Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Огноо:

,

Цаг уурын байгууллагаас ирэх долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол нутгийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангай, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 28–32°С хүрч хална.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим,  хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар сэрүүснэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 30–34°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас  бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 32–36°С хүрч хална.Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.  

Эх сурвалж: ЦУОШГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Хүүхдийг 2 нас, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх, эцгийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс төлнө

Огноо:

,

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа

Огноо:

,

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж буй.

Хотын стандарт мөрдүүлэх ажлын хүрээнд барилга, дэд бүтэц, барилгын гадна орчны аюулгүй байдлын чиглэлээр хээрийн судалгаа хийсэн. Судалгаагаар барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулаагүй, барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй, эрх бүхий байгууллагаас олгодог баримт бичгийн зөрчилтэй, нийтийн эзэмшлийн газарт илүү хашаалсан, явган зам, авто зам эвдэлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

Тухайлбал,

  • Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, иргэн Д.Пүрэвдоржийн зургаан давхар орон сууцны барилгын түр хашааны стандарт шаардлага хангахгүй, барилгын орчны аюулгүй байдал алдагдсан зөрчлийг арилгалаа.
  • Чингэлтэй дүүргийн эмнэлгийн барилгын гадна хашаа стандартын шаардлага хангаагүй, явган замгүй, нийтийн эзэмшлийн газарт хамгаалалтын тор тавьсан зөрчлийг арилгав.
  • Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, “Таван булаг Хөгжил Констракшн” ХХК барилгын түр  хашаа стандартын шаардлага хангахгүй байсан зөрчлийг арилгалаа.
  • Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, “Аргамаг” ХХК-ны барилгын түр хашаа стандартын шаардлага хангахгүй байсан зөрчлийг арилгав.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Мөн шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга байгууламжийг албадан буулгана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Огноо:

,

Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20  дугаар хороонд ажиллалаа.

Тус дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайд хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр хураах, хүнд даацын автомашин байрлуулах зэрэг олон зөрчил гаргадаг. Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр хороодод ажиллаж байгаа шалтгаан бол Улаанбаатар хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг Сонгинохайрхан дүүргийн удирдлага, хотын харьяа агентлагууд хамтдаа хийх хэрэгтэй. Энэ зам Энхтайваны өргөн чөлөө буюу Улаанбаатар хотын баруунаас зүүн зорчих гол зам. Энэ замаар гадаад дотоодын зочид явдаг. Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан үзэхээр Хүй долоон худаг, баруун аймгууд явдаг. Гэтэл энэ зам дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг олгосон зориулалтаас нь өөр зориулалтаар ашиглаж байгаа зөрчлүүд олон жил үргэлжилж байгаа. Тухайлбал, энэ төв зам дагуу хоёрдогч түүхий эд авах, хаягдал төмөр цуглуулах байдал их. Цаашлаад уул уурхайн тоног төхөөрөмжүүд, том дунд оврын машиныг нийтийн эзэмшил, явган хүний зам хааж тавьж худалдан борлуулдаг. Түүнчлэн автомашины дугуй худалдаа, хивэг, будаг зарж байна. Ашиглалтын шаардлага хангахаа байсан машинуудыг тээвэрлэх, засварлах, тос масло солих олон үйл ажиллагаа явуулаад байна. Ерөөсөө явган хүн алхах боломжгүй шахам боллоо. Эдгээр асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллана” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Энэ жил цас их унасан учраас замууд дээр давс, бодис маш их хэмжээгээр цацсан. Үүнээс улбаалж эвдрэл их гарлаа. Энэ сарын 10-наас замын нөхөөс хийх ажлууд эхэлсэн” гэдэг мэдээллийг өгөв. Өнөө жил Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүхэлд нь хучих ажил хийнэ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Энхтайваны өргөн чөлөөний замыг хучих хүрээнд Орбитын зам, Тахилтын зам, Найрамдлын зам, Баянхошууны замыг бүхэлд нь хучна” гэдгийг онцоллоо.

Харин Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Хархорин” худалдааны төвөөс “Саппоро” хүртэл 1.5 км газарт ногоон байгууламж, дугуйн зам, тоглоомын талбай, зогсоол, стандарт шаардлага хангасан ус зайлуулах хоолой зэргийг хийсэн. Дээрх ажилтай хотын дарга танилцаад 1 дүгээр хорооллын ард зам дагуух нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж амралтын талбай болгон тохижуулах үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох