Цаг үе
Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар иргэдийн асуултад хариулт өгч, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26-28-нд иргэдээс нийт 623 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 88 иргэн хандсанаас 39 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 49 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 192 буюу 30.8 хувийг машин ачилт, 96 буюу 15.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршил, 94 буюу 15.1 хувийг орон нутаг руу зорчих хөдөлгөөний талаарх мэдээлэл эзэлж байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусний эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Вакциныг ямар хүмүүст хийж байгаа вэ?
-Вакцины нөөц хязгаарлагдмал байгаатай холбоотой Монгол Улсын Засгийн газраас хамгийн түрүүнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, мэргэжлийн хяналтын ажилтан, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүсийг вакцинд хамруулж байгаа.
-Вакцин хийлгэсний дараа вирус илрүүлэх шинжилгээгээр вирустэй гарах уу?
-Үгүй. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарахгүй. Харин дархлааны хариу урвалын нөлөөгөөр эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр эерэг гарах боломжтой.
-Томуугийн вакцин “Ковид-19”-өөс сэргийлэх үү?
-Үгүй. Гэхдээ томуугийн эсрэг вакцин хийлгэснээр коронавирусний халдвартай хүн томуугийн халдвар давхар авахаас сэргийлнэ.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Цаг үе
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа
"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах” “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51,7 хувь нь хүлээлгийн горимд байна.
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
-
Улстөр нийгэм2020/03/02
Сэрэмжлүүлэг: Улсын байцаагчийн нэрээр луйвар хийхийг завдав
-
Цаг үе2025/10/27
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлө...
-
Цаг үе2025/08/06
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлж...
-
Улстөр нийгэм2025/01/09
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж бай...
