Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол Улс, АНУ хооронд байгуулагдсан Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцов

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцохоор холбогдох албан тушаалтнууд оролцож байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар Ил тод байдлын хэлэлцээрт тусгагдсан үүрэг, даалгавараа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр нь Улсын Их Хурлаас батлан гардаг хуультай нэгэн адил хүчин төгөлдөр. Ил тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой болно гэв.

АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд 2013 онд Монгол Улс, АНУ Ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр болсон хэмээн уулзалтын эхэнд товч танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлаас өргөн баригдах гэж буй хууль, тогтоомж тэр дундаа Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль нь тус хэлэлцээрийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтой болох тул энэ талаар мэдээлэл авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уг хэлэлцээрийг хэрэгжүүлж дуусахад хүчин чармайлт шаардсан дөрвөн жил болох ба ирэх жил гэхэд үр ашгаа өгнө гэдэгт найдаж байна гэлээ.

Хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүй, дотоод хэргийн яам Хэлэлцээрийг эрчимжүүлэх хүрээнд 2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан тушаал гарсан. Уг тушаалын хэрэгжилтийн хүрээнд журам батлагдаж, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрийн орчуулгыг ГХЯ, УИХ-д өргөн баригдсан хуулийн төслийг ЗГХЭГ, батлагдсан хуулийн төсөл болон холбогдох журмын англи хувилбарыг ХЗДХЯ тус тус хариуцан www.legalinfo.mn цахим хуудсанд байршуулж байна. Өнөөдрийн байдлаар 110 гаруй хууль англи хэл дээр орчуулагдаж, тус цахим хуудсанд байршуулагдсан, үүнээс 43 хууль Ил тод байдлын хэлэлцээртэй шууд холбоотой гэв.

Тэрбээр үрэлжлүүлэн Хууль тогтоомжийн тухай хууль болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв. Нийтийн мэдээллийн тухай хуулийг энэ оны хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн, ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг энэ оны намрын чуулганы хугацаанд өргөн баригдахаар ажиллаж байна. Уг хуулийн төсөлд Ил тод байдлын хэлэлцээрийг эрчимжүүлэх заалт тусгагдсан гэв.

Талууд үргэлжлүүлэн Ил тод байдлын хэлэлцээртэй холбогдуулан хууль, эрх зүйн зохицуулалт, хуулийн орчуулга, цахим платформ, техникийн шийдэл зэрэг бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Огноо:

,

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Огноо:

,

Нийтийн ашиг сонирхлыг  хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна.  Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Огноо:

,

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох