Улстөр нийгэм
Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь дараах 3 чиглэлийн хяналт шалгалтыг явуулдаг. Үүнд:
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалт
- Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт
- Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалт.
Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтаар хянан шалгадаг.
Авлигатай тэмцэх газар 2021 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 561 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 12468 иргэнд хамаарах урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Түүнээс гадна 315 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан бөгөөд хяналт шалгалтаар 94 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 48 нэгжээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Авлигатай тэмцэх газар сүүлийн жилүүдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүртгэгдсэн мэдүүлэгт хяналт тавих, нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх шаардлагаар “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт эрсдэл тооцох аргачлал”-ыг боловсрууллаа. Энэхүү аргачлалаар албан тушаалтны мэдүүлсэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт 28 бүлэг, 50 орчим үзүүлэлтээр эрсдэл тооцох боломжтой болов. Аргачлалын дагуу 2019-2020 онд мэдүүлэг гаргасан 40 мянга гаруй албан тушаалтны мэдээлэлд эрсдэл тооцсоноос 8292 албан тушаалтан эрсдэлтэй гэсэн тооцоо гарсан.
Цахим системд бүртгэгдсэн мэдүүлэгт цахим системээр дамжуулан хяналт тавих, нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх ажлыг Дэлхийн банкны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд үндэслэлгүй хөрөнгөжих явдлыг илрүүлэх, мөн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлого нь давтамжтайгаар өсч байгаа албан тушаалтны хөрөнгийн байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж, ийнхүү мэдүүлсэн нь татварын орлоготой нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо
Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургадугаар сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.
Тус онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, Тавантолгой төмөр зам ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөвлөгөөний хэрэгжилт 91,8 хувьтай байна гэж дүгнэсэн байна.
Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаа, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл нээлттэй болж, төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж цаашид компанийн үйл ажиллагаа тогтвортой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах үндсэн нөхцөл бүрдлээ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар тогтоолоор “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, мөн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилон ажиллуулсан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.
Улстөр нийгэм
"Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга амжилттай зохион байгуулагдлаа
Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “ХасБанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Тус компани нийт хувьцааныхаа 5.0% буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож, нийт 35,677,900,000 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.
"ХасБанк" ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны андеррайтерийн систем болон МХБ-ийн арилжааны систем дэх нийт захиалгыг ҮЦТХТ дэх мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 10,708 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 41,824,297,021 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 17.2 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн захиалгын 1,580 ширхэг буюу 1,069,660 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 52.9 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 8, 9-ний өдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
-
Цаг үе2022/06/29
Болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ
-
Цаг үе2021/02/24
Өмнөговь аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хуралдлаа
-
Үзэл бодол2021/09/10
Цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуулийн төсөлд ажил олгогч эзэд, мэргэжлийн хол...
-
Цаг үе2022/11/23
Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно
Сэтгэгдэл