Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Агшиж биш, тэлж байж л аврагдана!

Огноо:

,

Хоёр их наядын нийт зээлийн багцаас даруй хоёр дахин их зээлийн хүсэлт банкуудад иржээ
 
Т.ХЭРЛЭН
 
Ковид-19 цар тахлын нөлөөлөл дор хүн төрөлхтөн хоёр жилийг хэдийнээ үджээ. Эхэндээ бол улс орнууд өвчнийг дотооддоо алдчихгүй байх, алдчихсан бол тархалтын хүрээг хумихын төлөө л хичээж ажиллаж байлаа. Монгол Улс ч ялгаагүй. Хилээ хааж, хичээл завсарлуулж, зарим үйлчилгээнд цагийн хязгаарлалт тавих зэргээр шаардлагатай гэсэн бүхнээ л хийсэн. Гэвч дэлхийн бүхий л улс орныг дайрсан коронавирус Монгол Улсыг тойрсонгүй. Өнгөрсөн аравдугаар сард дотооддоо халдвар алдаж, саяхныг хүртэл өдөрт мянга мянгаараа халдварын шинэ тохиолдол бүртгэгдэх хэмжээнд цар тахлын цар хүрээ томроод байлаа. Харин хатуу хөл хорио, бүх нийтийг вакцинжуулах ажлуудын үр дүн эхнээсээ гарч, өдгөө энэ тоо мянгаас харьцангуй бууж буйг Та бид өдөр бүр статистик мэдээллээс харж байна. Гэвч үүнд ханах ёсгүй, баярлах бол  бүр ч болоогүй. Цар тахлын цаад талд гарахад дахиад зай ч байна, лай ч байна.

Нэн жижигхэн энэ нянгийн хүн төрөлхтөнд үүсгэсэн бэрхшээл зөвхөн өвчин зовлон, үхэл хагацал байсангүй. Үндсэндээ дэлхий нийтээрээ эрүүл мэнд чухал уу, эдийн засаг чухал уу гэсэн сонголтын өмнө зогсч байна. Коронавирус зөвхөн эрүүл мэнд талаасаа хүн төрөлхтнийг өвтгөөгүй, эдийн засгийг ч бас хүчтэй шоконд оруулчихлаа гэсэн үг. Судлаачдын тооцоолж буйгаар сүүлийн 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн хямрал Ковид-19 цар тахлаас үүдэж үүсчээ. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь үүний хангалттай баталгаа. 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас даруй гурав дахин хүндрэлтэй хямралтай дэлхий нийтээр нүүр тулаад байна гэхээр коронавирусийн хоруу чанар эдийн засагт ч хүчтэй өвдөлт өгсөн гэсэн үг. Нэг ёсондоо эрүүл мэндээс гадна эдийн засгаа ч бас анхаарах ёстойг сануулж буй хэрэг юм.

Дэлхийн эдийн засагт учирсан энэ хямрал Монголд хэрхэн сүүдрээ тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн хоёрхон өгүүлбэрээс харж болохоор байна. Тэрээр “Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг -6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой байсан 8 их наяд төгрөг гацсан байна” гэсэн юм.

-6 хувийн агшилт бол энгийн иргэдийн амьдрал дээр асар хүчтэй өвдөлт болж бууж буйг бас нэгэн баримтаар өгүүлье. Цар тахалтай тэмцсэн 2020 онд Монгол Улсад цөөнгүй аж ахуйн нэгж хаалгаа барьж, үндсэндээ 68.9 мянган хүн ажлын байргүй болсон гэсэн тооцоог Сангийн яам хийсэн байдаг. Хэрэв дорвитой арга хэмжээ авахгүй бол 2021 онд энэ тоо нэг зуун мянга руу дөхнө гэдгийг ч урьдчилан таамагласан нь бий. Нэг ажлын байрны ард нэг өрхийн амьдрал явж байна гэж тооцвол ийм хэмжээний айл өрхийн идэх хоол, өмсөх хувцасны мөнгө хасагджээ. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг хоёрыг ижил тэнцүү авч үзэх шаардлагатай гээд “Бодлогын шилжилт” хийж буйгаа зарласан биз ээ.

Хавтгайрсан халамж бус ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хөдөлгөх, хөдөө аж ахуйг дэмжих, иргэдийг бага хүүтэй зээлээр орон сууцжуулахад гол анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэгдсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” яг одоо хэрэгжээд явж байна. Уг хөтөлбөр хэрэгжиж дууссанаар Монгол Улс цар тахлын хүнд сорилтыг хохирол багатай даван гарахаас гадна, эдийн засгийн үндсэн бүтцээ эрүүлжүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлээд байгаа аж. Энэ ч үүднээс Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд 2 их наяд төгрөгөөр ажлын байрыг дэмжихээр тусгасныг энэ удаад онцлоё.

Хэрэв засаг үнэхээр зорьсондоо хүрч чадвал 2021 оны гүйцэтгэлээр эдийн засгаа тогтворжуулж, макро үзүүлэлтүүдийг 2019 оны эцэс буюу цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ гэж тооцсон гэдэг. Үүгээр ч тогтохгүй эдийн засгийн бодит өсөлтийг 5.1 хувь, гадаад валютын нөөцийг 4 тэрбум ам.доллар, нийт экспортыг 7.6 ам.доллар, хөдөлмөр эрхлэлтийг 2019 оны түвшнээс 3.4 хувиар өсгөх юм. Ухаандаа Монгол Улсад төр, хувийн хэвшил нийлээд 820 мянган ажлын байр бий болгосон нь цар тахлын нөлөөллөөр 68.9 мянгаар буурчихаад байна. Хэрэв 10 их наядын цогц төлөвлөгөөний “Ажлын байрыг дэмжих 2 их наяд”-ын зээлийг амжилттай хэрэгжүүлбэл 2019 оны (цар тахлаас өмнөх) хэмжээнд аваачихаас илүү 2019 онд ажилгүй байсан 200 мянга гаруй иргэдээ нэмж ажлын байраар хангах зорилготой юм.

Тиймээс олон мянган залуусыг ажил мэргэжлийн сургалтад хамруулж, ЖДҮДС-гаар дамжуулж өгдөг байсантай харьцуулахад 15-20 дахин их мөнгийг ижил хүүтэйгээр өгөхөөр шийдвэрлэсэн. Магадгүй аж ахуйн нэгжүүдэд өмнө нь ийм боломж олгодог байсан бол өдийд хөдөлмөрийн насны бүх хүн ажлын байраар хангагдсан байх байсан биз. Тиймээс энэ шийдвэр нэг талаар төр засаг алдаагаа засч байгаа бөгөөд үнэхээр л бүх хүнээ ажлын байртай болгох зорилго тавьсан гэдгийг харуулж байна. Нөгөө талаас энэ шийдвэрийг бодит болгоход голлон үүрэг гүйцэтгэж байгаа нь арилжааны банкууд. Юу гэхээр, арилжааны банкуудын чөлөөт үлдэгдлийг л энэ удаад зах зээлд хямд эх үүсвэрээр санал болгох механизмыг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, 3 хувийн хүүтэй иргэнд олгож байгаа 50 сая, аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа 300-500 сая төгрөгийн зээл бол цэвэр арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрээс гарч буй мөнгө!

10-аас өндөр хувийн хүүтэй олддог байсан зээл аж ахуйн нэгжүүдэд 3 хувийн хүүтэй очиж байгаа учраас эрэлт нь ч их байна. Эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, аж ахуйн нэгжүүдэд амь тариа болгох үүднээс нь ч харсан энэ бол нүдээ олсон шийдвэр байсан нь гарцаагүй. Тиймээс ч ажлын байрны зээлд хамрагдах хүсэлтээ нийтдээ 11580 аж ахуйн нэгж банкуудад ирүүлээд байгаа бөгөөд тэдний хүссэн зээлийн нийт дүн нь 5 их наяд төгрөгийг давжээ.

Ийм хэмжээний мөнгөний хэрэгцээ Монголын бизнесийнхэнд байна гэсэн үг. Харин зээлийн хүсэлт болгоныг биелүүлэх боломж арилжааны банкуудад байгаа юу гэвэл үгүй. Хоёр их наядын нийт зээлийн багцаас даруй хоёр дахин их зээлийн хүсэлт банкуудад ирээд байгаа бөгөөд өөрийн чөлөөт эх үүсвэрээс иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон байдлаараа Хаан банк (429.6 тэрбум төгрөгийн зээл олгосон), Төрийн банк (165.3 тэрбум төгрөгийн зээл олгосон) арилжааны банкуудаа тэргүүлж байгаа аж. Энэ нь эдгээр банкууд нийгмийн хариуцлагаа илүүтэй хүлээж, чөлөөт үлдэгдлээрээ Төв банкны үнэт цаас авах бус, жирийн бизнеснүүдийг эрсдэлтэй ч гэсэн дэмжье гэж шийдсэнийнх нь үр нөлөө. Сангийн яамны мэдээллээс үзэхэд энэхүү зээлийн үр дүнд тавдугаар сарын 6-ны байдлаар 42607 ажлыг байрыг хадгалж үлдэж чаджээ. Хэрэв энэ зээл олгогдоогүй бол ажилгүйчүүдийн эгнээ ахиад 42607-оор нэмэгдэх байсан гэсэн үг.

Энэ бол нийтээрээ зүтгэж байж хямралыг аль болох хохирол багатай даван туулах ёстой гэсэн зүтгэл. Томоор үнэлбэл эх оронч сэтгэл юм. Яг л 1997-1998 оны Азийн эдийн засгийн хямралын үед БНСУ-ын иргэд эрх баригчдынхаа ОУВС-гаас авсан 58 тэрбум ам.долларын зээлийг буцаан төлөхийн тулд зүүж явсан ээмэг бөгж тэргүүтэй алт мөнгөн эдлэлээ хандивлаж байсан түүхтэй ижил мэт. Улсынх нь эдийн засаг унавал өөрсдийнх нь эдийн засаг ч унах учраас Солонгосын ард түмэн 20 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаасан гэсэн мэдээлэл байдаг. Энэхүү түүхээрээ тэд бахархаж, “Эх орноо гэх сэтгэл энэ мэт жижиг зүйлсээс л эхэлдэг” хэмээн өгүүлдэг билээ.

Тэгэхээр жинхэнэ эх оронч гэж хэнийг хэлэх вэ? Ам нээх бүртээ ард түмэн гэж ярьдаг улстөрчид лав биш. Эх оронч гэж эх орон гэдэг үгийг их хэлж байгаагаар нь биш, хийж байгаа үйлдлээр нь тодорхойлох ёстой. Нэг ажлын байрыг хадгалж үлдсэнээр нэг өрхийг, цаашлаад нийт эдийн засгаа аварч үлдэж байгаа хэлбэр нь өөрөө эх оронч сэтгэл гэлтэй. Учир нь, Ковид-19 цар тахлын хямралыг Монголын эдийн засаг агшиж биш, тэлж байж л аврагдана шүү дээ!

Нэг ажлын байрыг хадгалж үлдсэнээр нэг өрхийг, цаашлаад нийт эдийн засгаа аварч үлдэж байгаа хэлбэр нь өөрөө эх оронч сэтгэл гэлтэй.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

Огноо:

,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан. 

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд:
  • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна
  • Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж
Ийнхүү дэмжих сангаар санхүүжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар оролцуулах, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нийтэд, ил тод нээлттэй мэдээлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг журам хэрэгжсэнээр иргэд эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээс гадна иргэдэд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад учрах санхүүгийн дарамтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр батлагдсан журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх юм.
 
Шинэ технологи нэвтрүүлэх зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удаашралтай явагдаж ирсэн. Журам батлагдсанаар шинэ технологи нэвтрүүлэх зардлыг тусгай сангаас шийдэж, мэргэжлийн салбар зөвлөл тухайн технологи нэвтэрч нутагшсан гэсэн дүгнэлт гаргавал цаашдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг зарчимд шилжиж байгаа болно.

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5,0 хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20,0 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50,0 хувийг буцаан олгох боломж бүрдсэн” гэсэн юм.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар анх удаа шийдвэрлэж байгаа юм. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын хуралд үг хэллээ

Огноо:

,

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал 2024 оны хоёругаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулах зорилготой юм.

“Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдэвтэй хуралд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр, Азийн улс төрийн намуудын  үйл ажиллагаанд Монгол Ардын Нам 2004 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос хойш тус байгууллагын Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Цаашид ч идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гээд, залуу парламентчдын тоог нэмэгдүүлэх төдийгүй нэн удахгүй болох ээлжит сонгуульд нийгмийн бүх төлөөллийг бүрдүүлсэн парламент байгуулахаар зорьж байгаа тухай болон залуучуудын улс төрийн оролцоо, бодлого, шийдвэрт оролцох боломжийг хэрхэн нээж буйгаа танилуулсан юм.

Тэрбээр, залуучууд сонгуульд оролцох, санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт юм. “3D (дижитал, ардчилсан, зөвлөлдөх) парламент” болох томоохон зорилтынхоо хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих “D-parliament” системийг саяхан нэвтрүүлсэн. Мөн олон нийтийн өргөдлийн систем “D-petition” хэрэгжиж эхэлснээр цахим хэлбэрээр иргэд, залуучууд санал бодлоо илэрхийлэх үйл явц ихээхэн идэвхжсэн гэв.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар монгол орны цас зудын нөхцөл байдал хүндэрч, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ард түмний амьдрал хүндээр тусч байгаа зэрэг улс орны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эцэст нь та бүхэн монгол орны тухай улам их мэдлэгтэй болж, хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байгаад талархаж байна. Улмаар улс төрд, ялангуяа парламентад залуучуудын оролцоо, манлайллыг хэрхэн хангах талаар олон чухал санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Санал болгох