Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа.
Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм байна.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хотыг тэлэх, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Төв аймаг, Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казакстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байна.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд багагүй газар иргэд, аж ахуйн нэгж авсныг Ерөнхий сайд шүүмжилж, Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал гээд үүнийг шалгахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болголоо. Мөн энэ үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцож, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа бүх сайд нартай хамт дээрх ажилтай танилцсан. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа гурван удаа Хөшигийн хөндийд ажиллаж, зарим үүрэг даалгаврыг өгч байсан, өнөөдөр энэ ажлынхаа биелэлтийг шалгаж буй нь энэ юм.
Улстөр нийгэм
Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа
Улстөр нийгэм
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
Улстөр нийгэм
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.