Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 05-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.

-Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улс хилийн боомтууд дахь хяналт, тандалтын ажлыг эрчимжүүлсэн.

2021 оны арваннэгдүгээр 27-ноос хойш коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 411 батлагдсан. Тандалт шинжилгээ үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ хэллээ.
Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48,2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.

Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв.

Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг тэрбээр уриаллаа. 

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд нэг килограммч Хятад цемент хэрэглээгүй

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Тогтохбаяраас цаг үеийн мэдээллээр тодрууллаа.

-Зарим сайтаар шаардлага хангахгүй чанаргүй  цементийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглаж байна гэсэн мэдээлэл түгжээ. Энэ тухай тодруулбал?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Үндэсний үйлдвэрлэгчид буюу МАК ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Налгар түшиг ХХК, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн цементийг замын барилгын ажилд ашиглаж байна.

-Цементийн нийлүүлэлт хэвийн байгаа юу?

-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээн байгуулалтад цементээ хэвийн нийлүүлж байгаа. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК аравдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн тул тэндээс хэрэгцээт  цементээ татаж эхэлсэн.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нийт хэдэн км хатуу хучилттай болсон бэ?

-2022 оны аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 204.11 км замын нэг урсгалын хоёр эгнээ 177 км нь асфальт бетон хучилттай болоод байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

Огноо:

,

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг 2012 онд баталж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Тус хуульд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нийт гурван удаа өөрчлөлт орсон.

Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

Одоо мөрдөгдөж байгаа Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлэх бөгөөд татвар мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн сайдын тушаалаар эрх олгосон 1500 гаруй хувь хүнд бусад улс орны жишгээр татварын мэргэшсэн зөвлөх хуулийн тодорхой нөхцөл, шаардлага хангасан бол татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээх, мөн хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг сонгох боломжтой болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих субъект нь Мэргэшсэн нягтлан бодогчдын институт биш тэднийг гишүүнчлэлдээ нэгтгэсэн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг байх нь зүй ёсны шаардлага юм. Түүнчлэн энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээд (2018 оны судалгаар 700-аад хуулийн этгээд, бас хувь хүн) үзүүлж буй нь далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлөх төдийгүй, хуулийг сахин мөрдөх үйлсэд сөргөөр нөлөөлж байгаа болно гэж хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Тэрбээр хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдаад даруй 10 жил болж байна. Гадаад улс орнуудын туршлагаас харахад хуулийн этгээдээс гадна тодорхой эрх бүхий /бүртгэгдсэн/ хувь хүн татварын тооцоолол хийж, татварын тайлан гаргадаг ба энэ үйлчилгээг татвар хураалт, хяналт шалгалтдаа бүрэн ашиглаж төрийн үйлчилгээг хөнгөвчлөдөг нь олон улсын практик юм.

Тухайлбал, хэрэв татварын мэргэшсэн зөвлөх татварын тайлан гаргасан тохиолдолд татвар төлөгчийн эдлэх татварын хөнгөлөлт буюу илүү төлсөн татварыг буцаан олгох хугацаа бусад этгээдийнхээс богино байх, татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний тусламжтайгаар төрийн татварын үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөх, татварын тайлангийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцуулах төдийгүй энэ үйлчилгээний гаргасан тайланг банкны систем нь зээл олгох үеийн нотолгоо болгодог гэх мэтчилэн сайн туршлагууд олон бий гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Баярдаваа: Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Огноо:

,

Эдийн засагт гадаад хүчин зүйлс илүүтэй давамгайлсан өнөөгийн нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулахад төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

- Төв банкнаас өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа 3 улирал дамнасан мөнгөний бодлогын үр нөлөө өнөөгийн байдлаар эдийн засагт зорилгоо хэрхэн хангаж байна вэ?

- Төв банкнаас инфляцын эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, оны эхэн үетэй харьцуулахад бодлогын хүүг 2 дахин нэмэгдүүлж 12 хувьд хүргээд байна. Дан ганц бодлогын хүү бус инфляцыг өдөөж байсан зарим гадаад хүчин зүйлс, тээвэр логистикийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа нь инфляц буурахад нөлөөлж байна. Шатахуун, мах, хүнсний ногоо гэх мэт дотоод хүнсний барааны үнэ бас инфляц буурахад нөлөөлж байна. Засгийн газраас анхаарал хандуулж, авч хэрэгжүүлж буй зохион байгуулалт бодлого зохицуулалт ч үр дүнгээ өгч байх шиг байна. Сүүлийн саруудад инфляц буурах хандлагатай болж байгааг энд онцлох нь зүйтэй. Тухайлбал, инфляц энэ оны 8-р сард улсын хэмжээнд 14.4 хувьд хүрсэн нь 6-р сарын оргил үеэс даруй 2.5 нэгж хувиар буурсан хэмжээ юм. Цаашид инфляц үргэлжлэн буурч дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгаа хэдий ч гадаад орчны тааварлашгүй нөхцөл байдал гол эрсдэл болсоор байна.

- Гадаад орчноос үүдэлтэй геополитикийн тодорхой бус байдлаас манай эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг бууруулахын тулд бодлогын арга хэрэгслүүдээ нэмэгдүүлэх шаардлагатай юу?

- Үнийн өсөлт дэлхийн нийтийг хамарч, олон оронд сүүлийн хэдэн 10 жилд ажиглагдаагүй өндөр инфляц бий болж байна. Үүнд глобал эдийн засаг цар тахлын хүнд үеэс бүрэн сэргээгүй байхад геополитикийн хямрал нүүрлэсэн нь гол нөлөөтэй. Иймээс бодлогын оновчтой хариу арга хэмжээг авахын тулд макро эдийн засагт үзүүлж буй гадаад орчны нөлөөг зөв таних нь нэн чухал юм. Учир нь үүсээд буй өрнөл нь бодлогын арга хэрэгслээр зохицуулагдах эсэх нь бий болсон өөрчлөлтийн шалтгаан ямар байхаас ихээхэн хамаарна. Хэдийгээр глобал эдийн засагт үүссэн өөрчлөлтийг хүлээж авахаас өөр аргагүй боловч эрсдэлээ бууруулах, санхүүгийн нөөцөө хамгаалах, төрийн байгууллагууд бодлогын орон зайгаа гамнах нь юу ч болж магадгүй ийм тодорхой бус орчинд маш чухал болж байна.

- АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн бодлогын хүүгээ эрчимтэй өсгөнө гэдгээ мэдэгдсэн нь Монголбанкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлогын төсөөлөлд хэрхэн нөлөөлөх бол?

- АНУ-д инфляцын түвшин зорилтоос нь 4 дахин давчаад байна. Үүний дээр сүүлийн сард тус улсын инфляц хүлээлтээс өндөр гарсан учраас Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ цаашид үргэлжлүүлэн эрчимтэй нэмэгдүүлэх хандлагатай болсон. Гэхдээ нэг удаагийн шийдвэрээр ихдээ 0.75 нэгж хувиар хүүгээ нэмэгдүүлж, ирэх онд 4-5 хувьд хүргэхээр байгаа нь Монгол төдийгүй дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээл, хөгжиж буй орнуудын эдийн засагт маш том сорилт болж байна. Гадаад хүүний энэхүү өсөлт нь манай улсын хувьд гадаад зээл, дахин санхүүжилтийн хүүг өсгөх, валютын ханшинд тохируулга хийх, гадаад, дотоод хүүний тэнцвэрийг хангах зэрэг сорилтуудыг бий болгож байна. Мэдээж хэрэг хүү, ханшийн тохиргоо нь инфляц, эдийн засаг, зээлийн нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хүү зэрэгт нөлөөлнө.

- Жил дуусахад 1 улирал үлджээ. Энэ оны мөнгөний бодлого эдийн засгийг сэргээхэд зорьсон. Үр дүнг хэрхэн дүгнэх вэ?

- Ковидын эхнээс сүүлийн 2 жил гаруйн хугацаанд улсын санхүүгийн хуримтлуулсан нөөц, гадаад санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хэрэгжүүлсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч, хөл хорионы дэглэм суларснаар эдийн засаг энэ оны эхний хагас жилд 1.9 хувиар өссөн үр дүнд хүрлээ. Шууд болон шууд бус санхүүжилт, бага бодлогын хүү, зээлдэгчийн төлбөрийн хойшлуулалт, банк, санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлсэн зохицуулалт хөнгөлөлт зэрэг санхүүгийн механизм нь зээлийн тасалдлыг арилгаж, зээлийг сэргээж улмаар эдийн засгийн өсөлт, ялангуяа уул уурхайн бус салбарын сэргэлтэд нөлөөллөө. Мөн тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж уул уурхайн бус салбар нийт дүнгээр 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засгийн идэвхжил бидний хүлээлтэд хүрч сэргэсэн гэж хэлж болно. Нэгэнт уул уурхайгаас бусад салбар хямралын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшинг давсан тул цаашид бодлогыг дунд хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, тодорхой тохиргоог хийж байна. Цаашид экспортын салбар сэргэх нь маш чухал ач холбогдолтой.

- Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын гол зорилтод инфляцын зорилтыг хэдээр тогтоож байгаа вэ? Зорилтыг өөрчилж байгаа юу?

- Инфляцын зорилт ба төсөөлөл нь ялгаатай агуулгатай. Зорилт бол жил болгон өөрчлөгдөх ёсгүй бөгөөд дунд хугацаанд инфляцыг тогтворжуулах хэмжээ юм. Харин инфляцын төсөөлөл, таамаглал бол хүлээгдэж буй түвшин юм. Төсөөлөл болон бодит гүйцэтгэл зорилтоос зөрүүтэй үед түүнийг ирээдүйд зорилтот түвшин рүү тогтворжуулахад мөнгөний бодлого чиглэдэг. Хэдийгээр гадаад инфляц, инфляцад нөлөөлөх хүчин зүйлс маш тодорхойгүй байгаа боловч суурь төсөөллөөр ирэх жилийн эхний 3 улирлын турш инфляц 8%-иас дээш байхаар байгаа бол зорилт 6(+/-2) хэвээр байна. Өөрөөр хэлбэл, одоогийн инфляцыг ирэх жилийн эцэс, 2024 оны эхэн гэхэд 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

- Үүнээс гадна макро зохистой бодлогын хүрээнд санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн ямар бодлого хэрэгжих вэ?

- Монголбанкны хувьд санхүүгийн  системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийн шинжилгээ, мониторингийг хийж, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монголбанкнаас 2018 оны Төв банкны хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш зээлийн хэт өсөлт, зээлийн тасалдлын эрсдэлийг оновчтой удирдаж бууруулахад чиглэсэн олон улсад өргөн хэрэглэгддэг макро зохистой бодлогын хэрэгслүүдийг ашиглан ажиллаж байна. Санхүүгийн сектор тогтвортой байх нь санхүүжилтийг дэмжих чухал хүчин зүйл учраас макро зохистой бодлого үүнд төвлөрч ажиллана. Мөнгөний бодлогын төлөв мэдэгдэхүйц хатуурсан тул инфляцыг тогтворжуулах хүртэл санхүүгийн нөхцөл хатуурах нь ойлгомжтой. Энэ нь зээлийн хүүний өсөлт, шинэ зээл олголтын шалгуур чангарах гэх зэргээр илэрнэ. Харин инфляц, ханш тогтворжих нь мөнгө, төсвийн бодлогоос гадна экспортын гүйцэтгэл, түүний бодит орлого, тээвэр-логистик гэх мэт бусад салбаруудын үйл ажиллагааны тасралтгүй байдлаас шууд хамаарч байна. Энэ үйл ажиллагаанууд тасралтгүй тогтвортой хэрэгжсэнээр зээлийн, санхүүгийн нөхцөл эргэж зөөлрөх хугацаа наашилна.

Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг1 цаг 16 минут

Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ...

Чөлөөт цаг1 цаг 18 минут

Хилчин эмч нар зам тээврийн осолд орсон иргэдийн амь насыг аварлаа

Чөлөөт цаг1 цаг 26 минут

Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджэ...

Үзэл бодол1 цаг 32 минут

Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд нэг килограммч ...

Чөлөөт цаг1 цаг 37 минут

УИХ-ын Тамгын газар номын сангийн сан хөмрөгөө баяжууллаа

Үзэл бодол1 цаг 41 минут

Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх б...

Улстөр нийгэм1 цаг 43 минут

Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний...

Чөлөөт цаг1 цаг 53 минут

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Чөлөөт цаг2 цаг 3 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Чөлөөт цаг2022/10/05

Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад ...

Санал болгох