Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЗГ: Хичээлийн шинэ жилийг есдүгээр сард эхлүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 04-нд болж, бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх, бэлтгэл хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст даалгав.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.

Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байна.

Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэнэ.

Цэцэрлэгт эхний ээлжинд дөрөв, таван настай хүүхдийг танхимаар хамруулна. 2-3 настай хүүхдийг коронавируст халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна. 

Энэ хичээлийн жилд 1.515 цэцэрлэгт 232,000 хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцана. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн багш, ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Мөн наймдугаар сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

ХАСХОМ-ийг шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд 40 гаруй хувьтай байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 19 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 5 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 14 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Дулааны 4 дүгээр станц" ТӨХК, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын нийт 20 зөрчилтэй албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Монгол Улсад бий болсон коронавирус /омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий  албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт  онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. ХАСХОМ-ийг шинэчлэн гаргаж бүртгүүлэх үйл ажиллагаа улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд уг ажлын явц 40 гаруй хувьтай байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

СЗХ: Хамтарч ажиллах чиглэлээр санал солилцлоо

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар энэ сарын 21-ний өдөр санал солилцлоо.

Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр талууд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа эрхлэх таатай орчинг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр болов.

Санхүүгийн зохицуулах хороо үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс олгож эхэлсэн бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 40 хуулийн этгээд, 436 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болж, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Өнгөрч буй 14 хоногийн хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос зургаан иргэнийг аварч, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллажээ. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд  нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон  дүүргүүдийн  Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан,  220 метр суваг татаж урсцыг чөлөөлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Онцгой байдлын газрын дарга анхаарууллаа. Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж. Харин нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох