Улстөр нийгэм
Концессоор хэрэгжиж байгаад ажил нь зогссон боловсролын салбарын төсөл, арга хэмжээнүүдтэй танилцав
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг өнөөдөр /2021.08.05/ Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй танилцлаа.
Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүсэд буюу сургууль, цэцэрлэггүй хороодод тус бүр нь 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөгдөн 16 байршилд ажил нь эхэлсэн ч концессийн жагсаалт 2019 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсноор эдгээр төсөл, арга хэмжээ зогссон байна. Төлөөлөл болгож Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8 дугаар хороодод хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин болон ажлын дэд хэсгийн гишүүд танилцав.

Энэ үеэр дэд ажлын хэсгийн гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан толгой компанийн гэрээ цуцлагдсанаар туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй болсон. Концессийн жагсаалтыг хүчингүй болгохдоо цаашид санхүүжилтийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр Засгийн газрын газраас чиглэл гарсан ч тэгж шийдвэрлэх бололцоогүй гэдэг асуудлыг Нийслэлийн Засаг дарга Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавьж байгаа.
Эдгээр 16 төсөл, арга хэмжээнээс ганцхан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болсон, улс худалдаж авах асуудал хүлээгдэж байна. Үүнээс бусад 15 байршлын төсөл арга хэмжээний ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн, 5-20 хувийн гүйцэтгэлтэй. Бүгдийнх нь газрын гэрчилгээ нь Нийслэлийн боловсролын газрын нэр дээр гарсан. Төсөв нь шийдэгдвэл гүйцэтгэгч компаниуд нь гүйцээж барьж, дуусгах боломжтой. Үргэлжлүүлж барихад төсөвт өртөг нь ковидоос шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдэх гол хүндрэл үүснэ. Одоогоор нэг төслийн хөрөнгө оруулалтад 4.5-4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай тооцоо гарч байна хэмээн мэдээлэл өглөө.

Төсөл, арга хэмжээтэй танилцсаны дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг эдгээр төсөл хүн амын нягтрал өндөртэй, сургууль, цэцэрлэггүй хороодод буюу үнэхээр чухал шаардлагатай газраа хэрэгжиж байна гэдэг маш чухал. Хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Цаашид бараа материалын үнэ өссөөр байвал төсөвт өртөг нь бүр л нэмэгдэнэ. Энэ ажлууд зогссоноор иргэд, хүүхдүүд хохирч байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөө гаргаад ажил эхэлсэн гүйцэтгэгч компаниуд ч хохирогч болж байна. Цаашид эдгээр төслийг яаж явуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөлд санал, дүгнэлтээ оруулна хэмээв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин сургууль, цэцэрлэгийн барилгыг анхнаас нь концессоор явуулах нь зөв байсан уу гэдгийг эргэж харах шаардлагатай юм байна. Ер нь ингээд сэглээд хаячихсаны хариуцлагыг хэн үүрэх вэ. Цаашид энэ төслийг хэн хариуцаж, яаж явуулах вэ гэдгийг иргэд харж, хүлээж байгаагаа хэлж байна. Одоо шинэ бүтээн байгуулалт хийгээд явахдаа гол нь биш, эдгээр эхлүүлсэн ажлаа санал нэгтэйгээр бүрэн гүйцэд дуусгах нь нэн тэргүүний зорилт. Улсын төсвөөр ажил нь үргэлжлэх нь тодорхой байх. Эрх ашгаар нь эрэмбэлэх юм бол нэн яаралтай дуусгах шаардлагатай энэ бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг болж өгвөл ирэх оны төсөвт суулгахаас өөр гарцгүй юм гэж харагдаж байна гэв.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч болох “Жи Эн Зэт Эф Икс” ХХК-ийн захирал Ж.Даваа-Ундрах энэ төсөлд бүх хөрөнгөө оруулж, суурь тавихаас эхлээд өдий хүргэчихээд буй талаараа ярьж байлаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилласан тухай ЭНДЭЭС уншина уу гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
