Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Занданшатар: Авлигын дагнасан шүүхтэй болох талаар судалж танилцуулахыг даалгав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга оролцов.  

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Тус хуулийг баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бүрэн нийцсэн шүүх засаглалыг бэхжүүлэх нөхцөл бүрдсэн. Тодруулбал, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгож, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг улам бүр баталгаажуулсан шүүх эрх мэдлийн эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд хэллээ. 

ШЕЗ, ШСХОРООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ 50 ГАРУЙ ХҮСЭЛТИЙГ ИРҮҮЛЖЭЭ 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, хуулийн хэрэгжилтийг хянах шалгах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт уулзалтын эхэнд танилцуулав. Үндсэн хуульд шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар тодорхой бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэлээ. Улсын Их Хурлаас томилох нийт 10 орон тоон нээлттэй сонгон шалгаруулалтад 50 гаруй хүний материал хүлээн аваад байгаа аж. Тус үйл ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн аваагүй тул дээд суудлын хуралдаан болох ёстой бөгөөд эл хуралдааныг хүлээж байгаа гэв. Түүнчлэн Үндсэн хууль дахь “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн заалтын дагуу, шүүх байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн ирэх оны төсвийг Улсын Их Хурал хянаж, түүнийг нь Засгийн газар, Сангийн яам нэгтгэдэг байх зохицуулалтын дагуу гүйцэтгээд байгаа талаар мэдээлэл өгч, дэлгэрэнгүй танилцуулга хийсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй…” гэж заасны дагуу өнөөдрийн уулзалт албан ёсны тэмдэглэлтэй явагдаж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж хэлсэн. Хуульд туссан, шүүгчийг нөлөөллөөс хамгаалах агуулга бүхий олон улсын энэхүү сайн жишгийг бүх шатандаа хэвшүүлэн ажиллахыг энэ үеэр сануулж байлаа.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны болон давж заалдах шатны 116 шүүхэд 500 шүүгч ажиллаж байгаа ба үүнд 41 шүүхийн Тамгын газар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд мэдээлэл судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжилттэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээллийг өглөө. Хуульд Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгохоор хуульд заасны дагуу энэ оны гуравдугаар сарын 01-15-ны өдрийн хооронд нийт шүүхийн Ерөнхий шүүгчээ сонгосон байна. Мөн шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг батлахаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлээд байгаа гэв. Өөрөөр хэлбэл, эл шалгуур үзүүлэлтийг баталсны дараа Засгийн газарт холбогдох саналаа хүргүүлж, Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг болох тойргийн болон дагнасан шүүх байгуулах юм байна. Шүүхийн захиргааны чиглэлээр үйлчилж байгаа дүрэм, стандарт, аргачлалыг  дээрх хуульд нийцүүлэн боловсруулах ажлыг хуваарь гарган гүйцэтгээд байгаа юм байна. Нийт 50 гаруй баримт бичиг батлахаас зургааг нь баталж, үлдсэн дүрэм, журам, стандарт, аргачлалыг боловсруулсан байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл томилогдсоны дараа хэлэлцэж, батлахад бэлэн болоод байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Ирэх оны төсвийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хянуулсны дагуу хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүлээд байгаа гэв. Ирэх оны төсвийн төсөлд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын дагуу шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудын, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг нэмэгдүүлэхээр, шүүгчийн цалингийн нэмэгдлийн тооцоог тусгасан байна.

Хуулийн 20 дугаар зүйлд нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах талаар заасан бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнөөдрийг хүртэл 8 удаар хуралдаад, 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар ажиллаж байгаа гэв.

Үргэлжлүүлэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүсээд байгаа бэрхшээлүүдийн талаар Э.Батбаяр дарга танилцууллаа. Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сахилгын хороо байгуулагдаагүйн улмаас энэ төрлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэв. Мөн шүүгч нарыг шилжүүлэн томилох бололцоог хуулиар хязгаарласан учраас боловсон хүчний нөөц хуваарилалтад бэрхшээл үүсээд байгаа талаар мэдээлэл өгсөн. Хуульд "сэлгэн ажиллуулах” гэсэн шинэ арга хэлбэрийг тодорхойлсон, холбогдох судалгаа, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа, гэхдээ шүүгчийг шилжүүлэн томилох боломжийг хуульд нээж өгөх асуудлыг тэрбээр хөндлөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЭС ҮЙЛДЛЭЭРЭЭ ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙГ ГАЦААЖ БАЙНА

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжээд зургаан сар болсон, энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах ажил гацаад байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. Цэцийн дээрх дүгнэлтийн талаарх шийдвэрээ Улсын Их Хурал тавдугаар сард гаргасан байхад Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл дээд суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй байгаа юм байна. Цэцийн энэхүү эс үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл; шүүгчийн алдаа оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг "шударга ёсны араа шүд" болж байх ёстой хоёр байгууллага нь байгуулагдаж чадахгүй өнөөдрийг хүрээд байгааг хэллээ. Тиймээс шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц энэ сард багтаан дээд суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. 

Мөн тэрбээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хөндсөн. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүй байгааг шүүмжиллээ. Мөн хуулийн 22 дугаар зүйл буюу шүүхийн шийдвэрийг ил тод, нээлттэй, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр тухай бүр олон нийтэд мэдээлдэг, бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулах, шүүхийн шийдвэрийг эмхэтгэн хэвлэх заалтууд хэрэгжихгүй байгааг Улсын дээд шүүхийн төлөөлөлд анхааруулсан. Шүүх шударга ёсыг сахиулдаг, харин шударга ёс олон нийтийн итгэл дээр тулгуурладаг гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэлээд “Шүүх нээлттэй, ил тод, ойлгомжтой, үндэслэлтэй шийдвэрээр дамжуулан олон нийтийн итгэлийг олно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн нэн чухал ач холбогдолтой энэ заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байна” хэмээн анхааруулав. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хорооны байр, орон тоо, төсвийн асуудлыг Засгийн газар, холбогдох талууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэх, нийт шүүгчдийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах зэрэг саналыг тэрбээр хэлсэн.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулав. Хуулийн шинээр тусгагдсан зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн танхимуудын бүрэлдэхүүнээ шинэчлэн, үүссэн байсан тодорхой бэрхшээлүүдийг шийдвэрлээд байгаа гэлээ. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойрын хугацаанд саналыг хүргүүлэхээр төлөвлөөд байгаа гэдэг мэдээллийг тэрбээр өгөв. 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасан. Эл хүрээлэнг байгуулах ажлыг зохион байгуулаад байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг мэдээлэх, олон нийтэд түгээх ажлыг хүрээлэнгээр дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэв.  

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангахаар Улсын Их Хурал шүүхийн шинэтгэлийг хийсэн. Шүүх засаглалыг аливаа улс төрийн хүрээлэл, тодорхой улстөрчийн нөлөөллөөс ангид байлгах зорилгоор хийсэн эл шинэтгэл ийнхүү гацаад байгааг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат дурдаад, төрийн аливаа үйл ажиллагааг тодорхой цаг хугацаатай болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг хэлсэн.

УИХ-ЫН ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: УИХ-ЫН ЖИШГЭЭР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЦАХИМЖУУЛАН ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ 

Иргэдийн шударга ёсны хүсэмжлэлд хариу болгох шаардлагын үүднээс тал бүрээсээ зөвшилцөж, олон нийтээрээ хэлэлцүүлсний эцэст Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхтэй холбоотой асуудлуудыг тусгасан гэдгийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хэллээ. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан ч хэрэгжүүлэх шатандаа гацчихаад байгаа тул шалтгааныг нь нэн даруй арилгах шаардлагатай гэв. Улсын Их Хурал эрх мэдлийн хяналт тэнцлийг нэн тодорхой хуульчлаад байхад гүйцэтгэлийн шатанд, явцын дунд ямар алдаа, гажилт үүсдгийн тод жишээ болж байгааг тэрбээр тайлбарлаж байсан. 

Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд тусгасан 12 хуулийг Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд үйл ажиллагаагаа цахимжуулан, хэлэлцэн баталсан. Бусад байгууллага энэ жишгээр үйл ажиллагаагаа цахимжуулан, тасралтгүй ажиллах боломж бий гэдгийг онцолсон. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх чиглэлд талууд хамтран, шаардлагатай зохицуулалтыг хийх нь зүйтэй гэв.

АВЛИГЫН ХЭРГИЙГ ДАГНАН ШИЙДВЭРЛЭДЭГ ШҮҮХ БАЙГУУЛАХ ТАЛААР СУДАЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХИЙГ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ДААЛГАВ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулан хангах ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд "Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилтуудын нэг" хэмээлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Хууль засагладаг эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт онцгой, чухал ач холбогдолтой. Иймээс баталсан хуулийнхаа хэрэгжилтийг өнөөдөр хянан хэлэлцэж, учирч буй саад бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо.  Нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах шаардлагатай. Олон жилийн турш бид бүгдийн ярьж ирсэн “Шударга бусын хонгил”-ыг нураах зорилгоор, шүүх засаглалыг нэг албан тушаалаас хамааралтай байдаг байдлыг халах зорилготой заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тус зөвлөлийг олон улсын жишгээр нийтэд ил тодоор, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байгуулах юм. Хамгийн гол энэ заалт хэрэгжихгүй байгаа нь шүүхийн нэр хүндийг ч бууруулж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах эл зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулна" гэсэн юм. Уулзалтад оролцогчдын гаргаж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Эдгээр хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэн, баталснаар Монгол Улсын шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм байна. 

"Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ" гэж тусгасан. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар олон улсын жишгийг судалсны үндсэн дээр Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд төслийн сонгон шалгаруулах зарчмыг нийт төрийн алба баримтлах нь зүйтэй гэв. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн албанд шилдгүүдийг ШИЛЖ, СОНГОН ажиллуулах боломжгүй байгаа учраас дээрх хууль, журмыг гаргаж байгаа гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон шүүгч нарын сонгон шалгаруулалтдаа ч дээрх зарчмыг баримтлах чиглэл өглөө.

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдсан зохицуулалтуудыг хэрэгжүүлж, хэвшихийг сануулав. Тодорхой албан тушаалтнуудтай уулзахдаа нээлттэй, ил тодоор, албан ёсны тэмдэглэл хөтлүүлж, дараа нь түүнийгээ архивт хадгалуулах нь хараат бус байдлыг бэхжүүлэх, эрх зүйт төрийн үндэс гэдгийг онцолсон юм. Тиймээс ч энэ удаагийн уулзалтыг олон нийтэд нээлттэй, албан ёсны бүрэн тэмдэглэлтэй, хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хэрэгжүүлж зохион байгуулж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдлаа. Бүх шатны шүүгч нар эл зохицуулалтыг ягштал хэрэгжүүлж хэвших ёстой гэдгийг тэрбээр хэлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид таван төрлийн сахилгын шийтгэл оногдуулдаг болсон. Шүүгч нар санаатай болон санаандгүй байдлаар ямар нэг зөрчил гаргахгүй байхад онцгойлон анхаарч, дор бүрнээ хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстойг мөн сануулж байв. Улсын Их Хурлын дарга, нийт шүүгчдийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын эхээр Төрийн ордонд зохион байгуулах Б.Энхбаяр гишүүний санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Шүүх байгуулах асуудлыг нэн яаралтай Засгийн газраар дамжуулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Тэрбээр "Авлигалын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигалын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг" гээд авлигалын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болголоо. 

Улсын Их Хурал онцгой нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд холбогдох хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн талаар дурдаад "Үндсэн хуулийн цэц цар тахлын нөхцөлд цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй" хэмээлээ.

Төгсгөлд нь шүүх засаглал шинэтгэлийг бодитой хэрэгжүүлж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг ханган баталгаажуулахад онцгой анхаарч ажиллахыг хүсээд "Төр цэгцэрвэл улс хөгжинө, шүүх цэгцэрвэл шударга ёс тогтоно. Ажлын амжилт хүсье" гэв. 

Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Цогтсайхан нарын албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох