Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолыг баталлаа

Огноо:

,

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэг хийлээ.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон. 

Манай улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр бусад улс, ялангуяа гуравдагч хөрш болох АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээж ажиллуулах Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх боломжтойг сайд танилцуулсан юм.

Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон (6000), төвийн бүсийн Чикаго хот (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод төвлөрөн суурьшдаг байна. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчимд оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлагатай байгаа аж. Чикаго хот нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 1600 км зайд оршдог бөгөөд тус хотод Консулын газар нээснээр Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота зэрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,2 хувь нь дэмжив.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичид сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр улсын тээврийн салбарын түүхэн харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Талууд энэ удаагийн уулзалтаар авто зам, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, Богд хаант төмөр зам болон манай хоёр улсын зам, тээврийн салбарт найрамдлын бэлэг тэмдэг болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич хэлэхдээ,
 
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик хүчтэй өөрчлөлтүүд явагдаж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон. ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрээд байгааг онцлоод, Монгол Улсын хувьд газар зүйн маш чухал байрлалд оршиж байгааг хэллээ.
 
Түүнээс гадна өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд авто зам барих асуудал хамгийн чухал төдийгүй энэ төрлийн бүтээн байгуулалтад тус улсын компаниуд оролцох сонирхолтой байгааг илэрхийлж байв.
 
Уулзалтын төгсгөлд талууд УБ-Москва чиглэлийн шууд нислэг болон Баруун, Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, түүний эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцоод, дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэхээр ажлаа эрчимжүүлж байна гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.
 
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн зүүн босоо буюу Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжсэнээр төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн эргэлт, хүчин чадал, экспорт, импортын урсгал нэмэгдэж, далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.

Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.

Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.

2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.

Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох