Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв.
Монгол, Оросын ард түмэн бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн нь улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай гэж үзэж буйгаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд талууд өндөр ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөөний дагуу оны турш өргөнөөр тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ зуунд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.
Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив.
Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов.
Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.
Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлж, оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд ажиллах боломжийг судлах үүргийг өгөхөө илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргаснаа зарлалаа.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Улстөр нийгэм
ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
-
Үзэл бодол2021/10/05
Төвийн дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнтэй уулзав
-
Цаг үе2019/10/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2020/06/16
Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцэнэ
-
Шударга мэдээ2023/10/16
Олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ
Сэтгэгдэл