Улстөр нийгэм
“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалтаар ЖАЙКА-гаас Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын талаар цуврал 7 бүлэг танилцуулга хийсэн билээ.
Дээрх цахим уулзалт нь УИХ-ын дарга Г.Занданшатарын “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан юм. Өнөөдөр болсон уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын дөрөв дэх бүлгээр хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид төлөвлөгөө гаргаж ажиллах саналыг хатагтай Э.Тамура-д тавьсан.
Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоон, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засагт суурилсан Японы хөгжлийн загвар бидний шинэ ирээдүйн зорилго тэмүүлэлтэй нийцэж байгаа юм гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура “Япон Улсын хөгжлийн загварыг судалж байгаад баяртай байна. Хөгжил, шинэтгэлийн чиглэлээр цуврал хэлэлцүүлгийн төлөвлөгөө гаргаж, бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Манай улсын хөгжлийн замд алдаа, онооны аль аль нь бий. Бид алдаа, оноогоо Та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тохионо.
Эдгээр тэмдэглэлт ойг угтаж “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд хамтран ажиллахад таатай байна” гэлээ.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл