Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Сэлэнгэ, Дарханыг Уул уурхайн эдийн засгийг орлохуйц мал, аж ахуй, газар тариалангийн эрчимжсэн бүс нутаг болгоно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.

Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт цар тахлын дэгдэлт, түүнийг дагасан хөл хорио, цаг уурын хүйтрэлээс үүдэн хаврын тариалалт сар гаруй хугацаагаар хоцорч буй нь тариаланчдын эхний сэтгэл зовних асуудал болжээ.

Аймгийн хэмжээнд анхны үрэлгээг дөрөвдүгээр сарын 23-наас хийсэн байна. Орхон сумын ногоочдод тариалалтын дийлэнхийг эзэлдэг луувангийн тариалах, хураах бага оврын трактор, комбайний хангалт, өвөл, зуны хүлэмжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах орчин үеийн тохируулга бүхий хөргүүрийн системтэй зориулалтын зоорийн аж ахуйг байгуулах, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацааг сунгах асуудлууд нэн тэргүүнд тулгарч байна.

Энэ оны хаврын тариалалт 3.5 хувьтай үргэлжилж байна. “Газар Агро” компани Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож, нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрсөн чанар стандартад нийцсэн мах бэлтгэж, дотоодын зах зээлийг бүрэн хангаж, гадаадад экспортод гаргах зорилго тавьжээ. Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг, 18 сартай охин шүдлэн 400-450, үнээ 500-550 кг, бүх 800-900 кг жин татдаг бөгөөд энэ өдрүүдэд үржлийн үнээнүүддээ зохиомол хээлтүүлэг хийж буй аж.

“Арвин хур” компанийн хувьд Зүүнбүрэн суманд 4,000 га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг.

Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж амжилттай нутагшуулснаар тариалангийн нийт талбайг 100 хувь эргэлтэд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж жилд дундажаар 4,000-5,500 тн ургац хураан авч аймаг орон нутагтаа жишиг тогтоож байна.

Мөн энэ жилийн хаврын тариалалт оройтсон бөгөөд тариалангийн талбайн үрэлгээгээ энэ долоо хоногт эхлүүлж байгаа гэв.

Харин Зүүнбүрэн сумын Охиндойн талд ХХААХҮЯ-аас АХБ, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 2020-2026 онд хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2,760 га талбай бүхий услалтын систем шинээр барихаар төлөвлөж, газрыг хашаалж бэлтгэсэн байна.

Охиндойн талын услалтын системийн ажлын зургийн гүйцэтгэл 60%-д хүрсэн ч малын гоц халдварт боом өвчин гарч байсан голомттой холбоотойгоор судалгааны ажил түр зогссон байна. Хаврын тариалалтын явц, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцахдаа Дархан, Сэлэнгийг уул уурхайн эдийн засагтай эн зэрэгцэх, цаашид өсөн нэмэгдэх, шавхагдашгүй нөөц бүхий эрчимжсэн хөдөө аж, ахуйн бүс нутаг болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэж байсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох