Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монголын радиогийн нэвтрүүлэгчид олон улсын жишиг студиэс тив дэлхийтэй мэндчилнэ

Огноо:

,

Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Тодруулбал, Монголын радиогийн 85, “Алтан сан хөмрөг”-ийн 65 жилийн ойн өдөр есдүгээр сарын 1-нд буюу энэ ням гарагт тохионо.

1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. Ийн Монголын өглөө Монголын радиогоос эхлээд 85 жилийг ардаа үджээ.

Тэгвэл өнөөдөр МҮОНР сүүлийн үеийн, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж бүхий, шинэлэг дизайнаар тохижуулсан студийнхээ нээлтийг хийлээ. Маргаашаас эхлэн олон нийтийн радиогийн нэвтрүүлэгчид уг студиэс “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна” хэмээн Монгол орны өнцөг булан, хязгаарт бүрт хүрч тэнд буй сонсогч, үзэгчидтэй болон тив дэлхийтэй мэндчилэх юмМҮОНР-ийн шинэ студийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Монголын радио дүрстэй радио болж дэлхий дахинаа дуу хоолойгоо цуурайтуулах цаг ирсэн. МҮОНР-ийн эфирийн нэгдүгээр студийг Наро Банчэн хутагт сангийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн стандартын дагуу засаж, тохижуулж, хамт олондоо хүлээлгэж өглөө. Мөн студийн нээлт, баярын арга хэмжээнд Монголын радиод залуу нас, эрдэм боловсролоо зориулсан ахмадууд оролцож байна. Бид энэ өдөр ахмадууддаа Монголын радиод хийгдэж буй бүтээн байгуулалт болон нэвтрүүлэг контентоо тайлагнана. Өмнө нь энэ студиэс олон сайхан нэвтрүүлэг сонсогч түмэнд хүрч байсан бол одоо дүрстэй сонсогч, уншигч, үзэгчдэд хүрнэ” гэлээ.

Мөн МҮОНР-ийн Нэвтрүүлгийн албаны дарга Б.Баярсайхан “Монголын радиогийн 85 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ 85 жилийн түүхийн үйл явдал бүрт Монголын радио ямар нэг хэмжээгээр оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч байж ирсэн. Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж,  1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан. Монголын радио ийм арвин түүхтэй.

Шинэ мянган гараад радиогийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөн. Нөгөө талаасаа радиог зөвхөн шугамын хүлээн авагчаар сонсдог үе ард үлдсэн. Радиог сонсохоос гадна үздэг, уншдаг хөгжил рүү шилжиж байна.  МҮОНР эфирийн нэгдүгээр студиэ иж бүрэн тоноглож тохижууллаа. Энэ студи интернетээр дүрстэй дамжуулалт хийх олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан гэдгээрээ онцлог. Эфирийн нэгдүгээр студийг шинэчлэх санхүүжилтийг Наро Банчэн хутагт сан нийгмийн  хариуцлагынхаа хүрээнд манайд олгосон” гэсэн юм.

Дараагаар нь Монголын радиогийн ахмад сэтгүүлч Э.Баатарчулуун “Би Монголын радиогийн ахмадуудын нэг ээ. Би радиодоо 35 жил ажиллаж, тэтгэвэрт гарсан. Монголын радио олон улсын жишигт нийцсэн студитэй болсонд маш их баяртай байна. Биднийг ажиллаж байхад ийм студи ховор байлаа. Одоо студиэсээ шууд дүрстэй нэвтрүүлэг хийх сайхан боломж гарч ирсэн байна. Шинэ студийн тоног төхөөрөмж, шинэчлэлтэй танилцлаа. Монголын радиогийн 85 жилийн ойн арга хэмжээ маш сайхан болж байна. МҮОНР техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, олон улсын студитэй болж, радиод олон шинэ, сайхан студи нээгдэж байгаад маш их баярлаж байна” гэлээ.
 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалагдаж байдаг Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг үзэж сонирхлоо.

Энэ үеэр Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулагдах дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг татсан юм. Тэрээр 1912 онд Монгол Улсад зорчиж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх, соёлыг зургийн хальсандаа буулгажээ. Түүний 5000 орчим гэрэл зураг, дүрс бичлэг 2016 онд Осло хотын нэгэн тосгоноос олдсон дотор монголчуудтай холбогдох зураг, дурсгал байсан бөгөөд Ослогийн их сургуулийн захирал Свен Стөлэн, Соёлын түүхийн музейн захирал Хекон Глөстад нар Монгол Улстай холбогдох тэрхүү түүхэн гэрэл зураг баримт, сэлт нь соёлын харилцааны томоохон хөшүүрэг болохоос гадна цаашдын судалгааны үндэс суурь болж байгаа хэмээн тодотгосон юм.

Үзэсгэлэнд 34 зураг, 20 үзмэр тавигдсан бөгөөд энэ ондоо багтан Монгол Улс руу илгээж, судалгааны ажлаа өргөтгөх гэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй Норвегийн иргэн Мариа Картвейтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Монгол Улсад суралцах, судалгаа хийх батламж олголоо.

Мөн олон жил Монгол судлалын чиглэлээр ажиллаж, Монгол судлалыг дэлхий дахинд дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Норвегийн Хаант Улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн Мариа Магдолна Татарыг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Э.Даваахүү дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Огноо:

,

Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло 583 оноо, Украины тамирчин Омелчук Олег 583 нар алт, мөнгөн медаль хүртжээ. Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 оноогоор хүрэл медалийн эзэд болсон байна.

Сонирхуулахад, Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү Бээжин хотноо 2019 оны нэгдүгээр сарын 20-29-нд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч авсан юм. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиог зорихоор болсон юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монголын уран зохиолын цоморлог франц хэлнээ хэвлэгдлээ

Огноо:

,

Франц хэлт уншигчдад Азийн уран зохиолыг танилцуулдаг  “Jentayu” сэтгүүл тусгай дугаараа Монголын орчин үеийн уран зохиолд зориуллаа. Энэхүү цоморлогт манай ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болох хорин уран бүтээлчийн шүлэг, хүүрнэл, эсээ багтсан бөгөөд ихэнх нь анх удаагаа франц хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн байна.

“Jentayu” сэтгүүлийн тусгай дугаар болж Парист хэвлэгдсэн энэхүү цоморлогт эдүгээ Монголын шинэ үед ид туурвиж буй ахмад дунд залуу гурван үеийн зохиолчдын бүтээлүүд, тухайлбал: Ч.Галсан, С.Оюун, Б.Догмид, Г.Мэнд-Ооёо, Ц.Түмэнбаяр, Д.Батжаргал, Х.Байыт, Г.Бямбажав, Ц.Бавуудорж, М.Уянсүх, Г.Аюурзана, Б.Эрдэнэсолонго, П.Батхуяг, Б.Ичинхорлоо, Ц.Доржсэмбэ, Б.Цоожчулуунцэцэг, Б.Золбаяр, О.Мөнхнаран, Д.Эрдэнэзулай, Ц.Ариунтуяа нарын шүлэг, өгүүллэг, эсээ нийтлэл багтсан байна.

Тус цоморлог нь Монгол орны соёл, зан заншил, уламжлал шинэчлэл, өөрчлөлт хувьсал, ялгарах онцлог тэргүүтнийг олон өнгөөр илэрхийлж буйгаараа онцлогтой болжээ.

Рафаэл Бланшие, С.Булгантамир, Лорэн Лөгрэн, Пьер Полуссэе, Б.Алтангүл, Г.Буяннэмэх, Пьер Палюсиер, Л.Чанцалням, Н.Мөнх, Н.Үүрцайх, Бужигмаа Сантаро, Р.Мөнхзул, Изалин Сонье, Г.Хишиг-Эрдэнэ, Ш.Номиндарь, Ц.Охиноо нарын Монгол, франц орчуулагчид монголоос франц руу уран сайхныг орчуулгыг бүтээсэн бол өмнөтгөл үгийг Марк Ало бичсэн байна. Ерөнхий эрхлэгчээр Жером Бушо, туслах эрхлэгчээр О.Мөнхнаран нар ажиллажээ.

Монголын Соёл яруу  найргийн академи энэхүү цоморлогийг бэлтгэх ажилд  бүтэн жилийн туршид хамтран ажилласан бөгөөд үндэсний оюун соёлын бүтээл франц хэлт уншигчдадаа хүрэхэд бэлэн болжээ.

Монголын уран зохиолыг танилцуулсан эл цоморлогт сонгогдсон бүтээл болгонд зориулсан чимэглэл зургийг Б.Билгүүн, Ж.Анунаран, Б.Төрмөнх, Б.Баярцэнгэл, Т.Соёл-Эрдэнэ нарын залуу зураачдад захиалж бүтээлгэсэн бол хавтасны зургаараа Монголын улсын Төрийн  шагналт зураач Ц.Цэгмэдийн "Говийн аялгуу" бүтээлийг сонгожээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох