Цаг үе
Монголын байт харвааны холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монголын байт харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцлаа. Мөн Монголын байт харвааны холбооны газартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг тус холбооны удирдлагууд танилцуулж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандсан юм.
60 гаруй жилийн түүхтэй Монголын байт харвааны спортоор манай улсын тамирчид тив, дэлхий, олимпын наадамд амжилт үзүүлж ирсэн бөгөөд Монголын спортын топ төрөлд багтдаг юм.
2018 онд олон улсын стандартад нийцсэн Байт харвааны “360” талбайг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь монголчуудын үндсэн спортын хөгжилд нэг шинэ алхам болж байсан юм. Тэгвэл Монголын байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Олимпийн наадам болон тив, дэлхийн гол тэмцээнүүд холын зайд буюу 70 метрт явагддаг. Иймээс шигшээ багийн тамирчид тухтай орчинд тогтмол бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэх үүднээс орчин үеийн стандартад нийцсэн бэлтгэлийн төв байгуулах шаардлагатай” гэдгийг тодотгов. Мөн байт харвааг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Цаг үе
Алга болсон 5 настай охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө
Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад “Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн тус дүүргийн 21 дүгээр хорооны захиргаа, 74 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийж, энэ сарын 20-ний өдрийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны төвөөс 4 км орчим зайд уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Цаг үе
Тэрэлж орчмын газрын 94 нүхэн жорлонг нураав
БОАЖ-ын Сайдын "Эрүүл- цэвэр орчин" бүрдүүлэх албан даалгаврын хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 94 нүхэн жорлонг буулган ажиллав.
Тус газарт нийт 189 нүхэн жорлон тоологдсон ба одоогоор 49 хувийн хэрэгжилттэй байна. Үлдсэн нүхэн жорлонг 4 сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Цаг үе
Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна
Өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр Баянхонгор Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж байгаа бол, Говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай шороон шуурга шуурч байна.
Дээр дурдсан аймгуудын нутгаар орон шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд түр зуур 15-27 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Гуравдугаар сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл