Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ

Огноо:

,

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тѳв банкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Жил бүрийн намар Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Инфляцын түвшин 8.9%-д хүрч Тѳв банкны 6+/-2% интервалтай зорилтыг даваад байгаа энэ үед мѳнгѳний бодлогын зорилтоо хэрхэн тодорхойлсон нь анхаарал татаж байна?

-Ирэх оны бодлого маань үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохоон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байгаа.

Инфляцын хувьд Тѳв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мѳнгѳний зѳѳлѳн бодлогоор дэмжих орон зайг олгож буйг онцлох нь зүйтэй. Тухайлбал, цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хѳшүүрэг болж байна. Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго маань хэвээр үргэлжилнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг  эдийн засгийн идэвхжлээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа.

-2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор банкны системд реформын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж байна. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлд гарч, олон нийтэд хувьцаагаа санал болгох тун дөхжээ. Монголбанк 2022 онд банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Энэ чиглэлд гурван үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Нэгдүгээрт, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монголбанк Ковид-19 цар тахлаас үүдэн 2020 онд эдийн засаг болон санхүүгийн мөчлөгийн огцом уналт бий болж, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан иргэд, аж ахуй нэгжүүдийг хамгаалах, банкны секторын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Тухайлбал, төлбөрийн хүндрэлд орсон 146,704 зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2,249 ААН-ийн 2.6 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 59,926 өрхийн 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна (2021 оны 6 дугаар сарын байдлаар). Өөрөөр хэлбэл, банкны системээс гаргасан нийт зээлийн 27.2 хувьд бүтцийн өөрчлөлт хийжээ. Цаашид цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдүүлж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг 2021 оны 6 дугаар сард баталсны дагуу банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, актив хөрөнгийг ангилахтай холбоотой шаардлагуудыг шат дараатайгаар хэвийн горимд шилжүүлэх болно. Ингэхдээ эдийн засгийн сэргэлттэй уялдуулан шат дараатай арга хэмжээ авах юм.

Хоёрдугаарт, банкны IPO нь 2022 оны эдийн засаг, санхүүгийн зах зээлд нѳлѳѳлѳх томоохон үйл явдал байна. Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани, бусад банкийг хувьцаат компани хэлбэртэй байх зохицуулалт орсон. Иймд хувьцаат компани хэлбэртэй банкны хяналт шалгалт болон зохицуулалтыг хэрэгжүүлж, системийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ хѳрѳнгѳ оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх нь ирэх оны нэг том зорилт, ажил болоод байна.

Гуравдугаарт, Монголбанк банкны салбарын  эрх зүйн орчин, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох ажлаа тасралтгүй үргэлжлүүлж, хууль тогтоогч байгууллагатай хамтран ажиллана.

-Технологийн хөгжилтэй зэрэгцээд дотоодод финтек компаниудын тоо нэмэгдэж, олон төрлийн төлбөрийн үйлчилгээг санал болгож байна. Монголбанк төлбөр тооцооны энэхүү хөгжлийг хэрхэн хүлээн авч байна вэ, криптовалют койнууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк санхүүгийн зах зээлийг хѳгжүүлэх зорилгын хүрээнд шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих бодлого баримталж байгаа. Ингэхдээ Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргээ хэрэгжүүлнэ. Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудын зохицуулагч байгууллагуудын бодлого шийдвэр, зохицуулалтын орчин, дотоод зохион байгуулалт нь хурдацтай даган шинэчлэгдэж буй. Тиймээс шаардлагатай зохицуулалтын орчныг тухай бүр шинэчилж, төлбөрийн системд тавих хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн төгрөгт итгэх итгэл, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Харин сүүлийн үед зах зээлд гараад буй криптовалют, койнууд нь үүнээс өөр буюу албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш бөгөөд иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа. Монголбанк ажлын хэсэг байгуулан дижитал мѳнгѳ, цахим мѳнгѳний талаар томоохон хэмжээний судалгаа хийж буй.

-2020 оны 10 дугаар сард ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг 6% хүргэж бууруулсан. Цаашид Монголбанк орон сууцны зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү. Цар тахлын хүнд үед Засгийн газартай хэрхэн уялдаж ажиллах вэ?

-Энэхүү хөтөлбөрийг анх хэрэгжиж эхэлснээс хойш 95 мянга гаруй хүн хамрагдаж орон сууцтай болсон байна. Хүүг бууруулж 6% болгосноос хойш л гэхэд 6,288 өрхөд 457.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Ипотекийн хөнгөлттэй зээлийн хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг бидэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой. Гэхдээ хөнгөлөлттэй санхүүжилт учир Төв банкны мөнгөний бодлогын зорилттой нийцдэггүй. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар Монголбанк ипотекийн зээлиййн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хугацаанд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр зээлийг шийдвэрлэнэ гэсэн үг. Нийгмийн олон талын ач холбогдолтой хөтөлбөр учир тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж төв банк үзэж буй юм. Урт хугацаандаа олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал.

Мөн ирэх жил ₮10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гарч буй ажлын байр, хөдөө аж ахуйг дэмжих, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллана.

- Цар тахлын үеийн эдийн засгийн сорилтуудаас гадна Монгол Улсад урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг энэ удаагийн тѳсѳлд тусгасан байна. Тэгш бус байдал, байгаль орчны асуудлууд нь одоо л анхаарлаа хандуулахгүй бол ирээдүйд эдийн засагт, санхүүгийн системд эрсдэл учруулах зүйлс мѳн үү?

-Дэлхий нийтээрээ л уур амьсгалын ѳѳрчлѳлт, эдийн засгийн тэгш бус байдлын сѳрѳг нѳлѳѳллийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын хувьд ч ялангуяа, цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү ѳртѳж, эдийн засгийн ѳсѳлтийн хүртээмжтэй байдлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.  Төв банк эдийн засгийн бодлогын гол институцийн хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлын талаас ч тэр, санхүүгийн салбарын тогтвортой байдал болон хѳгжил, санхүүгийн хүртээмж болон гүнзгийрэлт, засаглалын чанараар дамжуулан хүртээмжтэй өсөлтийг бий болгох хѳрсийг бүрдүүлэхэд анхаарна. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд зѳвхѳн мал аж ахуй, газар тариалан гэлтгүй эдийн засгийн бүхий л салбарт нѳлѳѳлж, улмаар санхүүгийн секторт тусгалаа олох эрсдэл юм. Иймд хүрээлэн буй орчин доройтох нь эдийн засгийг улам л эмзэг болгох тул зайлшгүй анхаарал хандуулах сэдэв юм. Эдгээр асуудалд зохицуулагч байгууллагууд хамтран дорвитой шийдэл, гарах гарц, гаргалгааг бий болгох нь нэн чухал байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

С.Бямбацогт: Цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа баярлалаа

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 26 км орчим хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл 204 км замаас 167 км нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа учир гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хоёр ээлжээр ажиллаж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэр наймдугаар сарын 15-наас зогссонтой холбоотойгоор цементийн ханган нийлүүлэлтэд нэг үе хүндрэл үүссэн ч дотоодын цемент үйлдвэрлэгчдэд хандан хүсэлт тавьж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, “Мак цемент” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Налгар түшиг” ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Улаанбаатар төмөр зам ХНН дотоодын цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдлаа.

Өдөрт 1000 орчим тонн цемент авахад нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулж, иргэд, жолооч тээвэрчид шороон замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэх боломжтойг онцолсон юм.

Ташрамд дурдахад дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6000 тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд Дарханы замын бүтээн байгуулалтад түүний зургааны нэгтэй тэнцэх хэмжээний цемент шаардагдаж байгаа юм.  

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Н.Учрал: “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж, “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар, "Төрийн хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд ЦХХХ-ны салбарт бодлогын зарим шийдлүүдийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 64 тэрбум төгрөгийг төрийн байгууллагууд сервер, тоног төхөөрөмж, программ хангамжийн зардалд зарцуулсан байна. Гэвч худалдан авч, ашиглаж буй серверүүд нь нэгдсэн байдлаар ашиглагдах боломжгүй өөр хоорондоо ялгаатай, уялдаагүй, үр ашиг багатай.

Мөн ЦХХХЯ-аас гаргасан судалгаагаар 2022-2024 он хүртэл 700 тэрбум төгрөгийг мэдээллийн технологийн зардалд зарцуулахаар төрийн байгууллагын цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн мэдээлэлд тусгагдсан байна.

Тиймээс төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс ЦХХХ-ны сайдын хувиар удахгүй хэлэлцэгдэх төсөвт шинэ санал боловсруулан тусгахаа илэрхийлж байна.

- “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлэх,

- Төрийн мэдээллийн сүлжээнд хандан ажиллах шаардлагатай төрийн байгууллагуудын тус тусдаа сервер, тоног төхөөрөмж, программ хангамж, хүний нөөц ашигладаг байдлыг зохих төвшинд халж нэгдсэн системд нэгтгэх, зардлыг хэмнэх.

Ингэснээр төрийн мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн мэдээллийг хамгаалах асуудалд тодорхой дэвшил гарч, цахим шилжилтэд шаардагдах мэдээллийн урсгал цэгцрэх, төвлөрөх боломж бүрдэнэ. Мөн төрийн байгууллагуудын энэ чиглэлд зарцуулж байсан төсвийн зардал 40 хүртэлх хувиар буурах боломжтой" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Нийтийн тээврийн хүндрэлийг яаравчлан шийдэхийг санууллаа

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. 

Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 965, амралтын өдрүүдэд 720 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна. Хүн тээврийн ачааллын хувьд өглөө ажил цуглах, үдэш ажил тарах үеэр ихээхэн нэмэгддэг бол өдрийн цагаар ачаалал харьцангуй багасаж байгааг өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дурдаж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, эмх цэгцтэй болгох зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зүгээс хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэлэг үйлчилгээг эрэлхийлж байгааг тус газрын дарга Ч.Сайханбаяр тодотгож байлаа.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Mood of Mongolia” байгууллагын залуустай хамтран Ард кино театрын автобусны буудал дээр “Цэгцтэй автобусны буудал” туршилтыг явуулжээ. Энэ нь тухайн буудалд зогсож буй автобусыг чиглэл, чиглэлээр нь тусгайлсан баганын дэргэд зогсоож,  иргэд тэрхүү баганын дагуу ирсэн дарааллаар эгнэн зогсож, үйлчлүүлэх туршилт байсан. Энэ нь бусад улс орнуудад, тодруулбал БНСУ-д хэрэгжиж үр дүнгээ өгсөн туршилт бөгөөд автобуснууд зөвхөн тэмдэгт газарт зогсох, иргэд эмх замбараатай үйлчлүүлэх боломжийг олгож буй юм. Ингэснээр цаг хэмнэх боломжтойг мөн үеэр дурдаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарын удирдлагууд, хувийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус салбарт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь нягтлан, нэн даруй шийдэх үүрэг өглөө. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах, ингэснээр автобусны үйлчилгээг сонгох боломжийг олгох гэхчлэн хүйтэн сэрүүний улиралд яаравчлан шийдэх асуудал чамгүй байгааг анхааруулсан юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох