Үзэл бодол
Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцлаа.
-Хатуу хөл хорио тогтоогоод дөрвөн өдөр болж байна. Замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах чиглэлд та бүхэн ямар арга хэмжээ авч, ажиллаж байгаа вэ?
-Даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд 58 чиглэлд 300 гаруй автобус явсан. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилтан, албан хаагчдын судалгаанд тулгуурлан нийтийн тээврийн тооцоог гаргасан юм. Ажлын өдөр эхэлснээр зорчих хөдөлгөөний эрэлт нэмэгдэж байна. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд зарим төрлийн ажлаа амжуулах зорилготойгоор хөдөлгөөнд оролцож байна. Мөн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 28 хувь нь ахмадууд байна гэсэн судалгаа гарсан. Ахмадууд маань эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр явах, ажилдаа явсан хүүхдүүдийнхээ хүүхдийг харах шалтгаанаар зорчиж байна.
-Нийтийн тээврээр зорчигчдод хэрхэн хяналт тавьж байна вэ. Зарим автобусанд ажлын үнэмлэх шалгаж байгаа ч заримд нь шалгахгүй байгаа мэдээлэл байна?
-Бид өнөөдөр нийтийн тээврийн чиглэлийн тоог 98 болгон нэмэгдүүлж, автобусны тоог 300-гаар нэмсэн. Улаанбаатар хотод нийт 900 гаруй автобусны зогсоол байдгаас 54 нь эцсийн, 870 орчим нь дундын зогсоол. Энэ бүх зогсоол дээр хүн ажиллуулна гэдэг хүндрэлтэй, хүн хүч дутна. Нийтийн тээврийн үйлчилгээний газар 100 гаруй албан хаагчтай. Тооцоо, төлөвлөлт хийж, ихэнх албан хаагчдаа хяналтад гаргаж, тэд тодорхой чиглэлээ хариуцан ажиллаж байна. Мөн автобусны зорчилт хөдөлгөөний хяналт хийдэг “City bus” байгууллагын 160 гаруй ажилтан ажиллаж байгаа. НОБГ болон цагдаагийн албан хаагчид иргэдийн зорчилт хөдөлгөөний зорилгыг асуух, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ автобусны зогсоол их учир хүн хүч дутагдаж байгаа.
-Автобусны зогсоолуудад шинэчлэл хийх, зогсоолуудыг нэмэх, чиглэлүүдийг өөрчлөх шаардлага бий. Энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Нийтийн тээврийн салбар сүүлийн 10 жилд уналтын байдалд орсон. Сүүлийн таван жилд зорчих хөдөлгөөн хоёр дахин буурсан. Энэ нь олон талын шалтгаантай. Нэгдүгээрт, хуучин автобуснууд явж байна. Автобусны насжилтаар олон автобус хасагдаж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хот маань сүүлийн таван жилд маш их тэлсэн. Хүн ам ихтэй томоохон хотхонууд нэмэгдсэнээр зогсоолын хүрэлцээ муудах, стандарт алдагдсан асуудал бий. Бид нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэн, ажлуудаа хийж байна. Хатуу хөл хорионы үед олон хүнтэй автобусаар үйлчлүүлэхийг огт санал болгохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барих ёстой. Иргэд маань автобус явж эхэлмэгц эхний автобусанд багтах гэдэг. Дараагийн автобусаа хүлээдэггүй. Дараагийн автобусыг 5-10 минут хүлээж байгаад суух боломж бий.
-Өмнөх хатуу хөл хорионы үеэр QR код, мөн ажлын газрын тодорхойлолт, ПСР шинжилгээг үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байсан. Энэ удаад автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ?
-Иргэдийн эрхийг хязгаарлах нь хэнд ч таалагдахгүй. Гэвч хатуу хөл хорионы үед захиргааны аргаар шийдэж байгаа нь олон шүүмжлэл дагуулж байгаа. QR код ашиглах нь давуу болон сул талтай. QR кодыг хуурамчаар үйлдэх боломжгүй, код авсан иргэд хөдөлгөөнд шууд оролцох эрхтэй боловч код аваагүй иргэд үүн дээр маш их бухимдал үүсгэсэн. Үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй чиглэлд хамаарагдаж байгаа байгууллагуудын ажилчид 260 мянга орчим байдаг. Эдгээр иргэний бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулна гэвэл хатуу хөл хорионы утга алдагдана. Мөн бусад иргэн бухимдана. Энэ удаагийн хатуу хөл хорионы үед дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарсан. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн шударга шийдэл юм. Байгууллагууд маань үүнтэй уялдуулан ажлаа зохицуулах хэрэгтэй. Жишээ нь, ээлжид гарсан хүн ээлжээсээ буухад автомашины дугаар нь тэгш, сондгойгоороо хөдөлгөөнд оролцох боломжгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Ачаалал ихсэхээс өмнө тухайн иргэнээ ээлжээс буулгах зэрэг тухайн байгууллага зохицуулалт хийвэл болох асуудал шүү дээ.
Бид хатуу хөл хорионы нөхцөл байдлаа бодох хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л коронавирусийн халдвар авсан хүний тоо 800-гаар нэмэгдлээ. Нэг хүн гурван хүнд халдвар тараах эрсдэлтэй гэсэн тооцоо байгаа. Жишээ нь, 800 хүн тус бүр гурван хүнд халдвар тараавал 2400 болно. Үүнийг 14 хоногоор бодвол маш их тоо гарна. Хатуу хөл хорионы үндсэн зорилго нь энэ тоог бууруулах. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ барьж гэртээ байх, зорчих хөдөлгөөн хийхгүй байж, цар тахалтай тэмцэх хэрэгтэйг уриалж Засгийн газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажиллаж байна. Хүний амь нас хамгийн чухал. Эрдэнэт хүний амь нас юугаар ч орлуулашгүй тул бид хамгийн гол зүйл дээрээ анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хатуу хөл хориог даван туулах хэрэгтэй байгаа юм.
-Энэ удаагийн хөл хориогоор иргэдийг гэрийнхээ ойр орчимд агаарлах боломжийг олгосон. Гэтэл иргэд хүн хоорондын зайгаа барихгүй байх зөрчил гаргаж байна гэсэн шүүмжлэл байна?
-Иргэд маш сайн сахилга баттай байгаа. Цөөхөн хэдэн хүн буюу 5-10 хувь нь л ийм нөхцөл байдал үүсгэж байна. Улаанбаатар хотын бүх иргэн хариуцлагагүй биш. Энэ бол иргэдийн цэвэр ухамсрын асуудал юм.
-Хатуу хөл хорио хотын А бүсэд л үйлчилж, захын хэсгүүдэд иргэд чөлөөтэй зорчиж байна гэсэн мэдээлэл бий. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Улаанбаатар маань хөгжиж байгаа хот. Нийгэм, эдийн засгийн хамгийн том төвлөрөл нь Их тойруугийн гудамжинд байдаг. Их тойруугийн гудамжинд төр захиргааны байгууллагууд, томоохон худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд төвлөрдөг. Тиймээс төвлөрсөн бүсдээ хатуу хөл хориог баримталж чадвал зорчилт хөдөлгөөнийг барьж чадна гэсэн тооцоо, судалгаа бий. Гэхдээ энэ нь хотын захаар чөлөөтэй зорчиж болно гэсэн үг биш. Бид чадах хэмжээгээрээ хүн, хүч, нөөц, бололцоогоо ашиглан, хяналт тавьж ажиллаж байна. Иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ хамгаалж, хатуу хөл хориог сахилга баттай даван туулахыг уриалж байна.
Үзэл бодол
Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.
Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Үзэл бодол
Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

Үзэл бодол
Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ, Зээлийн батлан даалтын сан, BEST, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэв. Монгол Улсад арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд анх удаа гутал сэдвийн хүрээнд хэлэлцсэнээрээ онцлог байлаа.
Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцсоноос гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьтны арьсыг байгаль орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь эртний салбаруудын нэг юм. Тодруулж хэлбэл, арьс ширийг авах зорилгоор малаа нядалдаггүй, арьс шир нь хүнсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн юм.
Монгол Улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Үүний зэрэгцээ арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний салбарт нийт 4200 гаруй хүн ажилладаг.
Арьс шир бол олон зуун жилийн турш өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж ирсэн уян хатан, удаан эдэлгээтэй, санхүүгийн хэмнэлттэй, үнэ цэнтэй материал юм. Өнгөрсөн онд үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулсан, 1 сая хос гутал, 1 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж 150 орчим тэрбум нийтдээ салбарын хэмжээнд 290 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулжээ.
Хөлийг гадны нөлөөллөөс хамгаалах, тухтай алхаж явахад зориулагдсан бүтээгдэхүүн бол гутал юм. Дэлхийн зарим судлаачдын үзэж буйгаар хүн амын дунд хөлийн өвчлөлийг үүсгэх нэг гол хүчин зүйл нь мөн гутал байна.
Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой, түүхий эдийн дундаршгүй нөөцтэй, жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь ДНБ-ийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого, төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой байна.
Арьс ширний салбар тэр дундаа гутал үйлдвэрлэгчид Монгол хүний хөлийн онцлогт тохируулан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Үйлдвэрлэлийн кластер системийг нэвтрүүлэн, чанар стандартыг хэрэгжүүлэх, Туслах материалын дагалдах жижиг үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж ажиллахад бэлэн болсон байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
-
Цаг үе2021/11/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Цаг үе2022/05/10
Татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор тэмдэглэн...
-
Улстөр нийгэм2020/03/24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яаманд зөвлөмж хүргүүлэв
-
Цаг үе2021/12/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл