Улстөр нийгэм
Хүний эрхийн дэд хороо хуралдаж, “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” тогтоолыг баталлаа
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ.
Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, зарим асуудлаар тодруулга хийв. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог эл асуудлаар хуралдуулах хүсэлт гаргасан гэдгээ тэрбээр онцлоод “Зэвсэгт хүчний анги, нэгтгэлд 2019 оноос хойш хүн амины хэргүүд гарчээ. Анх ийм асуудал үүсэхэд л нухацтай хандаж, шат шатандаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан бол дараа дараагийн гэмт хэрэг гарахгүй байлаа” гэв. Үйл явдын хариуцлагыг хэнээс нэхэх, салбарын удирдлагууд нь асуудлын учир шалтгааны талаар ямар дүгнэлт хийж байгаа талаар С.Одонтуяа гишүүн тодруулсан.

Хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүд төрийн бус байгууллага байгуулж, үр хүүхдийнхээ алба хаах явцад нь хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цэргийн анги, нэгтгэлүүдэд сэтгэлзүйч ажиллуулах, камержуулах зэрэг саналуудыг иргэд, олон нийт гаргаж буйг тэрбээр уламжиллаа. Мөн төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлд богино, дунд, урт хугацаандаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, мэдээллийг тогтмол хүлээн авч, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулах зэргээр цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн.
С.Одонтуяа гишүүний тодруулсны дагуу 2019 онд зэвсэгт хүчний анги, нэгтгэлд гарсан хүн амины хэргийн талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нэгбүрчлэн танилцуулсан. Зэвсэгт хүчний … дугаар ангийн байрлалд Танкын ротын захирагч, ахлах дэслэгч А.Э-ын өгсөн үүргийн дагуу тус ротын механикч, жолооч, дэд ахлагч Р.В ротын 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлэн, гүйлгэх явцад байлдагч Б.А-ын бие муудсаар, амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ гэмт хэрэгт холбогдсон албан хаагчид төрийн албанаас чөлөөлөгдөж, 6 сараас 5 жилийн хорих ял эдэлж байгаа гэв. Мөн зэвсэгт хүчний … дугаар ангиас өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд хариуцсан албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаагүй улмаас байлдагч Б.Н 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр машин дээрээс унаж, нас барсан. Энэхүү харамсалтай хэргийг зохих ёсоор хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд шийдвэрлэх шатандаа байгаа гэв. Энэ оны гуравдугаар сарын 28-нд … ангийн салаан захирагч Г байлдагчийнхаа эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж, амь насанд нь хүрсэн. Энэ асуудлыг мөн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, хуулийн дагуу шийдвэрлэх болно гэлээ. Эдгээр харамсалтай тохиолдлоос гадна цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгааны талаар дурдаж, дүнг танилцууллаа. 2018-2019 онд энэ төрлийн зөрчил хамгийн ихээр бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу салбарын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэв. 2020 оны цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгаагаар дээрх үзүүлэлт 50 хувь буурсан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зохих үр дүнгээ үзүүлж байгаа гэж үзжээ. Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, цэргийн албан хаагчдын дунд гарч буй ёс зүйгүй үйлдлүүд, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлд зөвхөн салбарын хэмжээнд тэмцээд, шийдвэрлэх боломжгүй гэдгийг Д.Ганзориг генерал хэлсэн. Зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн бие бүрэлдэхүүн гэдэг бол нийгмийн нэг хэсэг, тиймээс нийгэм даяар, нийтээр байгаа үзэгдэл, хандлага цэргийн анги, нэгтгэл дунд нэвтэрч, илэрч байгаа гэдгийг анхаарч үзэхийг тэрбээр хүссэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдын хүн ёсны эрх, эрх чөлөөнд халдах, дарамтлах, улмаар эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд нь халдах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэдгийг онцоллоо. “Цэргийн дэг” хэмээн тодорхойлж буй үйлдлүүд нь хүнлэг бус, нэг ёсны эрүү шүүлт, жендэрт суурилсан хүчирхийлэл гэдгийг хаа хаанаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэмдэглэж байв. “Жам ёсны, байх ёстой, зүй ёсны” гэх хэвшмэл ойлголтыг нийтээрээ халах, өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрмээр зохион байгуулагддаг бөгөөд энэ дүрэмд алба хаагч хоорондын харилцаа, ёс зүйн хэм хэмжээг заасан байдгийг Д.Ганзориг генерал мэдээллээ. Гэхдээ дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, үүсээд байгаа зүй бус асуудлуудыг шийдвэрлэхээр цэргийн анги, нэгтгэлийн захирагч, холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлж, чадах хэрээрээ хяналт тавьж ажиллаж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа хэмээн хүлээн зөвшөөрөв. "Бие бүрэлдэхүүний хангалт одоогоор 66 хувьтай байгаа, нийгмийн нийтлэг хандлага, төлөвшил бүхий залуус цэргийн анги, нэгтгэлд алба хаахаар ирдэг. Ёс суртахууны доголдолтой нийтээрээ тэмцэж, хамтран ажиллах байдлаар асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй" гэдэг хариултыг Д.Ганзориг генерал өгсөн.
Батлан хамгаалах салбар нь гомдол, мэдээллээ хүлээн авч, шийдвэрлэдэг дотоод механизмтай учраас өнөөдрийг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст цэргийн албан хаагчдаас ирүүлсэн гомдол, мэдээлэл байхгүй гэдэг хариултыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд өгөв. 2013-2020 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүртгэлээр цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас үүдсэн 125 гэмт хэрэг бүртгэгдсэн гэв. Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн дүрмийн бус харилцааны талаарх буюу 98 гэмт хэрэг нь хууль хяналтын байгууллагад шилжсэн гэдгийг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд дурдаад “Бид энэ төрлийн гэмт хэргийн талаарх цогц судалгааг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа” гэв. 2006 онд Хүний эрхийн Үндэсний комисс энэ төрлийн судалгааг хийж, 2007 онд Улсын Их Хуралд танилцуулж байснаас хойш ийм төрөлжсөн цогц судалгаа хийгдээгүй юм байна. Цаашдаа цэргийн дотоод албаны дүрэм нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх, хүний хөгжлийн номлолд цэргийн үзэл, номлол нийцэж буй эсэхийг сууриар нь авч үзэх шаардлагатай гэдгийг тэрбээр хариулт, мэдээллийнхээ үеэр дурдсан.

Улсын Их Хурал дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг төлөөлж Б.Баярсайхан гишүүн үг хэлэв. Монгол Улсын цэрэг армийн тогтолцоонд ёс суртахууны ил тод байдлын шинэчлэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг нь болсон гэдгийг нийгэмд гарч буй асуудлууд илэрхийлж байна гэлээ. Армид хугацаат цэргийн алба хааснаасаа болж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн талаарх судалгаа, тоон мэдээллийг лавлав. "Өнөөдөр нийгэмд ил тодоор яригдаж буй цэргийн албаны гэмт хэргийн ихэнхийг салааны дарга, жагсаалын дарга нар үйлдсэн байгаа нь цэргийн байгууллага шат шатандаа хяналт сул, дураараа авирлах, хүнлэг бус харилцааг өөгшүүлсэн орчин гэж харагдаж байна" гээд үүнд төсөв хөрөнгө гэхээс илүүтэй алба хаагчдын ёс суртахууны доголдол, ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэх хандлага дутаж байна гэж үзэж байгаагаа хэлсэн.
2016-2020 оны хугацаанд цэргийн салбарт хүний эрүүл мэндийн эсрэг 62, амь насанд хохирол учруулсан 2 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт албан хаагчдын ёс суртахууныг сайжруулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байгааг хүлээн зөвшөөрч байв. Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн бүх давхаргаас ирдэг, нэг жилийн хугацаанд цэрэг нэг бүрийг өөрчилж, төлөвшүүлэх нь хүндрэлтэй гэдгийг Д.Ганзориг генерал тайлбарласан. Үргэлжлүүлэн тэрбээр Б.Баярсайхан гишүүний хүсэлтийн дагуу батлан хамгаалах салбарын сэтгэл зүйн үйлчилгээ, боловсон хүчний нөөцийн талаар мөн мэдээлэл, тодруулга өгсөн.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, цэргийн албан хаагчдын дунд гарсан гэмт хэргүүдийн шийдвэрлэлт, хүлээлгэсэн хариуцлагын талаар тодруулж, мэдээлэл авсан бол батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн бүх шатандаа хандлагаа өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурийг Н.Алтанхуяг гишүүн илэрхийлэв. Цэргийн байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчдоос гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хүлээсэн хариуцлагын талаарх мэдээлэл цуглуулах, үүнийгээ олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах саналыг гаргаж байв. Прокурорын байгууллагаас 2010-2020 онд цэргийн алба хаагчдын холбогдсон 506 гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өгч байлаа. Эдгээрийн 92 хувийг шийдвэрлэсэн бол нотлогдоогүй гэх үндэслэлээр 105 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээр дурдагдаж буй 506 гэмт хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн, бусад нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд оролцох явцдаа, ахуйн хүрээндээ үйлдсэн гэмт хэргүүд гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлаж байлаа. Салбарын хэмжээнд ёс суртахууны асуудлыг анхаарч, шат шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлага бий гэдэг дүгнэлтийг прокурорын байгууллагын төлөөлөл хэлсэн. 2021 он эхэлсээр цэргийн алба хаагчид холбогдсон долоон хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьсан бөгөөд хоёрыг нь шүүхэд шилжүүлсэн бол нэгийг нь хаасан, бусдыг нь шалгаж байгаа гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн гишүүн бүр нэг үзүүлэлтийг өөр өөрөөр хэлж байгаагаас салбарын тоо бүртгэл, судалгааны чанарыг харж болохыг анхаарууллаа. Түүнчлэн сүүлд гарсан ноцтой хэргийн холбогдогч этгээд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, харин удирдах байгууллага нь цалингийн 20 хувийг хасах зэрэг арга хэмжээ авч, нөхцөл байдлыг даамжруулсан гэж харагдаж байгааг шүүмжилж, сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагыг онцолж байв.
УИХ-ын гишүүн П.Анужин, салбарын боловсон хүчний боловсролын чансаа, томилгооны шаардлагын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллах, батлан хамгаалах салбар хариуцлагын системээ сайжруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны дараа “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төслийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг “цэргийн дэг” нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын чиглэлээр талуудын оролцоо бүхий ажлын хэсгийг байгуулж зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, ажиллах, өмнө гарсан тохиолдлуудын шийдвэрлэлтийн талаар олон нийтэд ил тод мэдээлэх, салбарын хэмжээнд, бүх шатанд хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулах зэргийг чиглэл болгохоор Дэд хорооны төсөлд тусгасан байна.

Дэд хорооны тогтоолын төслийн танилцуулга, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүний 5 нь дэмжсэн юм.
Улстөр нийгэм
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







-
Цаг үе2023/10/23
Аврах ажиллагааны техник, заах аргазүйн сургалт боллоо
-
Цаг үе2026/08/12
Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ
-
Үзэл бодол2020/05/14
М.Нургул: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн зали...
-
Шударга мэдээ2025/04/09
Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн тү...
