байгаа хүн та нарыг нойлын цаас шиг хэрэглэчихээд яаж хаяхыг тун удахгүй та хэд харж, үйлийн үрээ эдлэх болноо.

May be an image of 1 person, wrist watch and indoor

Сэтгүүлч Өнөрцэцэг намайг “Ганболдыг чи байхгүй болгоод өг. Мөнгө өгье. Нэр хүндийг нь шороотой хутгаад өг” гэж гуйсан гэж фейсбүүк дээрээ бичсэн байна лээ. Гэрчүүд байгаа шүү Өнөрөө. Битгий худлаа яриад байгаарай. Тэгж явах байсан бол саяхныг хүртэл би чимээгүй явах байсан гэж үү? Монгол улсад чи ганцаараа сэтгүүлч биш шүү дээ. Маш олон чадалтай, шударга, мөнгөнд хууртдаггүй сэтгүүлчид бий. Би чамд “Ганболд намайг ингэж хохироож яваа. Одоо Алтан Дорнод Койн буюу ADMC гэх койн гаргаж өөрийг нь шударга гэж боддог олон мянган гэмгүй хүмүүсийг хохироох гээд байна. Тэрийг нь сурвалжилж, ухаж ойлгуулж, болиулах гэж оролдоочээ” гэж гуйсан. Дахиад хэлье. Тэр өрөөнд чи бид 2 хоёулахнаа байгаагүй шүү. 1 төгрөгөөр гарсан нэг ширхэг ADMC өнөөдөр 0.34 төгрөг байна. Мэдлэг, мэдээлэлгүйгээсээ, Ганболдын шударга дүрд итгэдэг хичнээн мянган хүн хэдхэн сарын дотор ариун хөдөлмөрөөрөө олсон мөнгөнийхөө 66%-ийг алдаад сууж байгаа бол? Ихэнх койны үнэ унасан ч миний чамд өгсөн мэдээллийг аваад тэр бүрийг нөгөө айхтар хөөцөлдөж, хүн амьтны ам асуудаг шигээ сурвалжилсан бол ядаж ADMC койнд орсон олон хүнийг хохироохгүй, сэргийлэх боломж байсан юм шүү. Сэтгүүлч хүн мөнгө биш үнэнг л дагах ёстой доо уул нь.

Ганболдоо, чи надад туслаж байгаа хамаатан садан, найз нөхөд, ойрын хүмүүсийг маань өөрийн тэжээдэг цагдаа нараараа дуудуулж өөрийн зохиосон хулгайн хэрэгтээ сэжигтнээр татаад байх юм. Тэд залхаж надад туслахаа болих биш улам миний чамтай туулсан хэцүү амьдралыг ойлгож, улам ойртож, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөр туслаж бид улам нягт ойр болж байгаа шүү. Хорлох гэж байгаад туслаад байгаад чинь баярлалаа. Хэцүү үед л хамт байсан эдгээр хүмүүс жинхэнэ миний төлөө зогсож, хамгаалж, дуугарч чаддаг гэдгийг би өдөр бүр харж талархаж явна.

Жил гаран гэр бүлийн маргаанаар шүүх цагдаа болж явахад мөнгөтэй, нөлөөтэй гэр бүлийн маргаанууд хэзээ ч хуулийн дагуу шударга явж байгаагүйг олон тохиолдлоос олж мэдлээ. Нөгөө л “тогоон дотроо асуудлаа шийд” гэсээр чимээгүй өнгөрч, даварсан эрс дараа дараагийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хохирсоор л байна. Гэр бүлийн тухай хууль нь байгаа ч яагаад ээжүүд, эхнэрүүд хохирч үлдээд байна вэ? Гэр бүлийн хуулийг шинэчлэх, сайжруулах, шударга болгох асуудлаар зоригтой дуугарах УИХ-ын гишүүн байдаггүй юм уу? Нийгмийн суурь нь гэр бүл шүү дээ.

Намайг бодит үнэнг 2022.04.26-нд бичсэнээс хойш олон мянган хүнээс талархал, дэмжлэгийн захиас ирсэн. Хохироод үлдсэн эмэгтэйчүүд дундаас шүгэл үлээгч болж “ганцаараа бүх гэр бүл, амьдрал, хөрөнгөө босгосон” мэт аашилдаг эрчүүдийн төлөөлөл болсон Ганболдын эсрэг зоригтой дуугарч байгаад урамшсан, зориг орсон эмэгтэйчүүд, ээжүүд байна. Тэдний зарим нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт нөхрийн хамт очиж өөрсдийн нэрээ байр, хамтарсан бизнес дээрээ давхар бүртгүүлж ирээдүйд гарах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж байгаад өмнөөс нь маш их бахархаж суулаа. Олон хүнд сургамж болсон миний амьдралын алдаа нийгэмд эерэг үр дүнгээ өгч байгаад баярлаж байна.

Даварсан, худалч, хулгайч, жүжигчин, завхай эрчүүдэд эмэгтэйчүүд бид амьдралынхаа ихэнхийг зориулж ашиглуулах ёсгүй. Охинтой, эмэгтэй дүүтэй, эгчтэй, ээжтэй хүн бүрт сэрэмжлэх түүх, кейс болоод үлдээсэй гэж би үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна. Хөвгүүд, залуус ч Ганболд шиг байж болохгүй юм байна, муухай юм байна гэж жигших хэрэгтэй гэж бодож байна.

Би энэ салалт Монголын шүүх, хууль, хүчний байгууллагаар үнэн, шударгаар шийдэгдэх хүртэл дуустал нь явна. Хуулийн байгууллага нь худалдагдаад, шударга байж чадахгүй юм бол суулт, өлсгөлөн ч зарлана гэдгээ эрт хэлчихье. Би залуу байна, эрч хүч байна. Надад хор шар, гомдол бас амьдралынхаа хамгийн гоё 16 жилийг буруу хүнд зориулсан харуусал байна. Амин эрдэнэ болсон 4 хүүхдүүд, өөрийн оруулсан хөдөлмөрийнхөө хувийг авах эх хүний хуулиар олгогдсон эрх байна. Дахиж нэг ч эх хүн, эмэгтэй хүн Ганболд мэтийн эрийн сүгээс болж хохирч үлдэхгүйн тулд, сэрэмжүүлэхийн тулд бүхнийг нээлттэй байлгана гэдгээ амлая.

Шударгын дүр эсгэгч, жүжигчин, жүжээч Ганболд “МАНАН миний эсрэг шүүх цагдаа ажиллуулаад байна” гэж ярьдаг ч өөрөө жинхэнэ шүүх цагдааг өөртөө ажиллуулдаг. Зочид буудалтай нэрийдлээр улстөр, бизнесийнхнийг идэж уулгаж, дайлж цайлж, хонуулчихаад буцаад тэрийг нь баримтжуулж дарамталдаг, хүссэн юмаа хийлгэдэг гэдэг нь нэгэнт хүмүүс дунд яригдаад эхэлсэн байна лээ. Түүний золиосуудынх нь нэг нь нэгэн цагт Ерөнхий сайд байсан хүн гээд л бод. Хүүхдүүдийн маань эцэг гээд тэвчээд яваад байх тусам давраад хулгайн хэрэгт хэлмэгдүүлэх шинжтэй.

Миний постоос хойш маск нь хууларсан, бузар явдал нь ил болчихоороо одоо буцаад нэр төрөө авч үлдэхийн тулд “Би Гаажидтай нийлэх гээд л гуйгаад яваад байгаа” гэдэг үлгэр дундын найзуудад маань ярьж өрөвдүүлэх тактиктай, матрын нулимс унаган жүжиглэж яваа юм билээ. Буцаж нийлье гэж бодсон хүн улс даяар Заригт намайг явдалтайгаар нь цоллож муулаад, үнэнг бичсэн постонд минь хорсож цагдаад өөрийн зохиосон зохиомол хулгайн хэрэгт гүтгэж гүжирдэж явдаггүй юмаа. Үг үйлдэл хоёр чинь зөрөөд байна жүжигчээн.

Чамд угаасаа улс даяар шал арчсан нэрээ аврахын тулд хоёрхон л сонголт байгаа. Нэг нь намайг ямар нэгэн аргаар буцаж ирүүлж “мундаг эр” гэдэг цол аван дахин тамын тайван бус амьдралаар амьдруулах, нөгөө нь хүүхдүүдийг маань, хууль ёсны дагуу авах ёстой хөрөнгө, хувийг маань өгөөд хоншоортой эр байна лээ гэж түмэнд хэлүүлэх. Чамд жаахан ч гэсэн ухаан, алсын хараа үлдсэн бол, хажууд чинь зөвлөөд өгчих саруул ухаантай хүн байвал бол хоёр дах хувилбарыг сонговол чамд болон чиний цаашдын амьдралд хэрэгтэй. Түүхэнд хуншгүй, хүний мөсгүй өвөг эцэгтэй байсан гэж үр хүүхдүүддээ муулуулж, нэрээ чамтай холбохоос ичдэг үр сад үлдээмээр байгаа эсэхээ чи өөрөө шийд.

Хэрвээ эхний хувилбарыг бодоод, намайг буцна гэж жаахан ч гэсэн найдаад байгаа бол би чамд жилийн өмнө хэлж байснаа өнөөдөр дахиад хэлье. Би үхэж байсан ч, үхсэний дараа ч чамтай хамт битгий хэл ойр ч байхгүй. Би өвдөж зовсон үед чи ирвэл би илүү ихээр өвдөнө. Үхсэн үед ирвэл сүнс минь чамайг үзэн ядна. Чи бид хоёрын дунд БҮХ зүйл дууссан. Чи энэ салалтыг удааж, шүүхээр давж заалдах тусам чи илүү нэр хүндгүй болно, бүх бузар булайг чинь ил болсоор байна, чи нэр ч үгүй юу ч үгүй хоцорно. Надад алдах юм байхгүй. Чи ичихгүй бол би хэзээ ч ичихгүй.

Хэдийгээр асуудлаа тогоон дотроо шийд гэдэг ч та бүхний харж байгаагаар Ганболд надаар өөрөө оролдсоор байна. Оролдох бүрт нь би өшөө баримтууд ил гаргана, мөнгөөр худалдагдаж миний эсрэг ажиллуулаад байгаа хүмүүс, байгууллагуудыг нь нэр ус, зурагтай нь тавьсаар байна гэдгийг хэлье. Би дээрэлхүүлдэг хүн биш. Олон охид эмэгтэйчүүдэд ч миний амьдрал туршлага болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Олон эрчүүдэд ч эмэгтэй хүнд, эхнэртээ Тордайн Ганболд шиг ийм өлөн, ёс зүйгүй, хуншгүй хандаж болохгүй гэдэг жигшсэн бодол суугаасай гэдэг үүднээс бичсээр байх болно.

Худалч хүний хамар урт. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга орилдог юм.

Х.Янжингаажид

2022.05.17

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох