Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 15-наас эрчимжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага авч ажилласан. 900 гаруй иргэний амь насыг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. Түүнчлэн усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Туул дагуу завьт эргүүлийг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 1650 ажилтан, албан хаагчид, 176 техник хэрэгсэлтэйгээр усны эргүүлийг хийж байна. Мөн энэ сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас сэргийлэх постуудыг ажиллуулахаар төлөвлөж байна гэв.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, Эмээлт, Баруун туруун, Хүй долоо худаг, Улаан туруун, алслагдсан дүүргүүдийн нутаг дэсгэрийг хамруулан нийт 540 мянган га талбайд мод, байгалийн баялаг, дагалдах баялаг, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан шалгалт хийсэн. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мод, модон материал худалдаалдаг төрөлжсөн захуудыг хамруулсан байгаа. Шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр чоно, тарвага, хярс, гахайг агнах, худалдах, тээвэрлэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан гурван хуулийн этгээд, есөн иргэнд 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын постуудыг ажиллуулж байна гэлээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа: Монгол Улсын хэмжээнд зохилон тохиолддог, мал амьтнаас хүнд халдварладаг 40 орчим өвчин байдаг. Бид Халдварт өвчнийг өөрийн улсад болон хил дамнан бусад улс орнуудад тархаахгүй байх үүрэг хүлээн ажилладаг. Манайд судлагдаж буй өвчнүүд ихэнх нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэж, гамшгийн хэмжээнд хүргэдэг. Тийм учраас бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Он гарсаар зоонозын халдварын 930 дуудлага авч, үйлчлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт. Харин тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн. Тарваган тахал өвчний долоон тохиолдол илэрсний хоёр нь Улаанбаатар хотоос байсан. Тухайн хоёр иргэн тарваганы боодог идсэн байсан. Хууль бусаар тарвага агнах явдал зогсоогүй,  буураагүй байна. Бид өвчин гарсан хойно нь бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна хэмээв.

Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргал: Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу алба хаагчдынхаа бэлтгэл ажлыг ханган, 183 албан хаагчийг тарваган тахлын вакцинд хамруулсан. Байнгын пост болон бусад хулгайн замаар хууль бусаар нэвтрүүлдэг учраас хяналт шалгалтыг идэвхжүүлж ажиллана. Иргэд Улаанбаатар хот руу санаатай болон санаандгүй байдлаар, бие биенийхээ гуйлгаар тарваганы тулам болон боодог зэргийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулъя гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Олон улсын “Дурсах өдөр”-ийг зохион байгууллаа

Огноо:

,

"Улаанбаатар буян" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.

- Олон улсын “Дурсах өдөр” гэж юу вэ. Энэ өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

-Олон улсын “Дурсах өдөр”-ийн арга хэмжээг анх Өмнөд Америкийн оршуулгын холбооноос санаачилсан бөгөөд 2012 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ өдөр хорвоог орхин одсон өвөг дээдэс, хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, өвөг дээдсийнхээ хэлсэн үг, захисан сургаалыг санан дурсаж тэдэндээ хүндэтгэл илэрхийлдэг. Жил бүрийн наймдугаар сард “Дурсах өдөр” тохиодог.

- Олон улсын “Дурсах өдөр”-ийг ямар улс орнууд тэмдэглэж байна вэ?

-Уг өдрийг анх 2012 онд Өмнөд Америкийн улс орнуудад тэмдэглэж байсан бол жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Аргентин, Австрали, Болив, Бразил, Чили, Канад, Колумб, Коста Рика, Эквадор, Доминикан, Савиор, Испани, АНУ, Гватемал, Израиль, Мексик, Шинэ Зеланд, Парагвай, Доминикан, Монгол, ОХУ, Сингапур, Хятад, Өмнөд Африк, Уругвай, Венесуэл зэрэг 25 улс оронд тэмдэглэж байна.

-Олон улсын “Дурсах өдөр”-ийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Улс орон бүр “Дурсах өдөр”-ийг тухайн улс орнуудын ёс заншилтай уялдуулан янз бүрээр тэмдэглэдэг. Ихэвчлэн бурхан болоочийг нутаглуулсан газарт нь ар гэрийнхэн нь ирж тэдэндээ талархлын үгээ илэрхийлэх, сэтгэлийн үгээ бичсэн бөмбөлөг хөөргөх, мод тарих, дурсамж ярих, тагтаа хөөргөх, зул өргөх, бага хэмжээний концерт зохион байгуулж магтан дуулах зэрэг янз бүрээр тэмдэглэдэг.

- Монгол Улсын хувьд уг арга хэмжээг хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Манай улсад уг арга хэмжээг 2015 оноос эхлэн “Буяны зан үйлийн холбоо” ТББ санаачлан буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид арга хэмжээгээ жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар сард зохион байгуулдаг. Өмнөх жилийн арга хэмжээнд Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн хүрэлцэн ирж сүсэгтэн олонд лекц уншсан бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөн хүндэт зочноор оролцон ханийнхаа тухай дурсаж, цугласан олонд ая дуугаа өргөсөн. Мөн түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүс халин одсон хайртай дотны хүндээ сэтгэлийн үгтэй захидал бичин тэнгэрт хөөргөж, зул өргөн дүнчүүр маань хөгжөөж, бурхан бологсдыгоо дурсан хүндэтгэх арга хэмжээ болсон.

Энэ жилийн арга хэмжээг “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун буяны төв цогцолборт 2019 оны 09 дүгээр сарын 22-ны зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд маань Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн орчуулагч, багш гэвш Д.Түвдэнцэрэн хүрэлцэн ирж “Буян үйлдэхүйн учир” сэдвээр лекц уншсан. “Улаанбаатар буян” ХХК нь сүүлийн жилүүдэд “Байгаль орчинд ээлтэй -Аюулгүй ажиллагаа”-г хангах үүднээс олон улсын хэд хэдэн стандартуудыг хангаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдсэн нэлээд ажлууд бий. Эдгээр ажилтай танилцах нээлттэй боломжийг бид олгосон. Тухайлбал хамгийн сүүлийн үеийн чандарлах зуухны технологи болон манай үйлчилгээний давуу талуудтай биечлэн танилцах боломжийг бүрдүүллээ. Мөн үндэсний хөгжмийн цөөхүүл хамтлагийн тоглолтоос гадна хүрэлцэн ирсэн хүмүүс буян санаж мод тарих, зул өргөж, дүнчүүр маань хөгжөөсөн.

- Уг өдрийг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсдын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн залрахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг байдаг. Түүнчлэн өвөг дээдсийн захиас, сургаалыг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. Бурхан бологсдодоо хэдий чинээ хүндэтгэлтэй хандаж, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог гэж монголчууд үздэг. Мөн энэ өдөр хэн нэгэн нартаас халин одсон хайртай дотны хүмүүстээ хэлж амжаагүй үгсээ хүргэх, магадгүй харамсал тээж үлдсэн нэг нь сэтгэлийнхээ хүлээсийг тайлж тэнгэрийн оронд захидал болгон илгээж тайвшралыг олж байдаг.

Үлдэж буй хүмүүс, төрөл төрөгсөдийн ажил үйл бүтэх, өвчин зовлонгүй байх бүх шалтгаан нь бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлэх, хойдын буян үйлдэхэд байдаг гэж бурханы номд бий. Цаашид уламжлал болж явах энэ арга хэмжээ нь өөд болоочдоо дурсах, мөнх бусын зан үйлд хойч үе, залуусаа сургах, мэдлэгтэй болгох юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно

Огноо:

,

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх "Нээлттэй өдөрлөг" энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна.

Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 21-ний Бямба гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл хүргэх, Олон улсын "Найрамдал" зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт өнөөдөр болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой ажээ.

Уг чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй оролцоно. Мөрдэстөн бүсгүйчүүд энэ уулзалтаар  “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон өөрсдийн урласан гар урлалын бүтээлээ дэлгэх юм байна.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, цэргийн эмэгтэй алба хаагчдын тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос цэргийн шилдэг 10 эмэгтэй алба хаагчид  шагнал гардуулахаар төлөвлөжээ.



Дэлгэрэнгүй унших

Санал болгох