Цаг үе
Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.
Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас хорвоог орхиж байна.
Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг хүнээс хүнд халддаг өвчин юм. Сүрьеэгээр аль ч насны, ямар ч мэргэжлийн хүн өвдөж болох бөгөөд нийгмийн ядуурал, хямрал, ажилгүйдэл, эсвэл хэт өндөр ачаалал зэрэг сөрөг үр дагаврыг дагалдан сүрьеэ өвчин ихэсч байна. Гэвч сүрьеэ бүрэн эдгэрдэг амьсгалын замын халдварт өвчин юм.
Сүрьеэгийн халдвар яаж тархдаг вэ
Сүрьеэгийн үндсэн эх уурхай нь уушгины сүрьеэтэй өвчтөн юм. Сүрьеэгийн анхдагч халдварыг хүн бүр авсан байдаг бөгөөд уушгины халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг.
-Сүрьеэ өвчтэй хүнтэй хамт, агааржилт муутай байранд амьдрах
-Биеийн дархлаа суларсан зэргээс анхдагч голомт идэвхижинэ.
Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ярих, ханиах, найтаах үед олон сая сүрьеэгийн савханцар агуулсан дуслууд агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.
Уушгины сүрьеэгийн үед ямар шинж илрэх вэ
Өвчний эхлэл ихэнх тохиолдолд аажим явагдана, хэдэн долоо хоног үргэлжилнэ.
3-н долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж буй хүнийг сүрьеэгийн сэжигтэй гэж тооцно.
-Ханиалгана, цэр, цустай цэр гарах.
-Турах
-Халуурах, жихүүдэс хүрэх
-Хоолонд дургүй болох
-Цээжээр өвдөх
-Амьсгаадах шинж тэмдэг идэрнэ.
Сүрьеэ эдгэрдэг өвчин мөн үү
Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг, сүрьеэгийн эмчилгээ нь богино хугацаанд шууд хяналттай хийгдэх ёстой бөгөөд таны уйгагүй, ухамсартай эм уултаас л шалтгаална.
Эмчилгээний зарчим баримталснаар
-Өвчтөн төгс эмчлэгдэнэ
-Гэр бүлийнхэндээ болон ойр орчимдоо халдвар тараахгүй
-Хүндрэл буурна
-Эмийн дасал үүсгэхгүй зэрэг ач холбогдолтой.
Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлж чадах вэ
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
-Сүрьеэгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт
- Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх.
- Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэж 3 ангилдаг
1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт юм. Сүрьеэгийн БЦЖ вакциныг анх төрсөн нярайд,-1-р тун, 2-р тунг 8 настайд вакцинжуулна.
2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал юм. Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох явдал юм.
3. Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах, архи, тамхи хэрэглэхгүй байх.
Хэрэв та өвдсөн бол ямар арга хэмжээ авах вэ.
Танд 3 долоо хоногоор ханиалгах , турах, оройдоо халуурч , хөлрөх зэрэг зовиур илэрч байгаа бол эмчид яаралтай хандаж онош тодруулах арга хэмжээ авч хэрэв сүрьеэ болох нь тогтоогдвол сэтгэлээр унах хэрэггүй, сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ.
- Эрүүл мэндийн ажилтны хяналтан дор үнэгүй эмчилгээг дор хаяж 6 сар түүнээс дээш хугацаагаар эмчилгээний дэглэмийг баримтлан хяналтанд байж, эмчлүүлэх
- Гэр бүлийнхээ бүх хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах.
- Чанартай эрдэс тэжээл, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Эмчилгээний явцад архи дарс уух, даарч хөрөх, хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаагаар унах , биеийн эсэргүүцэл сул байх зэрэг нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг
- Хэрэв эмчилгээ тасалбал өвчин архагшина, эмийн дасалтай болж хэзээч эдгэхгүй , гэрийнхэндээ халдвар тараах, мөн эдгэрэх магадлал багасч улмаар амь насанд аюул учирна.
Цаг үе
Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна
Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх Дэлхийн өдөр” юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “… тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна.
Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн цаашдын ХӨГЖИХ, СУРАЛЦАХ ЧАДВАР, НИЙГЭМШИХ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ЧАНАРТ шууд нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Харин хоцрогдлыг хожуу илрүүлсэн тохиолдолд сурлагын хоцрогдол, зан үйлийн асуудал, нийгмийн оролцооны саад бэрхшээл нэмэгдэх эрсдэлтэй байна.
ЭРТ ИЛҮҮЛЬЕ, ЭРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ, ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ
Цаг үе
Гадаадын иргэн, харьяатын газар нарны цахилгаан үүсгүүр ашиглаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд зориулсан нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж, дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.
Тус нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 70.9 мВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Урьдчилсан тооцоогоор энэ нь жилд 20 гаруй сая төгрөгийн бодит хэмнэлт бий болгох эдийн засгийн үр өгөөжтэй.
Ийнхүү байгууллагын цахилгаан хангамжийг төвийн эрчим хүч болон нарны цахилгаан үүсгүүр хосолсон системээр шийдвэрлэсэн нь төсвийн зардлыг бууруулахын зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагаанд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлж буй чухал алхам болж байна.
Цаг үе
Монгол, Серби улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, тус яамны Ази, Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нар оролцов.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулжээ. Мөн Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнийг дурдаад, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлох, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцолжээ. Тухайлбал, Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтойг дурдсан байна. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа аж.
Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.
