Цаг үе
Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллаж, улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний хайпермаркет”-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм.

Энэ үеэр Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр гишүүн “Боловсрол, шинжлэх ухааны яамны барилга захиалагчдын албаныханд тус байршлыг үзүүлэн, судлуулсан. Гэвч уг газар нь сургууль барих хэмжээний том биш тул цэцэрлэг барих саналыг хүргүүлсэн юм. Иргэдээс санал авахад ногоон байгууламж хэлбэрээр тохижуулахыг хүссэн. Гэхдээ ногоон байгууламж барилаа гэхэд хэдэн жилийн дараа хэн нэгэн Хотын дарга нь газрын эрхийг цуцлаад, барилга барих зөвшөөрөл олгочих вий гэх болгоомжлол үүсээд байгаа юм. Тиймээс тус чөлөөлсөн газарт цэцэрлэг барих санал гаргаж байна” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 31 мянган хүн амтай, Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай, нягтаршил ихтэй бүс. Тус хорооны оршин суугчдын 16 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өөр дүүрэг, хорооны сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Иймд “Баян Монгол” хорооллын урд, “Олимп” хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ.

Ийн эхний ээлжид Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны дээрх хоёр байршилд нийт 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулахаар боллоо. Ингэснээр дор хаяж 1000 машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гараад байгаа юм.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




