Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Бямбадорж: Иргэд IV тунд идэвхтэй хамрагдаж байна

Огноо:

,

Короновируст халдварын омикрон хувилбар манай улсад бүртгэгдэж халдварын тоо шинэ оны дараагаас өсөж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс иргэдийг дархлаажуулалтын IV тунд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Шинээр бүртгэгдсэн омикрон хувилбараас шалтгаалан нийслэлд төдийгүй улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж байна. Эмнэлгийн ачаалал хийгээд халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлэл өгнө үү?

-Халдварт өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээнд хоёр зүйл маш чухал байдаг. Нэгдүгээрт өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалт. Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Өнгөрч буй хугацаанд дархлаажуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн 50.8 хувь нь III  тунд хамрагдсан бол IV тунд 25881 хүн буюу  2.7 хувь нь хамрагдаад байна. Иргэдийг IV тунд хамруулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал нэгдүгээр сарын 7-ны өдөр гарсан. Тушаал гарснаас хойших 10 хоногийн хугацаанд хүн амын 2.7 хувь нь вакцин хийлгэсэн гэхээр хүмүүс идэвхтэй хамрагдаж байна гэсэн үг. Вакцинд хамрагдсан иргэдийн хувьд хүн амын дунд үүсэх халдварын хүндрэл бага байна.

Хоёрдугаарт, онцлон дурдах гол зүйл бол халдварт өвчний үед иргэдийн хөдөлгөөнийг багасгах, иргэд хоорондын зай барих, халдвартай иргэнтэй харьцахгүй байх, халдвар авсан иргэд бусдад халдварлуулахгүй байхад анхаарах ёстой. Гэтэл шинэ жилийн үеэр энэхүү дэглэм алдагдсан. Тиймээс ч 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног эхлэх үеэс халдварын тоо огцом нэмэгдсэн. Мөн халдвар авсан хүмүүсийн дотор коронавирусийн омикрон хувилбар оношлогдсон. Омикрон хувилбар нь өмнөх дэгдэлтийн бусад хэлбэрийн вирусээс халдварлуулах идэвх нь илүү өндөр. Дельта, альфа хувилбарын халдвар нь агаар дуслын замаар дамждаг байсан бол омикрон хувилбар бол аэрозоль байдлаар агаараар дамжиж байна. Тиймээс халдвар маш хурдтай тархаж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар халдвар авч эмчлүүлж буй иргэдийн өвчлөлийн байдлыг ажигласан эмч нарын ажиглалтаар омикрон хувилбарын халдварт өртсөн иргэдийн өвчин зовуурь хөнгөн, хатгаа үүсэх нь бага, халдварын үе богино хугацаанд үйлчилж байгаа мэт боловч  халдвар авч буй хүний тоог огцом нэмж, хууч өвчтэй, хатгаа болон уушгины үрэвсэл тусч байсан зэрэг хүмүүст хүндрэл учирч байна. Тэдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ч ор хоног нь өмнөхөөс уртсах эрсдэл үүсэж байна.

-Коронавируст халдварын эсрэг  вакцинжуулалтад  иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа. Нэмэлт IV тунд зорилтот бүлгийн зарим иргэдийг эмнэлгийн заалтаар хамруулж өвчлөлөөс сэргийлэхээр шийдвэрлэсэн юм байна?

-Нэмэлт III  тун болон  IV тунд иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа. Гэсэн хэдий ч олон улсын хэмжээний судалгаа шинжилгээнээс харахад омикрон хувилбарын халдвар нь архаг хууч өвчтэй, уушгины хатгаа болон үрэвсэлт өвчин, эмгэгээр өвдөж байсан хүмүүст эрсдэлтэй тусч байгаа. Тиймээс тэдгээр иргэдийг эрсдэлээс сэргийлж IV тунд хамруулж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалд дурдсанчлан нэмэлт III  тунд хамрагдсанаас хойш гурван сарын дараа, мөн ковидоор өвдсөнөөс хойш гурван сарын дараа IV тунг хийлгэх юм.

-Вакцинжуулалтын цэгүүд хаана байрлаж байгааг мэдэхгүй иргэд цөөнгүй байна.  IV тун хийлгэх иргэд хаана хандах вэ?

-Сүүлийн улирал гаруйн хугацааны туршид вакцинжуулалтыг нийслэлийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвд хийж байгаа. Тухайн хорооны Иргэний танхим болон Өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалт хийж байна. Мөн томоохон худалдааны төвүүдэд дархлаажуулалтын баг ажиллаж байгаа. Дүүрэг тус бүрд нэг худалдааны төвийг сонгон дархлаажуулалтын түр цэг нээсэн.  Түүнчлэн 100-аас дээш ажилчидтай байгууллага захиалга өгч, байгууллага дээрээ вакцины нэмэлт тунд  хамрагдаж болно.

-Шинэ хувилбарын халдвар хурдтай тархсанаас үүдэн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон эмнэлгүүдийн ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань ковидын халдварын хариу арга хэмжээнээс гадна нийслэлийн 1.6 сая хүн амд үндсэн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тиймээс эмнэлгийн ажилтан албан хаагчдын ачаалал асар их байна. Энэ байдал нэг сар үргэлжлээгүй, бүтэн жил орчим үргэлжилж байгаагаас хүний нөөцийн хомсдолд орох, эмнэлгийн ажилтан албан хаагчид халшрах байдал ажиглагдаж байна. Хэдийгээр нэг давлагаанаас нөгөө давлагааны хооронд хүмүүсээ амраах, зарим нэг тоног төхөөрөмжийг сэлбэн шинэчлэх  ажлыг хийж байгаа ч хүний нөөцийн хомсдол үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, 469 резидент эмч нарыг нийслэлийн иргэдийн тусламж үйлчилгээнд ажиллуулахаар өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хуваарилсан боловч тэдний 60 хувь нь л ажиллаж байна. Үлдсэн 40 хувь нь огт ирэхгүй байна. Үүнээс болж  төлөвлөсөн хэмжээний хөнгөлөлт тусламж эмнэлгүүдэд хүрч чадахгүйд хүрсэн. Халдварын тоо нэмэгдэх тусам нэмэлт баг гаргаж байгаа. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 160 багт 705 эмч, сувилагч ажиллаж байна. Ард иргэдийн захиалгаар үйлдвэр аж ахуйн газарт очихоор бол нэмэлт баг ажиллуулна. Өнөөдөр л гэхэд Ковидын амбулатори үзлэгийг 12 эмнэлэгт үдшийн 20:00 цаг хүртэл хийхээр шийдвэрлэсэн. Эдгээр эмнэлгүүд нь цээжний зураг  /рентген/ авах боломжтой эмнэлгүүд юм.

-Ковидын халдвар авсан хүмүүс гэрээр хэд хоног эмчлүүлэх вэ, давтан өвдсөн хүмүүст эмнэлгийн бичиг өгөх үү, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэрээр ажиллах боломжтой юу гэсэн асуултыг иргэд их асуудаг. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Омикрон хувилбарын халдвараар өвдсөн тохиолдолд халдварын нууц хугацаа богино, хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа. Ийм нөхцөлд 3-5 хоногт шинж тэмдэг арилж, халдварлах эрсдэл ч мөн бага байна гэсэн үг. Гэхдээ энэ бол вакцины суурьтай хүмүүст ажиглагдаж байгаа шүү. Гэхдээ тухайн хүнийхээ биеийн онцлогоос хамаарч хүндэрч болзошгүй. Цөөн тохиолдолд уушгины хатгаа болж хүндэрч байна. Дийлэнх нь амьсгалын дээд замын өвчлөл хэлбэрээр илэрч байгаа. Тиймээс богино хугацаанд даван туулах боломжтой. Хөнгөн туссан хүмүүс, залуучууд  маань Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд болон 119 тоот утсаар зөвлөгөө авах, эмийн багцаа авч гэрээр эмчлэх боломжтой юм. Бага насны хүүхэдтэй хүмүүсийн хувьд тухайн байгууллага онцлогтоо тохируулан байгууллага дотроо шийдэх асуудал юм.

Эцэст нь халдвар авахгүйгээр өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ хамгаалахад анхаарах нь хамгаас чухал байна. Дэлгүүр, зах худалдааны төвүүдээр явахгүй байх, олон хөлийн газар болон битүү орчинд удаан хугацаанд байх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг сануулъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.

Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

Огноо:

,

2022 оны байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын 5.5.1а буюу Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын хэмжээнд 17.1 хувьтай байна. Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшинд байна.
 
Дэлхийн 187 улсын Парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал:
 
- Руанда 61.3%,
- Куба 53.4%,
- Никарагуа 51.7%,
- Шинэ Зеланд 50.4%,
- Мексик 50.0%,
- Арабын Нэгдсэн Эмират Улс 50.0%-тай байна.
 
Харин
 
- Нигери 3.6%,
- Оман 2.3%,
- Вануату 1.9%,
- Папуа Шинэ Гвиней 1.7%-тай байгаа нь хамгийн бага байгаа бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй байна.
 
Эх сурвалж: ҮСХ
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ, Зээлийн батлан даалтын сан, BEST, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэв. Монгол Улсад арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд анх удаа гутал сэдвийн хүрээнд хэлэлцсэнээрээ онцлог байлаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцсоноос гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьтны арьсыг байгаль орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь эртний салбаруудын нэг юм. Тодруулж хэлбэл, арьс ширийг авах зорилгоор малаа нядалдаггүй, арьс шир нь хүнсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн юм.

Монгол Улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Үүний зэрэгцээ арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний салбарт нийт 4200 гаруй хүн ажилладаг.

Арьс шир бол олон зуун жилийн турш өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж ирсэн уян хатан, удаан эдэлгээтэй, санхүүгийн хэмнэлттэй, үнэ цэнтэй материал юм. Өнгөрсөн онд үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулсан, 1 сая хос гутал, 1 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж 150 орчим тэрбум нийтдээ салбарын хэмжээнд 290 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулжээ. 

Хөлийг гадны нөлөөллөөс хамгаалах, тухтай алхаж явахад зориулагдсан бүтээгдэхүүн бол гутал юм. Дэлхийн зарим судлаачдын үзэж буйгаар хүн амын дунд хөлийн өвчлөлийг үүсгэх нэг гол хүчин зүйл нь мөн гутал байна.

Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой, түүхий эдийн дундаршгүй нөөцтэй, жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь ДНБ-ийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого, төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой байна.

Арьс ширний салбар тэр дундаа гутал үйлдвэрлэгчид Монгол хүний хөлийн онцлогт тохируулан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Үйлдвэрлэлийн кластер системийг нэвтрүүлэн, чанар стандартыг хэрэгжүүлэх, Туслах материалын дагалдах жижиг үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж ажиллахад бэлэн болсон байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох