Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд замын ачаалал хэт ихсэж, түгжрэл үүссэнээр иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг зохицуулах, холбогдох арга хэмжээг авах зорилгоор 2021 оны зургаадугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/491 дүгээр захирамж гарч, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Уг Ажлын хэсэг "Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем"-ийг нэвтрүүлэхээр тооцоо, судалгаа хийж байгаа юм.  Тус судалгаа нь нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах зорилготой. Түүнчлэн чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх, тээврийн хэрэгслийн тоон өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг зохицуулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилан удирдаж, хянахаар зорьж байна.

Ажлын хэсгийн гишүүд аравдугаар сарын 18-нд ээлжит тавдугаар хуралдаанаа хийж, дээрх системийн дэд систем болох “RFID бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. Ингэснээр нийслэлийн 161 цэгт буюу Улаанбаатар хотын авто замын уулзварууд болон шалган нэвтрүүлэх товчоон дээр RFID уншигч төхөөрөмжийг суурилуулах ажлыг зохион байгуулах юм. Үүнээс урьтаж "Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем"-тэй холбоход шаардлагатай тооцоо, судалгааг хийж, ачаалал өндөртэй зарим цэгт хийсэн туршилтын ажлын талаар санал солилцож, холбогдох арга хэмжээг шат дараатай авч ажиллахаар тохиролцлоо.

 НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өчигдөр (2024.04.30) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хэмээн салбарын сайд танилцуулав.

Тэрбээр, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан болохыг тодотголоо.

Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж.  

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”,Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгажээ.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийн нэгдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”-ын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, экспортын зах зээлийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт уул уурхайн шилжилтийг хийх, боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог замын төслүүдийг хэрэгжүүлж тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх бодлого баримтална.            

Хоёрдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”-ын хүрээнд үндэсний орон сууцжуулах бодлогыг баялгийн сантай уялдуулан дэмжих, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг эрчимжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөхүйц чадвартай төгсөгчдийг бэлтгэх, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хүн амын бүлэг бүрд зориулан оновчтой хэрэгжүүлэх, соёл, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална. 

Гуравдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”-ын хүрээнд төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглаж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох, шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах, хараат бус, ил тод шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааг хангах бодлого баримтална.  

Дөрөвдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”-ын хүрээнд бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн оролцоог хязгаарлах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.     

Тавдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд ногоон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг хангах бодлого баримтална. 

Зургаадугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төлөвлөх, бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх,  бүсүүдэд эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах бодлого баримтална.

Долоодугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын засаглалыг сайжруулж, иргэд нийгмийн үйлчилгээг төвөгшөөлгүй, өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д авах бололцоог бий болгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг эрчимжүүлэх бодлого баримтална. 

Наймдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын хүрээнд “Нэг цонх-Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хүн, нийгмийн амар тайван орчныг бий болгох бодлого баримтална гэлээ.

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслий тухай

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг баримталсан бөгөөд Төсвийн тухай хууль 281.4 дэх заалт болон холбогдох журмын дагуу төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоог хангахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард зохион байгуулж, холбогдох хуулийн шаардлагуудад нийцүүлэн боловсруулжээ.

Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байхаар байна.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгалаа. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсөвт үзүүлэх нөлөөллийг  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан болно.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Тухайлбал:

- Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.

- Тэнцвэржүүлсэн тэнцэл: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны төсвийн жилээс эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 онд -2.0 хувь, 2026 онд -1.5 хувь, 2027 онд -1.0 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.

- Зарлагын өсөлт: Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь уул уурхайн бус салбарын өсөлт болон өмнөх 12 жилийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байна гэж заасан.  Төсвийн нийт зарлага 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлсөн нь тусгай шаардлагыг хангаж байна.

- Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг 2025 онд 50 хувь, 2026 онд 45 хувь, 2027 онд 40 хувь болгон бууруулахаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан 2024 оны төсвийн жилээс эхлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагын хязгаар, 2026-2027 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Засгийн газраас үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ

Огноо:

,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дах Ялбаг хөндийг нөхөн сэргээж Ялбагийн голыг урсгасан бол энэ удаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд техникийн нөхөн сэргээлт хийх гэж байна.

2023 оны 11 дүгээр 24-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Оюу толгой” компани нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Энэ нь Oyu Tolgoi компанийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын түүчээ болж байна гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Зэсийн баяжмалын арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Огноо:

,

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 29-нд зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.  

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:  

"Монгол Улсын Засгийн газрын 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон бол 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу бид арилжаа зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.  

Энэхүү шийдвэр нь Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн 30 гаруй жилийн түүхэнд бас нэгэн том цонх нээсэн онцгой үйл явдал байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн буюу 2718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаална. Хуурай метр тонн тутмыг 2141.83 ам.доллароос эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг зохион байгуулах юм. Монголын хөрөнгийн бирж, уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжин хөгжиж буй энэхүү түүхэн үйл явцад МУ-ын стратегийн өндөр ач холбогдол бүхий, Монголын ард түмний өөрсдөө гар, бие оролцон бүтээн байгуулсан хамгийн том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсанд бид баяртай байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо дахин талархал илэрхийлээд Монголын хөрөнгийн биржээр арилжаалах зэсийн баяжмалын анхны арилжааг нээх, цан цохин ёслол нээснийг мэдэгдье” гэв.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: “Санхүүгийн зохицуулах хорооноос МХБ-ийн "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам"-ыг 2024 оны 134 дүгээр тогтоолоор үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэн.  

Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, биржийн арилжаанд үр дүнтэй хяналт тавих, зуучлагч брокеруудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, бусад улсын зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллана” гэдгийг онцолсон юм. 

УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга: “Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны турш ажилласан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого Монгол Улсын эдийн засагт орсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлснийг онцлон хэлье. 

Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ийг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу өнөөдөр  зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна” гэв. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Г.Ёндон: “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зэсийн баяжмалаар бүтээгдэхүүний төрөл ангилал нэмэгдсэн нь 2020-2024 онд Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн олон том ажлуудын нэг болж буйг хэлэхийг хүсч байна” гээд арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.  

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох