Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд тусгай хэрэгцээт сургуулиудад ажиллалаа

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд өнөөдөр ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29, 116, 25 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр сургуульд сурч буй хүүхдүүдийн сурах эрхийг хангах, цаашид авах  арга хэмжээний талаар санал солилцлоо.
Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль нь энэ хичээлийн жилд 272 сурагч, 142 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны дээврийн засвар хийх, сургуулийн автобусны тоог нэмэх, охидын дотуур байрны дулааны асуудлыг шийдвэрлэх, хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэрэг тулгамдаж буй асуудлууд байгааг 29 дүгээр сургуулийн сургалтын менежер, Захирлын үүргийг түр  хавсран гүйцэтгэгч Т.Ундрал хэлж байв.  Харин тусгай хэрэгцээт 116 дугаар сургууль нь энэ хичээлийн жилд 132 сурагч, 79 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн хичээлийн байрны нэг жигүүрийг дотуур байр болгон ашиглаж байгаа бөгөөд үүнээс үүдэн анги танхимын хүрэлцээ хангалтгүй байгаа аж. Мөн тусгай төхөөрөмж брайль цаас, брайль машин хангалтгүй,  тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан цахилгаан шатгүйн улмаас багш нар сурагчдыг нэгээс гуравдугаар давхар руу үүрч зөөж байгаа, сургуулийн орчмын орц гарцын асуудал, цар тахлын нөхцөл байдлаас үүссэн  эмийн зардлын төсөв хүрэлцэхгүй байгаа талаар сургалтын менежер, захирлын үүргийг түр  хавсран гүйцэтгэгч Э.Нүрзэд хэлэв.
Сургууль орчмын орц гарц, эмийн зардлын төсвийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа шийдвэрлэж өгнө гэдгийг энэ үеэр хэлсэн юм.


Түүнчлэн 25 дугаар сургуульд оюун ухааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмын хүрээний эмгэгтэй болон бие эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Энэ хичээлийн жилд 220 сурагч  суралцаж байна. Сургууль хоёр ээлжээр хичээллэж  байгаа бөгөөд сургуулийг өргөтгөх, дотуур байртай болох, багш нарыг чадавхжуулах аргазүйн сургалтад хамруулах, сэтгэлзүйч багштай болох зэрэг асуудлууд  шийдлээ хүлээж байгаа юм.  Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Нийслэлд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд  зориулсан зургаан сургууль үйл  ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд гурван сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эдгээр сургуульд тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн яаж шийдэх талаар санал солилцсон. Мөн бодлогын түвшинд шийдвэрлэх асуудал олон байна. Тиймээс бид уг асуудлуудыг салбарын сайдад уламжилж,  асуудлыг  шийдвэрлүүлэх чиглэлд  анхаарал тавьж ажиллана” гэв.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна

Огноо:

,

Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид үнэлгээ хийж байна

Огноо:

,

Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас томилогдсон олон улсын шинжээчдийн баг Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний мониторинг хийхээр манай улсад 2024 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд ажиллаж байна. 

Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын дарга, багийн удирдагч Русудан Михелизэ, Румын Улсын Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Андрей Фурдуи, Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын Ижил чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллага хариуцсан газрын ерөнхий прокурор Анка Жюрма, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын шинжээч Ноэл Мэриллэт, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын бодлогын шинжээч Аман Ёохал, Португал Улсын Порто хотын Давж заалдах шатны шүүхийн дарга Хосэ Игреха Матос, Европын сэргээн босголтын банкны Худалдан авах ажиллагааны бодлого, зөвлөх газрын туслах дарга Евгений Смирнов, Европын сэргээн босголтын банкны Шударга байдлын төслийн газрын туслах дарга Люк Гриббон нар оржээ.

Олон улсын шинжээчид Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 5 дугаар шатны мониторинг хийх ажлын хүрээнд Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, шүүх эрх мэдлийн байгууллагын болон прокурорын байгууллагын бие даасан байдал, шүгэл үлээгчийн эрх зүйн байдал, бизнесийн шударга байдал, ашиг сонирхлын зөрчил ба хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, авлигын гэмт хэргийн ял оногдуулалт зэрэгт нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна.

Тусгайлсан хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транспэрэнси интернэшнл”, “Глоб интернэшнл” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, бие даасан шинжээч, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан гишүүн орнуудын баталсан аргачлалын хүрээнд үнэлгээний асуултуудад хариулт авч байна. 

Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ нь 1998 онд байгуулагдсан бөгөөд гишүүн улсуудын авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг бүс нутгийн форум юм. Станбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг 2003 оноос эхэлж Авлигын эсрэг сүлжээний дор хэрэгжиж байгаа бүс нутгийн улсууд харилцан үнэлгээ хийх хөтөлбөр.

Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.

Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах  410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ.

Ингэхдээ шүүрт худаг 18, үзлэгийн худаг 6, шингээх худаг 5-ыг хийж, угсрахаар төлөвлөөд байгаа юм.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Санал болгох