Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Занданшатар: Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайн ажиллах хэрэгтэй

Огноо:

,

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-ны өдөр гишүүдийн 80,1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Зандашатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


    Эрхэм гишүүд ээ,

    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

    Хатагтай, ноёд оо,

    Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна.

Коронавирусийн дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломж бий боллоо. Гэхдээ цар тахал томуу өвчний хэлбэрт шилжих, шинэ хувилбар дахин дэгдэх эрсдэлтэйг анхаарч, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэгэнт тогтсон сайн дадал хэвшлийг дагаж мөрдөх нь зайлшгүй чухал гэдгийг үгийнхээ эхэнд сануулж хэлье.  

Улсын эдийн засаг, ард олныхоо амьжиргааг сэргээх боломж бүхнийг алдалгүй ашиглаж, цар тахлын дараах Шинэ сэргэлтийн бодлогоо тууштай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, иргэд олон нийт нэгдэж, итгэл төгс урагшлах шинэ эрмэлзлийн цаг ирж байна.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Та бүхний анхаарлыг 3 багц асуудалд хандуулахыг хүсэж байна.

  1. Цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж таамаглах аргагүй, яах нь тодорхойгүй олон эрсдэлийг өдөөж байна.

Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. Мэдээллийн дайны энэ эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүй.

Монгол Улсын эдийн засаг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улс болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа.

Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнуудын энэ чиглэлээрх хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт зарим хүндрэл бий болгож байна. Тухайлбал, 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувь буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үнийн өсөлт эрчимжиж, инфляц 2022 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрчээ.

Олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляц, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлж дараах асуудлуудыг даруй анхаарах шаардлагатай. Үүнд:

  1. Өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээг авч, үнийн өсөлтийг бууруулах;
  2. Импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих мөнгө, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх;
  3. Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэн, батлах;
  4. Эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж, боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  5. Үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл эмзэг бүлэгт хүндээр тусах магадлалтай тул нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал байна.

Түүнчлэн эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайн ажиллах хэрэгтэй байна.

Дэлхийн зах зээл дээр алтны ханш унци нь 2000 ам.долларт дөхлөө. Нүүрсний үнэ гуравдугаар сар гарснаас хойш тонн тутамдаа 300 юаниар нэмэгдсэн. Зэсийн үнэ сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн ч цаашид нэмэгдэнэ, тонн нь 15.000 ам.долларт хүрэх магадлалтай гэсэн тооцооллыг шинжээчид хийсэн.

Түүнчлэн Европ, Азийг холбосон худалдааны нэг томоохон зангилаа нь манайх байх боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх, боломжийг бодит ашиг, үр дүнд хүргэхэд чиглэсэн зөв бодлогыг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

  1. "Шинэ сэргэлт"-ийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. 

Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот-хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болгох хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэх юм. Товчоор хэлбэл Монгол Улс шинэ сэргэлтийн сэргэн мандлын замд гарна. Тиймээс бодлого баталсандаа санаа амарч, тайвширч, алгуурлаж сууж хэрхэвч болохгүй.  

Сүүлийн 14 жилийн 12 жилд нь манай улсын төсөв, төлбөрийн урсгал тэнцэл хос алдагдалтай байснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэж, үнэ ханш буурах биш, өсөх дараалаар үргэлжилсээр ирэв. Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хараат болж, нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт 4 хувьд ч хүрэхгүй болжээ. Үүний уршгаар орлогын ялгаа нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.

Тиймээс хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч болох зорилгынхоо төлөө иргэн нэг бүр, байгууллага аж ахуйн нэгж болгон, төр засаг, нийт үндэстэн даяараа хамтарч, тууштай зүтгэн хөдөлмөрлөж, хаврын тариалалт, ноолуур бэлтгэл зэрэг цаг үеийн ажлаас эхлээд, боловсруулах үйлдвэрлэл байгуулах, түүний хүний нөөцийг бэлтгэх, боомтууд, төмөр замын тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийн ойрын үеийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ долдугаар сард ашиглалтад орох ёстой. Эдгээр төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60.0 сая тоннд хүрэх боломжтой. Тиймээс төмөр замдаа онцгой анхаарал хандуулж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээ авч ажиллах нь чухал байна.   

"Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэх томоохон 7 хуулийн төсөл, 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж хэлэлцүүлэх 20 хуулийн төслийг шуурхай хэлэлцэх, хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатай байна. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байгааг эхний ээлжинд хэлэлцэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдан авах ажиллагааны тухай,  Үндэсний баялгийн сангийн тухай, Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай, Хөгжлийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Дампуурлын тухай зэрэг хуулиудыг боловсруулах, хэлэлцэж батлахад төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн идэвхтэй оролцоог хангаж, яаравчлах шаардлагатай байна.

  1. Улсын хэмжээнд тулгамдсан, шийдлээ хүлээж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, оновчтой, хурдтай, зөв шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал боллоо.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр үндэсний хэмжээнд явуулсан олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 45 хувь нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчид ойрын үеийн нэн тулгамдсан таван асуудлаар:

    -хүнсний барааны үнийн өсөлт;

    -шатахууны үнийн өсөлт;

    -эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний чанар, Ковид-оос бусад өвчлөлд анхаарал хандуулах байдал;

    -Улаанбаатар хотын замын түгжрэл;

    -ядуурал, иргэдийн амьжиргааны доройтлыг нэрлэсэн байна. 

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулган нэлээд ачаалалтай, шахуу хуваарьтай байхаар байна. 2020 оны сонгуулиар сонгогч олны итгэлийг хүлээн сонгогдсон Та бидний бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Шийдлээ хүлээсэн бодлого, шийдвэр, эрх зүйн реформын олон асуудлууд өмнө минь байна. Тиймээс бидэнд илүү идэвх санаачилгатай байж, амралт алжаалыг хойш тавин зүтгэх шаардлагатай байгааг тэмдэглэе. 

Тамгын газраас гаргасан судалгаагаар хэлэлцүүлгийн шатанд 102 хууль, тогтоомжийн төсөл байгаагаас нэгдсэн хуралдаан, Байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийдвэрлэсэн 56 төсөл байна. Тэдгээрээс хамгийн олон нь буюу 30 төсөл Эдийн засгийн байнгын хороонд, тус бүр 12-13 төсөл Хууль зүй, Төрийн байгуулалт, Нийгмийн бодлогын байнгын хороон дээр байна. 

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль багтсанаас бид 14 хууль баталж, 2 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа.

Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төслүүд батлагдаагүй үлдээд байна. Нэн тэргүүнд батлах ёстой эдгээр хуулийн зарим нь одоо хүртэл өргөн баригдаагүй байгааг сануулъя.

Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно.

Улмаар эдгээр 2 үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ бол парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухай асуудал юм.

Парламентын ардчиллыг төлөвшүүлэх талаар 4 асуудлыг онцолъё гэж бодож байна.

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйлийг засаж сайжруулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд томилох, томилогдох болон төсвийн эрх мэдлээсээ татгалзаж, Засгийн газрын тогтвортой байдалд Улсын Их Хурлын зүгээс нөлөөлөх нөлөөллийг эрс багасгаж чадсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалахаар заасан. “Төрийн бодлогыг тодорхойлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд ард түмний өмнөөс хууль тогтоомжийн акт гаргаж, түүнийгээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, дэмжих замаар улсыг хуулиар жолоодох үйл ажиллагааг бүхэлд нь хууль тогтоох эрх мэдэл гэнэ” хэмээн Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай тодорхойлсон байдаг.

Тэгэхээр хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн хууль “үйлдвэрлэх” төдий ойлголт бус, хууль батлан гаргах, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгаж, эцсийн үр дүнд хүргэх замаар нийгмийг хуулиар жолоодох нь энэ эрх мэдлийн үндэс юм.

Гэтэл өнгөрсөн он жилүүдэд хянан шалгах чиг үүрэгтээ Улсын Их Хурал дутуу дулим хандаж ирсэн нь бодит үнэн. Хууль хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэсэн зарчмаар халхавч хийсээр өнөөг хүргэсэн. Энэ байдлыг засаж, хянан шалгах үндсэн чиг үүргээ хууль ёсоор хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар сонгодог парламент болж төлөвших шинэ үе шат эхэлж байна хэмээн хэлсний учир үүнд оршиж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл юм.

Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм. Тиймээс Улсын Их Хурлаас тусгайлан ажлын хэсэг байгуулж, тус банканд хяналт шалгалт хийж байна. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол хийхээр товлосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох ёстой.

Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно.

Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстой. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн ашиглалтад байнгын хяналт тавьж, ашиглан завшигч хандлага, хэт үрэлгэн, салан задгай байдалд цэг тавих цаг болсныг онцолъё.

Дээр дурдсан санал асуулгад оролцогчдын 64 хувь нь Улсын Их Хурлын эрхэм гишүүн Б.Баттөмөрийн ахалсан ажлын хэсэг энэ асуудлыг шударгаар шийдвэрлэж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн байна билээ. Тиймээс энэ итгэлийг биелүүлэхийн төлөө хичээж зүтгэхийг ажлын хэсэгт үүрэг болгоё.

Хоёрдугаарт, Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг  хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн бүхий л ашиг сонирхолын бүлэглэлүүдийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.

Гуравдугаарт, маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяханы зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна.

Дөрөвдүгээрт, парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.

Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах, санал авах lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлууллаа.    

Эдгээрт тулгуурлан Улсын Их Хурал иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Энэ систем хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо хэлбэрийн төдий хангагддаг байдлыг засаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлэхэд чиглэнэ.

Энэ хүрээнд хуулийн төсөлд иргэдээс санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм.

Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдож, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.6 саяд хүрсэн. Суурь бүтэц ийм сайн байхад иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж, Улсын Их Хурал болон иргэдийг зааглаж буй зааг ялгааг нураах зорилго амжилтад хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Цаашид бид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа  цахим технологийн боломж, инновацыг шингээх нь ард түмний засаглах эрхийг хангасан парламент болж төгөлдөржихөд нэн чухал ач холбогдолтой юм.

Энэ зорилтын хүрээнд зарим аймагт Улсын Их Хурлын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж, иргэддээ ардчилал, хүний эрх, Үндсэн хуульт болон парламентат ёсны мэдлэг, боловсрол олгох ажлыг эрчимтэй явуулах ажлыг Тамгын газраас хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт ард иргэд ээ,

“Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя” гэж бид Төрийн дууллаа дуулдаг билээ. Монголчууд бид нэгдмэл үнэт зүйлстээ тулгуурлан, эвийн хүчийг эрхэмлэн, Монголоо мандуулах түүхэн цаг ирсэн байна. Үүнтэй холбогдуулан “Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо санаачлаад байна.

Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголынхоо ирээдүй хойчсын өмнө бидний хүлээх журам үүрэг юм. XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг боловч даяаршлын эринд үндэстний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархалт өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч ард түмэн болох, ядуурлаас салж, хөгжин дэвшихэд чиглэх болно. Энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалъя.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

2022.03.15

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшнээс давсан сайн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Монгол Улсын Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой 2024 оны нэгдүгээр улирлын макро эдийн засгийн гүйцэтгэлийн талаар ярилцлаа.

-2023 оны хувьд уул уурхайн жил болж, эдийн засаг эргэн сэргэлээ. Тэгвэл 2024 оны эхний улиралд эдийн засаг ямар байна вэ? 

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахин эдийн засаг, санхүүгийн хувьд тааварлахын аргагүй олон сорилтуудтай тулгарлаа. Манай улсад эдгээр сорилтууд бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад илүү хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна. Гэсэн хэдий ч Засгийн газар цаг тухайд нь оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд бид эдгээр сорилтуудыг амжилттай давж гарлаа.

Тухайлбал, Засгийн газар хил, гааль, тээврийн асуудлуудыг шийдвэрлэж, томоохон төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулсны үр дүнд өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тн нүүрс экспортоллоо.  Үр дүнд нь эдийн засагт эерэг дохио болдог төсөв, төлбөрийн тэнцлийн хос ашигтай гарч, валютын нөөц 5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Цаашилбал, инфляц зорилтот түвшинд хүрч тогтворжин, эдийн засаг 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ оны хувьд, эхний 2 сарын байдлаар уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ зэрэг салбарын өсөлтийн нөлөөгөөр, эдийн засаг 7.8 хувийн өсөлт үзүүлсэн.

Мөн нэгдүгээр улирлын байдлаар, экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, гадаад валютын нөөц 5.2 тэрбум долларт хүрлээ. Түүнчлэн, төсвийн орлого өмнөх оноос 2.5 их наяд төгрөгөөр өсөж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна.

-Эдийн засгийн үзүүлэлтүүд эхний улиралд эерэг гарсан ч гадаад худалдаа буурсан байна. Үүнд юу голлон нөлөөлөв?

-Эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны ашиг 1.2 тэрбум ам.доллар гарч өмнөх оноос 31.9 хувь буурсны гол шалтгаан нь  импортын дүн өмнөх оноос 25 хувиар өсөж 2.4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Нэг талаараа импорт өсөж байгаа нь дотоодод эдийн засгийн идэвхжил сайн, хэрэглээ нэмэгдэж байгааг илэрхийлдэг.

Мөн экспорт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны түвшнээс 2.9 хувиар буурсан байна. Манай улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, 14 хувийг зэсийн баяжмал, 2 орчим хувийг цайрын баяжмал бүрдүүлдэг. Эхний улирлын байдлаар цайрын баяжмал, нүүрсний экспорт буурсан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой. Хэдийгээр бид нүүрсний биет хэмжээг өмнөх оноос 4 сая тонноор өсгөж, оны эхнээс 18 сая тн нүүрс экспортолж чадсан боловч Ганцмод боомтын үнэ тонн тутамд 193 ам.доллар болж өмнөх оноос 37 доллараар бага байгаа нь нүүрсний экспорт буурах шалтгаан болсон.

-Нүүрсний үнийн бууралтыг хэрхэн харж байгаа вэ?  Цаашид үнийн талаар та ямар таамаглалтай байна вэ?

-Ерөнхийдөө манай коксжих нүүрсний үнэ нь БНХАУ-ын гангийн эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой гэж ойлгож болно. Өнгөрсөн 3 сарын хугацаанд БНХАУ-ын гангийн зах зээл уналтад орж, тус улсын дотоодын коксжих нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн эрэлт суларснаар коксжих нүүрсний үнэ буурахад хүрлээ. 

Хэдийгээр Ганцмод боомтын коксжих нүүрсний үнэ 3 дугаар сарын дунджаар 1,399 юань буюу 193 ам.доллар болж буурсан боловч Ковид-19 цар тахлын өмнөх үе болох 2019 оны мөн үеэс 33 хувиар өндөр байгааг дурдах нь зүйтэй.

Олон улсын байгууллагуудын төсөөллөөр нүүрсний үнэ цаашдаа тодорхой хэмжээгээр буурах хандлагатай ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч БНХАУ-ын эрчим хүч, гангийн хэрэгцээ болон түүхий эдийн эрэлт өндөр хэвээр байхаар байна. Иймд нүүрсний үнэ буурсан ч биет хэмжээ буурахгүй гэж харж байна. Үүнээс гадна БНХАУ-ын гангийн эрэлт энэ оны 4 дүгээр сарын дунд үеэс сайжирч байгаа нь коксжих нүүрсний үнийг тогтворжуулж, ойрын хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг Sxcoal онцолсон.

-Та сая БНХАУ-ын гангийн эрэлт сайжирч байгаа талаар дурдлаа. Гэтэл зарим эдийн засагчид тус улсын эдийн засгийг төдийлөн сайжрахгүй байна, тодорхой эрсдэлүүд байна, үүнээс шалтгаалаад манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эрсдэл учирч болзошгүй гэж үзэж байна?

-Бид БНХАУ—ын эдийн засгийн нөхцөл байдал, дотоодод нь өрнөж буй нийгэм, улс төрийн үйл явдал, болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг тогтмол ажиглаж, судалгаа хийдэг. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь гэж танилцуулсан нь  шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон. Үүнд цахилгаан машины үйлдвэрлэлтэй холбоотойгоор аж үйлдвэрийн салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Энэхүү тоон мэдээлэл зарлагдсаны дараагаар “Goldman Sachs”, “Citigroup” зэрэг олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн 2024 оны төсөөллийг шинэчилж, 5.0 хувь болгон нэмэгдүүлсэн юм.

Мөн өнгөрсөн 3 дугаар сард БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын үеэр ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, техник технологид суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь түүхий эдийн зах зээлд эерэг мэдээ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан машин, хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдаа ч үргэлжлэн өсөн нэмэгдэхийг илэрхийлж байна. Тэдгээр бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь зэс, ган учир манай түүхий эдийн экспорт тогтвортой байх дохиог өгч байна.

-Хэдийгээр нүүрсний үнэ буурч байгаа ч нөгөө талаас зэс, алтны үнэ харьцангуй өсөлттэй байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ оны эхний улиралд зэсийн үнэ дунджаар 8,300 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан. Харин 4-р сарын 22-ны байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж дээрх зэсийн үнэ 9,815 ам.доллар болж сүүлийн 2 жилийн дээд хэмжээнд хүрээд байна. Үүнд БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн 3 дугаар сарын сүүлээс БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нийлүүлэлтээ бууруулах болсон нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Улс орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгаа дэмжих бодлого болон цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтэд эергээр нөлөөлж, цаашдаа зэсийн үнэ тогтвортой хадгалагдах төсөөллийг олон улсын байгууллагууд гаргаж байна.

Харин алтны тухайд Ойрх дорнод болон зүүн европ дахь геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх болсон нь алтны үнийг өсгөж, дөрөвдүгээр сарын 18-нд үнэ 2,417 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өсөөд байна. Алт нь хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэгддэг тул алтны үнэ өсөх нь эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байгаа дохио гэж шинжээчид хардаг. Иймд бид гадаад орчны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тооцоо, судалгааг тогтмол хийж байна.

-Манай эдийн засагт уул уурхайн салбарын өсөлт үргэлжилж байна гэж та ярилаа. Тэгвэл энэхүү өсөлт нь төсвийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

-Уул уурхайн салбарын орлого АМНАТ болон бусад татварын орлогуудаар дамжин манай төсвийн орлогын 30 хүртэлх хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Тухайлбал 2023 онд АМНАТ-ын орлого 4.2 их наяд төгрөгт хүрч дангаараа төсвийн орлогын 17 хувийг бүрдүүлсэн. Харин 2024 онд бид АМНАТ-ын орлого 4.5 их наяд төгрөгт хүрнэ гэж төлөвлөснөөс эхний улирлын байдлаар аль хэдийн 1.5 их наяд төгрөгийг бүрдүүлээд байна.

АМНАТ-ын орлогоос гадна энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 90 хувиар, НӨАТ-ын орлого 30 хувиар, НДШ-ийн орлого 10 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Эдийн засаг идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч голлох татварын орлогууд өсөж байгаатай холбоотойгоор 2024 онд төлөвлөсөн нийт татварын орлогын 30 орчим хувь нь мөн бүрдээд байна. Улмаар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.

-Эдийн засаг, төсвийн энэхүү өсөлт тэгвэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлээд, бизнесийн идэвхжил нэмэгдээд ирэхээр ажил эрхлэлт, цалин нэмэгдэж, улмаар иргэдийн амьжиргааг дэмжих суурь нөхцөл болдог. Үүнийг 2023 оны гүйцэтгэлийн тоо мэдээнүүдээс харж болж байна.

Нэгдүгээрт, Сангийн яам аж ахуйн нэгжүүдийн 2023 оны санхүүгийн тайланг цахим тайлангийн системээрээ авч, тодорхой тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд цахим тайлангийн систем дэх бизнесийн байгууллагуудын хөрөнгө өмнөх оноос 22 хувиар, цэвэр ашгийн хувь 11.2 хувьд хүрч өсөн цах тахлын өмнөх өсөлтийн түвшинд хүрсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын 2023 оны татвар төлөлтийн тайлангаас харахад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 8 хувиар өсөж, үүнээс 6 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 27 хувиар, 1.5-6 тэрбумын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 19 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлд нийт ажиллагчдын тоо 38.6 мянгаар өсөж 1.2 саяд хүрчээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо ч мөн 33 мянгаар өсөж 730 мянга хүрсэн бөгөөд дундаж цалин нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Ажил эрхлэлт өссөн, бизнесийн ашигт ажиллагаа сайжирсан, ажилчдын дундаж цалин нэмэгдсэн нь иргэдэд эдийн засгийн өсөлтийг бодитой хүргэх, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх гол суваг болж байна гэж үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд инфляц гол сорилт байлаа. Үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас тодорхой ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд үүссэн сорилтууд нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хөөрөгдөж 2022 оны 6 дугаар сард манай улсын инфляц 16.9 хувьд хүрсэн. Тус инфляцын задаргааг харвал 9.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байсан. Өөрөөр хэлбэл манай улсад импортоор орж ирж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь инфляцын суурь шалтгаан болж байв. Тиймээс үнийг тогтворжуулахын тулд Засгийн газраас гаалийн албан татварыг хөнгөлөх, нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэх зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлснээр инфляц аажмаар саарч 2024 оны 3 дугаар сард 7 хувьтай гарлаа.

Хэдийгээр импортын гаралтай инфляц буурсан боловч дотоодын хүнсний бүлгийн үнийн өсөлт өндөр хэвээр байна. Үүнд хамгийн гол нөлөө үзүүлсэн нь гурил болон махны үнэ байгаа юм. Тухайлбал, 2024 оны 3 дугаар сард үхрийн махны үнэ өмнөх оны мөн үеэс 15, дээд гурилын үнэ 14 хувиар тус тус нэмэгдсэн байна. Иймээс Засгийн газар гурил, махны үнийг бууруулах чиглэлд ажиллаж байна.

-2024 оны эхний улиралд нэгдсэн төсөв 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн, валютын ханш, инфляц тогтворжсон зэрэг эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг дүр зурагтай гарсан талаар та хэллээ. Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ямар байгаа вэ?

-Энэ оны үлдсэн хугацаанд гаднаас гэнэтийн томоохон шок үүсэхгүй бол эдийн засгийн өсөлт хадгалагдаж, 6 орчим хувиар өсөх төлөвтэй байна.

Засгийн газар ирэх 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулаад байна. Хуулийн хугацаагаар тавдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барих ёстой бөгөөд  төсөлд Шинэ сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 7-8 хувьд хадгалах боломжтой гэж тооцож байна. Үүнд уул уурхай, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлөх бөгөөд дотоодын худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өсөлтийг дэмжинэ гэж төсөөлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Сангийн яам

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна

Огноо:

,

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга, эдийн засагч Б.Ундраатай ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг өсч байна гэдэг ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, бодит орлого нь нэмэгдэхгүй байна. Яг үнэндээ өрнөөс өрний хооронд амьдарч байна. Эдийн засаг өсөөд байхад иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг та юу гэж тайлбарлах вэ?

-Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт юм. Энэ долоон хувийн өсөлтийн 4.3 хувийг нь уул уурхай болон тээврийн салбарын өсөлт дангаар бүрдүүлсэн.

Эдийн засаг өслөө, улсын ашиг орлого нэмэгдлээ гээд л сайхан, сайхан тоо яриад байгаа ч ард иргэддээ энэ өсөлт хүртээмжтэй байж чадсан уу гэвэл үгүй. Иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж чадсан өсөлт биш. Уул уурхайн салбараас үүдэлтэй хэдэн төгрөг ахиу орж ирдэг мөчлөгийн шинжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхгүй. Уул уурхай ч гэж дээ, нүүрсний салбар л даа. Арай ахиу нүүрс зарлаа, түүнийгээ тээвэрлэлээ. Тэр мөнгө нь нүүрсний эздийн халаасанд орчихсон. Нүүрсний сонсголоос энэ бүхнийг иргэд хангалттай сонсож, мэдсэн байх.

Онолоороо бол эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өндөр өсөлтийг хангаж чадсанаар хүний болон эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж, монгол иргэн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлын түвшин буурна. Гэтэл Монголын эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй байдаг. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хүрэх нь улс орны хөгжлийн стратегийн асуудал байх ёстой. Манай орны хувьд эдийн засгийн бодит салбар нь уул уурхай болон мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай.

Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадахгүй байна. Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага нь мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих, эдийн засгийн олон талт өсөлт бүхий оновчтой бүтцийг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. Эдийн засаг нь хүчтэй байж ард иргэд үнийн, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна. Гэтэл өнөөдөр инфляци, үнийн өсөлтөөс болж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна.

-Эдийн засаг өссөн, иргэдийн амьдрал муудсан гэдэг эрс тэс хоёр өнцөг байна. Эдийн засаг өссөн нь тоогоор батлагдаж байна. Харин иргэдийн амьдрал муудсаныг илтгэх тоо байна уу?

-Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 914 мянган иргэн 418 мянган төгрөгнөөс доош орлоготой байна гэсэн судалгаа гаргасан. Сая шахам иргэн хагас сая төгрөг хүрэхгүй мөнгөөр амь зууж байна шүү дээ. 2022 оны энэ судалгаанаас ядуурлын шугамыг инфляцитай холбогдуулан нэмэгдүүлээд харахад иргэдийн талаас дээш хувь нь ядуурлын түвшинд орж байгаа. Үнэхээр эдийн засгийн өсөлт нь иргэдийнхээ амьжиргаанд нөлөөлдөг бол ядуурлын түвшин буурах ёстой биз дээ. Тэгээд ч эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад дангаар нөлөөлдөггүй. Төрд нүүрлэсэн энэ их авлига нь эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхгүй, ядуурлыг бууруулах боломжийг олгохгүй байна.

Энэ бүхнийг цогцоор шийдэхгүй, үр дүнтэй бодлого гаргаагүй байж эдийн засаг өслөө, бүх зүйл сайхан болж байна гэж хоосон лоозондоод байж болохгүй. Засгийн газар нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг бага сага нэмсэн. Тэр жаахан нэмэгдэл ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй. Өнгөрсөн өвөл үүссэн зудын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын уналт энэ онд үргэлжилнэ. Энэ нь нийт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Цаашлаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн өсөлттэй холбоотой эрэлтийн нөлөө нэмэгдэх зэргээс шалтгаалж харин ч инфляци дахин өсөх эрсдэлтэй байгаа. Энэ бүхэн ядуу болон бага орлоготой өрхүүдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.

-Монголбанк инфляци буурч байна гэдэг боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр байна. Инфляцийн энэ тооцоолол зөв байж чадаж байна уу?

-Инфляцийн түвшин 2024 оны гуравдугаар сарын байдлаар долоон хувьтай гарсан байсан. Энэ хувийг тодорхойлоход хэрэглээний үнийн индексийг гол үзүүлэлт болгон ашигладаг. Индексийг тооцох зорилготой хэрэглээний сагс гэж байгаа. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт. Үүнд 12 төрлийн 370 гаруй бараа, үйлчилгээ ордог байсныг жил гаруйн өмнө 13 бүлгийн 410 нэр төрөл болгож нэмэгдүүлсэн. 410 бараа үйлчилгээний дундаж статистик тоогоор л инфляци долоон хувьтай харагдаж байна. Гэтэл ихэнх бага, дунд орлоготой иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг лангуун дээр байгаа нөгөө мах, гурил, сүү, талх гээд үсрээд 10 хүрэхгүй нэр төрлийн барааны үнийн өсөлт чинь энэ хувиасаа харьцангуй өндөр байна. Яг бага орлоготой иргэдэд энэ 410 нэр төрлийн бараа, үнэндээ хамаарахгүй байгаа.

Инфляци одоо долоон хувь гэж байгаа ч өмнөх хоёр жилийн хугацаанд 13, 14 хүрсэн. Сүүлийн жилүүдэд гурил, будаа, талхны үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл дизель түлшний үнэ 30 хувиар нэмэгдээд удлаа. Суудлын автомашин унаж байгаа иргэд шатахууны өсөлт мэдрэгдээгүй байх. Яагаад гэвэл АИ-92 шатахууны үнэ өсөөгүй, барьж байгаа. Гэтэл дизель түлшний үнэ нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгааны нэг болсон.

2016 онтой харьцуулбал, өнгөрсөн найман жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2-3 дахин өсчихлөө. Гэтэл орлогын түвшин яаж өссөн билээ. Орлогын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Ийм байхад яаж иргэдийн амьжиргаа дээшлэх юм бэ. Эрх барьж байгаа МАН 2016 онд хоёр хувьтай байсан инфляцийг өсгөөгүй бол өнгөрсөн найман жилийн хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнэ 16 хувиар л өсөх байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр мах, гурил, сүү, талх гэхэд л 2016 оноос 120-190 хувиар буюу 2-3 дахин өсчихсөн байгаа. Найман жилийн өмнө савласан нэг кг алтан тариа гурил 1294 төгрөг байсан бол одоо 2949 төгрөг болж, 128 хувь буюу 2.3 дахин өссөн байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр гурилын үнэ зургаан жилийн өмнөх үнээрээ байж л байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляци өндөр байгаагийн зэрэгцээ сонгууль угтсан төсвийн зардлын тэлэлт, Эрдэнэс Таван толгойн ногдол ашиг, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн нь эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг том нөхцөл болохоор байна. Мөн зудын нөхцөл байдал зэрэг дотоод шалтгаанаар инфляци 2024 онд эргээд өсөх эрсдэл бий.

-Эрх баригчдын буруу бодлого, сонгууль угтсан мөнгө тараалт урт хугацаандаа иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улам л сөхрүүлэх нь гэж ойлгож болох уу?

-Эдийн засагт уялдаа холбоогүй зүйл гэж байхгүй. Нэг хоёр буруу бодлого 10, 20 алдаа, хүндрэлийг араасаа дагуулдаг.

Орлогын өсөлт нь амьжиргааны зардал, үнийн өсөлтөө давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна. Энэ нь ч тоо баримтаар тодорхой байгаа зүйл. Өрхийн дундаж бодит орлого нэмэгдэлгүй 8 жил боллоо. Энэ хугацаанд үнийн өсөлтөөс улбаалан зарлага эрс өсөж, дундаж монгол айлын орлого нь зарлагаа гүйцэхгүй, зээлээс зээлийн хооронд амь зогоож байна. Уул уурхайгаас бусад ихэнх бизнес мөн адил өр зээл, бартерын солилцоогоор аргацааж байгаа. Өнөөдөр монголчууд бүгд өрийн дарамтад амьдарч байна. Улс нь, аж ахуйн нэгж байгууллагууд нь, иргэд нь бүгд зээлтэй, өртэй байна. Улсаа хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд эхлээд бүгд өрнөөсөө салах хэрэгтэй.

Уг нь одоо эрх барьж байгаа МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно, зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэж амласан. Гэтэл өнөөдөр энэ амлалтуудаас нэг нь ч биелээгүй байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банкинд дунджаар 8.6 сая төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Үүн дээр ББСБ, ХЗХ, ломбард, аппликэйшний зээлүүдийг оруулбал нийт иргэд бүгд зээлтэй байна.

-Иргэд хэрэглээний зээл авч байгаа нь намын мөрийн хөтөлбөр, Төрийн бодлоготой хамаагүй гэх л байх даа?

-2016 онд нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан. Одоо 87 хувь нь зээлтэй байна. Хоёр дахин нэмэгдсэн байгаа биз. Зээлийн төрлүүдийг аваад үзье л дээ. 2016 оны үед иргэд ипотекийн зээл буюу өмч хөрөнгөтэй болгох урт хугацааны, бага хүүтэй зээл их байсан. Харин одоо бол орлого нь амьжиргааныхаа зардалд хүрэхгүй байгаа учир хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлж байна. Хэрэглээний зээлүүд нь хугацаа бага, өндөр хүүтэй байгаа учраас иргэд банк, санхүүгийн байгууллагад өндөр хүү төлж, давхар давхар зардлаа өсгөөд байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2019 онд банкны нийт хэрэглээний зээлийг бууруулах зорилгоор тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70 байсныг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Монголбанк нь өөрөө ийм шийдвэр гаргаж банкнаас зээл авах дүнг багасгаснаар иргэд нь өнөөдөр яалт ч үгүй хэрэглээний зээл авах хэрэгцээтэй байгаа учраас банк бус болон бусад зээлийн үйлчилгээний газраас өндөр хүүтэй зээл авах нөхцлийг бүрдүүлчихсэн. ББСБ-д сарын 3-4 хувь, жилийн 36-48 хувийн хүү буюу банкнаас авснаас 2, 3 дахин зээлийн өндөр хүүнд иргэд дарлуулаад амьдарч байна. Үнэндээ дэлхийд байхгүй хүүтэй улс болсон байна. Иргэдээ ингэж зээл, өрийн дарамтад оруулсан нь иргэдийн амьжиргааг бүр л хүнд нөхцөлд аваачиж байна. ББСБ-ын мөнгө нь ер нь л хулгайны мөнгө гэж хэлэхэд хилсдэхгүй. Голцуу л хэдэн дарга, улстөрчид, тэдэнтэй ойр хүмүүсийн хулгайлаад олсон л мөнгө байгаа. Энэ мөнгө хүүлэлтэд жирийн иргэд л хохироод өндөр хүүг нь төлөөд амьдарч байна.

Төв банкны тухай хуулиараа Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллага. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтот ажлаа хийж чадаж байна уу. Сүүлийн 8 жилийн турш Монголбанк бодлогын хүүгээ 13 дээр барьж байгаад саяхан 12 хувь болгосон. Бодлогын хүүг ийм өндөр байлгаад байгаа нь зээлийн хүү өндөр байхад нөлөөлөөд байна. Төв банк нь 1 төгрөгөө 13 хувийн хүүтэй зээл гээд хүчээр тулгачиж байна. Банкны эзэд, банк бусын эздэд доод хүүг нь 13 хувь гээд тавиад өгчихөөр тэд хүүгээ тэрнээс дээшээ тавих нь тодорхой. Энийг мөнгө хүүлэлт гээд байгаа юм.

-Энэ их мөнгө хүүлэлтийн эсрэг яаж ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

Аливаа улсын эдийн засагт сангийн бодлого болон мөнгөний бодлого байна.

Татвар төлөгчдийн мөнгийг Засгийн газар удирдаад зарцуулж байгаа нь сангийн бодлого юм. Парламентийн засаглалтай оронд ялсан намын Засгийн газар энэ мөнгөөр намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд зарцуулдаг.

Гэтэл нөгөө талдаа хамгийн чухал мөнгөний бодлого нь хаягдчихаад байна. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Монголбанк маань засгийн газрын тохируулагч нь байх ёстой. Харамсалтай нь Монголбанк Засгийн газрын үгээр, тэдний гаргасан шийдвэрийн араас ажиллаад байна уу гэж анзаарагдаж байна.

Парламентын засаглалтай оронд Төв банкны шууд удирдлага нь УИХ. Монголбанк нь үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнаж, жил бүр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг боловруулж УИХ-аар батлуулдаг.

Тэгэхээр энэ инфляцийн өсөлт, ханш, үнийн өсөлт, зээлийн хүү зэрэг сая дурдсан энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Монгол банк маань ажлаа зоригтой хийж, үнийн тогтвортой байдлыг хангах бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Кабелийн телевизийнхээ төлбөрийг төлөөгүй үед ч иргэдийг зээлийн мэдээллийн санд шууд оруулдаг, муу түүхтэй мэтээр харуулдаг асуудалд иргэд маш их бухимддаг. Байгууллагууд хэт давуу эрхтэй, эсрэгээрээ иргэд нь хохирдог жишээ их. Төв банкнаас энэ сарын 16-ны өдөр Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргаж, муу зээлийн түүхийг нь арилгахаар боллоо. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх муу зээлийн түүхтэй бүх иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн түүхийг мэдээллийн сангаас арилгах тохируулга хийлээ гэж ойлгосон. Монголбанкны энэ мэдэгдэл мэдээж шууд утгаараа муу зээлийн түүхээсээ болоод зээл авч чадахгүй болчихсон иргэд, байгууллагын хувьд сайн мэдээ.

Ер нь бол зээлийн мэдээллийн санд чанаргүй, муу зээлийн түүхтэй байлаа гээд зээл олгохгүй гэсэн ямар ч хууль, дүрэм, журам байдаггүй. Зээлийн түүх гэдэг нь зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг илэрхийлж байгаа учраас банк, санхүүгийн байгууллагууд тухайн хүний өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, эрсдлийг тооцож зээл олгох эсэх шийдвэрээ бие даан гаргадаг. Арилжааны банкууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдсэн бол зээл олгохоос татгалзаж болно.

Зээлийн мэдээллийн сан, зээлийн мэдээллийн лавлагаа гэж байдаг. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. 2011 онд батлагдаж байсан Зээлийн мэдээллийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 19.1 дээр “Зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг уг санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгална” гэж заасан байдаг бол 11.1 дүгээр хэсэг дээр зээлдэгчийн сүүлийн 6 жилийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгадаг. Өөрөөр хэлбэл, таны зээлийн сөрөг мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас зургаан жилийн дараа арилах боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд 10 жил хадгалагдаж л байдаг юм. Харин Сангийн сайд нэг сайтад өгсөн ярилцлагдаа харилцагчийн зээлийн мэдээллийг 10 жил хадгалагддаг байсныг бид зургаан жил болгосон гэж ярьсан байна лээ.

Энэ оны нэгдүгээр сарын 22-нд нэг иргэн Монголбанкны зээлийн мэдээллийн санг шинэчлэх хуулийн төсөл санаачлах талаар санал гаргасан байсан. Монголбанкны зээлийн мэдээллийн санд иргэд ангилал буурч орсноор банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Мэдээлэл нь зургаан жил болж байж устаж буйг өөрчлөх. Зээлээ төлсөн иргэдийн ангиллыг хэвийн болгох хугацааг өөрчилье гэдэг санал. Тэгэхийн тулд Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн холбогдох хууль, журмыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан хэрэг. Гэтэл 100 мянган санал цуглуулах ёстойгоос ердөө дөрвөн мянга гаруй л хүн гарын үсэг зурсан байсан. Монголбанкнаас гаргасан мэдэгдлээр бол иргэдийн зээлийн лавлагаан дээр гарч ирэхгүйгээр тохируулсан ч хуулиараа зээлийн мэдээллийн сан байдгаараа байж байх ёстой болчихоод байна. Яагаад гэвэл хуулинд өөрчлөлт ороогүй.

Яг үнэндээ Монголбанкны шийдвэр сахилга баттай зээлээ төлж байсан иргэдэд шударга бус тусахаар байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 29.1 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаагаас 88.6 хувь буюу 25.8 их наяд хэвийн, үлдсэн 11.4 хувь буюу 3.3 их наяд нь хугацаа хэтрэлттэй, чанаргүй зээл байна.

Нийт зээлийн 60-аад хувь нь иргэдийн зээл байхад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн 74.5 хувь нь байгууллагынх байна. Эндээс харахад, иргэд ихэвчлэн цалин, тэтгэвэр, хадгаламжаа барьцаалж хэрэглээний зээл авдаг учраас хугацаа хэтрэлт, чанаргүй зээлийн ангилалд багтах нь бага. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ч зээлийн мэдээллийн санд муу түүх үлдээхгүйн тулд аль болох хугацаандаа төлөхийг хичээдэг. Тэгэхээр энэ шийдвэр нь сахилга батгүй хэдэн томоохон аж ахуй нэгжүүдэд хамааралтай юу, магадгүй сонгуулийн жилтэй холбогдуулж гаргасан шийдвэр үү гэх хардалтыг төрүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм.

Тодруулбал, тус байгууламж нь  1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан. 1993 онд “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” Хувьцаат компани болгон шинэчлэн байгуулсан юм.  “Хишиг-Уул” ХК-ийн 51 хувийг Я.Нэргүй, 34 хувийг нийслэл, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус компанийн зарим хувьцаа эзэмшигчид ноогдол ашигтай холбоотойгоор шүүхийн байгууллагад ч нэхэмжлэл гаргаж байсан удаатай.

1984 оны барилга учир дээврийн засварын ажлыг 4 удаа хийсэн. Засвар үйлчилгээний зардлыг хасаад энэ жил  цэвэр орлого 9 сая төгрөг. Засварын ажилд орлогын ихэнх хувийг зарцуулдаг.  Энэ жилийн цэвэр ашиг болох  9 сая төгрөгнөөс  34 хувийн ноогдол ашгийг нийслэлд өгнө гэдгийг  Я.Нэргүй хэлж байв.

2020 онд нийслэлийн Өмчийн харилцаанааы газраас “Хишиг-Уул” компанид хяналт, шалгалт хийсэн бөгөөд энэ үед санхүүгийн асуудалтай гэж дүгнэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Хэрлэн төв бол маш том байгууламж, байнгын болон жижиг түрээслэгчид ихтэй. Гэхдээ олон жилийн турш нийслэлд ноогдол ашиг өгөөгүй. Одоо өмч хувьчлалын асуудлыг буруутгаж ярихгүй. 34 хувийн ноогдол ашгаа хуулийн дагуу авах ёстой. Тус компанид аудитын шалгалт оруулж, үүний дагуу иргэний шүүхэд хандаж, ноогдол ашгаа нэхэмжилнэ. Товчхондоо, Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн асуудал энд бас бугшсан байна. Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 55 минут

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Улстөр нийгэм2 цаг 57 минут

ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хох...

Цаг үе3 цаг 1 минут

Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов

Улстөр нийгэм3 цаг 4 минут

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын т...

Улстөр нийгэм3 цаг 12 минут

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлти...

Цаг үе3 цаг 15 минут

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болго...

Улстөр нийгэм3 цаг 18 минут

Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Шударга мэдээ3 цаг 20 минут

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамру...

Урлаг спорт3 цаг 24 минут

Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ

Улстөр нийгэм3 цаг 26 минут

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол ...

Санал болгох