Улстөр нийгэм
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ
ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:
1. хууль зүйн өндөр мэргэшилтэй;
2. эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
3. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
4. сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;
5. сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
6. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:
1. хууль зүйн өндөр мэргэшилтэй;
2. эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
3. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
4. сүүлийн таван жил шүүгч, эсхүл улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
5. шүүгчээр ажиллаж байгаагүй;
6. Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байгаа;
7. шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа;
8. өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа;
9. прокуророор ажиллахгүй байгаа;
10. эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн, эсхүл Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:
1. нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;
2. төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;
3. иргэний үнэмлэхийн хуулбар;
4. нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5. эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
6. хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;
7. эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;
8. хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
9. Шүүхийн тухай хуулийн 76.3 эсхүл 95.3, 95.4, 95.8-д заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар татаж авна уу.
Шүүхийн тухай хуулийг дараах линкээр унших боломжтой: https://legalinfo.mn/law/details/16047?lawid=16047
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам,” түүний хавсралтуудыг www.parliament.mn линкээр унших боломжтой.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-267155, 51-262727
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:
Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 327 тоот
Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: Galsanbatb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО
2021.03.10
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
Улстөр нийгэм
Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.
Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.
Улстөр нийгэм
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой
Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.
-
Цаг үе2023/11/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2024/04/01
“Шар усны үерийн хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг ...
-
Цаг үе2020/01/06
Нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан...
-
Улстөр нийгэм2024/03/29
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамт...
