Улстөр нийгэм
Мэдэгдэл
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан. ФАТФ-ын Зөвлөмж 15-ын дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Иймд ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь шинэ технологид суурилсан, тогтмол өөрчлөн шинэчлэгдэж байгаа үйл ажиллагаа юм. Иймд эхний ээлжинд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгасан.
Харин хэрэглэгчийн эрхийг хамгаалах, цахим аюулгүй байдал, бусад үүсч болзошгүй эрсдэлийг тус хуулиар зохицуулахгүй. Иймд иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээ авахдаа учирч болзошгүй эрсдэлийн талаар хангалттай мэдээлэл авсны үндсэн дээр дотоодын болон олон улсын криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах, хөрөнгө оруулах, арилжаа хийх нь зүйтэйг анхааруулж байна.
Олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомж, зах зээл дэх оролцогчдын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч виртуал хөрөнгийн үнэ цэнэ огцом өөрчлөгддөг, өндөр эрсдэлтэй учир иргэд өөрийн оруулсан хөрөнгөө бүгдийг нь алдах, хохирох боломжтой.
Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан “цахим мөнгө” нь төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгсэл юм. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас гаргасан “Цахим мөнгөний журам”-аар үйл ажиллагааг нь зохицуулдаг бөгөөд холбогдох шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээд зөвшөөрөл авсны үндсэн дээр “цахим мөнгө” гаргах боломжтой байдаг.
Криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхаарна уу.
МОНГОЛБАНК
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Цаг үе2020/10/14
“Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургууль 13 дахь жилдээ зохион байг...
-
Улстөр нийгэм2019/11/18
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана
-
Улстөр нийгэм2021/03/31
ЗГ: Ирэх сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана
-
Цаг үе2020/09/28
Боловсролыг дэмжих жил 2020
