Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа

Огноо:

,

Монгол УИХ-ын эмэгтэй гишүүд энэ сарын эхний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар болон Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдлээ.

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаар 180 гаруй сая хүн халдварлаж, 3.9 сая хүн амь насаа алдаад байгаа тоон мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэв. Өнөөдрийн байдлаар манай улсын 117.963 хүн коронавирусний халдвар авч 79.602 хүн эмчлэгдсэн бол нас барсан хүний тоо 578 хүрсэн байна. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед УИХ-ын эмэгтэй гишүүд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрээ хойшлуулах саналыг Засгийн газар, Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын эмэгтэй гишүүдийн энэхүү саналыг хүлээн авч, судалж, шийдвэрлэх хариу өгсөн байна.

Түүнчлэн коронавирусний халдварын эсрэг сан байгуулах санаачилга гаргаснаа зарлаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мэдээлэл өгөв. Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг бүхий л боломжоо дайчлан тэмцэж байгааг тэрбээр тэмдэглээд “Харамсалтай нь коронавирусний халдварын улмаас олон хүн амь насаа алдлаа. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам нь Монгол Улсын хувьд түүхэн ой, чухал арга хэмжээ хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн иргэд тодорхой асуудлуудыг хөндөж байгааг Х.Булгантуяа гишүүн дурдав.

Нэн тэргүүнд вакцинд хамрагдаагүй унаач хүүхдүүдийн халдварт өртөх эрсдлийг хөндөж, цаашлаад иргэд, аж ахуйн нэгжүүд бизнесээ ч явуулж чадахгүй байхад Үндэсний их баяр наадмыг хийх нь зөв эсэх асуудлыг тавьж байгаа гэв. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдүүдийн амь насыг эрсдэлд учруулахгүй байх, улмаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын шинэ нөхцөлд бэлтгэлтэй байх шаардлагын үүднээс Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар  холбогдох байгууллагуудад хүргүүлсэн саналыг нааштай шийднэ гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам нь монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт арга хэмжээ хэдий ч дараах гурван зарчмын хүрээнд хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өгөв. Тодруулбал, иргэд дэглэмээ бариад, аж ахуйн нэгжүүд хууль журмаа биелүүлж байхад төр засаг хүн амыг олноор нь цуглуулах эрсдэлтэй үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Улсын Их Хурлаас баталсан Хүүхэд хамгааллын хууль дахь “хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд оруулахгүй байх, амь нас нь аюулд өртөх тэмцээн уралдаанд оруулахгүй байх, даатгалгүй уралдуулж болохгүй” гэсэн заалтууд зөрчигдөх нөхцөл үүсэх эрсдлийг төр засгийн бүх түвшинд анхаарч үзэх ёстой гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Санхүү, эдийн засаг, хүний нөөц зэрэг бүхий л бололцоогоо КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, даван туулахад зарцуулах шаардлагатай үе ирсэн учраас хамтдаа хүчин чармайлтаа нэгтгээд наадмыг хойшлуулах хэрэгтэй. Цар тахлын халдвар дарагдсан үед наадмаа сайхан хийж болно гэсэн байр суурьтай байна” гэлээ.

Коронавирусний халдварын улмаас эцэг, эх нь амь насаа алдаж өнчирсөн хүүхдүүдийг насанд хүртэл нь халамжлах тусгай сан байгуулах санаачилга гарган ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэдээллээ. 2021 онд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулах зорилгоор Хүүхдийн төлөө санг байгуулсан. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан тус сангийн үйл ажиллагаа, зориулалтыг өөрчлөх, коронавирусийн халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь дэмжлэг үзүүлэх, эм, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зорилтот бүлэгт халамж үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Энэ зорилгоор УИХ-ын эмэгтэй гишүүд сарын цалингаа энэ төрлийн үйл ажиллагаанд хандивлаж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээ хүмүүнлэгийн энэхүү үйлсэд нэгдэх уриалгыг гаргалаа.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн саналыг Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж байгаа бол Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа шийднэ хэмээн найдаж буйгаа М.Оюунчимэг гишүүн хэлсэн. Мөн коронавирусний халдварын улмаас амь насаа алдагсдад эмгэнэл илэрхийлж, зул өргөх арга хэмжээ зохион байгуулна гэлээ. Мөн цар тахлын эсрэг тэмцэх чиглэлээр Улсын Их Хурлаас гаргаж буй шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Коронавирусний халдвар нь бүх улс орнуудад тулгамдаад буй шинэ хүндрэл тул  улс орнууд дотооддоо эв нэгдэлтэй, гадаад хамтын ажиллагааны дэмжлэгээр даван туулна гэдгийг тэмдэглэн, эл уриалгыг нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд УИХ-ын эмэгтэй гишүүд сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл өгсөн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох