Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хийж байна

Огноо:

,

2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж  ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна.
 
Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор үр импортлын зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ОХУ-аас 900 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3380 тонн үр замд яваа мэдээлэлтэй байна. Түүнчлэн тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайны үр 500 тонн, хошуу будааны үр 650 тонныг тус тус импортоор аваад байгаа мэдээтэй байна.
 
10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж,  хэрэгжилтийг Хөгжлийн банктай  хамтран зохион байгуулж байна.
 
Бүгд найрамдах Польш Улсын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг,  ногооны үрлэгч, хураагч  комбайн, копатель,  хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр тендерийн баримт бичгийг боловсруулж байна.
 
ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд найрамдах Беларусь улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр санал боловсруулан ОХУ болон БНБУ-ын талд хүргүүлж хамтран ажиллаж байна.
 
Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг,  жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус  50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай,  жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь  усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх болно.
 
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгох, улмаар “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө  нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.Энэхүү хөнгөлөлт дэмжлэгт урьдчилсан байдлаар хот,  хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.
 
Улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж,  өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар  нэмэгдүүлэн,  төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
 
“20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
 
“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 55.0 сая төгрөгийн санхүүжилтээр нэг аймагт суулгац үржүүлгийн төв байгуулж дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр “Монгол чацарганы нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх,  экспортыг дэмжих” туршилтын төсөл хэрэгжүүлж чацарганы өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд  тариалангийн үйлдвэрлэлд 2021 онд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
 
Нийслэл хотод байгуулагдах 16.0 мянган тоннын багтаамжтай, 90.0-100.0 мянган тоннын эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн  дэд бүтэц, цахилгаан, шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна.
 
Тариалангийн бүсээс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг тодорхой үе шаттайгаар гаргах, аймгуудад тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд тариаланчдад мэдлэг олгох, шинэ мэдээлэл өгөх чиглэлээр нийтдээ 150 гаруй хүнийг хамруулсан 3 удаагийн сургалт, уулзалт, семинарыг цахимаар зохион байгуулаад байна.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Огноо:

,

Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20  дугаар хороонд ажиллалаа.

Тус дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайд хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр хураах, хүнд даацын автомашин байрлуулах зэрэг олон зөрчил гаргадаг. Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр хороодод ажиллаж байгаа шалтгаан бол Улаанбаатар хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг Сонгинохайрхан дүүргийн удирдлага, хотын харьяа агентлагууд хамтдаа хийх хэрэгтэй. Энэ зам Энхтайваны өргөн чөлөө буюу Улаанбаатар хотын баруунаас зүүн зорчих гол зам. Энэ замаар гадаад дотоодын зочид явдаг. Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан үзэхээр Хүй долоон худаг, баруун аймгууд явдаг. Гэтэл энэ зам дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг олгосон зориулалтаас нь өөр зориулалтаар ашиглаж байгаа зөрчлүүд олон жил үргэлжилж байгаа. Тухайлбал, энэ төв зам дагуу хоёрдогч түүхий эд авах, хаягдал төмөр цуглуулах байдал их. Цаашлаад уул уурхайн тоног төхөөрөмжүүд, том дунд оврын машиныг нийтийн эзэмшил, явган хүний зам хааж тавьж худалдан борлуулдаг. Түүнчлэн автомашины дугуй худалдаа, хивэг, будаг зарж байна. Ашиглалтын шаардлага хангахаа байсан машинуудыг тээвэрлэх, засварлах, тос масло солих олон үйл ажиллагаа явуулаад байна. Ерөөсөө явган хүн алхах боломжгүй шахам боллоо. Эдгээр асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллана” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Энэ жил цас их унасан учраас замууд дээр давс, бодис маш их хэмжээгээр цацсан. Үүнээс улбаалж эвдрэл их гарлаа. Энэ сарын 10-наас замын нөхөөс хийх ажлууд эхэлсэн” гэдэг мэдээллийг өгөв. Өнөө жил Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүхэлд нь хучих ажил хийнэ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Энхтайваны өргөн чөлөөний замыг хучих хүрээнд Орбитын зам, Тахилтын зам, Найрамдлын зам, Баянхошууны замыг бүхэлд нь хучна” гэдгийг онцоллоо.

Харин Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Хархорин” худалдааны төвөөс “Саппоро” хүртэл 1.5 км газарт ногоон байгууламж, дугуйн зам, тоглоомын талбай, зогсоол, стандарт шаардлага хангасан ус зайлуулах хоолой зэргийг хийсэн. Дээрх ажилтай хотын дарга танилцаад 1 дүгээр хорооллын ард зам дагуух нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж амралтын талбай болгон тохижуулах үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ

Огноо:

,

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд "Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлээд буй. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол орчимд 11000 иргэн оршин суудаг. Гэсэн хэдий ч уг байршилд төрийн өмчийн сургууль байхгүй. Иймээс оршин суудаг хүүхдүүдийн ихэнх хувь нь замын цаана нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” сургууль болон 10-р хорооллын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулиудад хол очин суралцдаг. Тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид авах гэрээ хийгдвэл олон хүүхдүүд болон эцэг эх хол явах шаардлагагүй болно” хэмээлээ. 

Түүнчлэн сургууль цэцэрлэгийн байгууламж байхгүй Хархорин, Өнөр хороолол, Эрин хороололд амьдарч буй сургуулийн насны 3900 хүүхдүүдийн асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээр хийж шийдэл гаргахаа хотын дарга онцоллоо.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Улаанбаатар хотын хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал 2020 онд хүнд байсан. Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, өдрийн гурван ээлжээр хичээллэдэг байсан. Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13 сургууль, 13 цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Зарим сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Уг Эрин сургуулийн асуудлыг бүрэн шийдэж төрийн өмчит болговол Баянгол дүүргийн бүх хороо сургууль, цэцэрлэгтэй болно. Ингэснээр бид үнэгүй чанартай боловсролыг олгож чадна’ гэв. 

“Эрин интернэшнл ХХК”-ийн дэд захирал Д.Даваасүрэн “Эрин хорооллыг 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сургууль төлөвлөх хүсэлт тавьсний дагуу бид төлөвлөж улсын хөрөнгөөр бариулах хүсэлт удаа дараа тавьсан боловч 2019 онд олон улсын сургууль болох зорилоготойгоор Япон Улсын хөрөнгө оруулалттайгаар байгуудагдсан. Одоо хувийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа. 960 хүүхэд нэг дор хүлээн авах хүчин чадалтай, бүх анги тэнхимийн лаборатори нь орчин үеийн багаж хэрэгслээр тоногдлогдсон хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартаар бүрэн стандартын дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн сурах таатай орчин нөхцлийг бүрэн хангасан” гэж хэлэв. Мөн тэрбээр сургуулийг төрийн өмчит болох асуудалд аж ахуйн нэгж хоорондын гэрээний дагуу үнэ тохиролцож ширээний ард ярилцахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ээждээ зориулсан үг

Огноо:

,

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ҮГ

Бидний ачлалт хайртай ээж минь Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү...

Хайрт ээж минь 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний учир тэнгэрт дэвшлээ. Бидний хайрт ээж Гомбосүрэн овогтой Хэрлэнбаяр нь 1978 оны дөрөвдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн төрөх тасагт аав, ээжийн 4 дэх охин болон мэндэлжээ.

Та минь бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж, 1985-1993 онд Төрхурахын 8 жилийн дунд сургуульд, 1993-1995 онд Хөнгөн хүнсний техникумд, 1999 онд Алт угаагч түр курст суралцан "Шижир алт" ХХК-д, "Алтан Дорнод Монгол" ХХК-д дээж авагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

2005 оноос "Номин холдинг" ХХК-д борлуулалт, үйлчилгээний бизнест худалдагчаар ажилд орсноор өнөөг хүртэл тус компанитай хувь заяагаа холбож, "Номин электроникс", Номин УИД, Номин хайпермаркет, супермаркет зэрэг олон салбаруудад борлуулагчаас барааны нярав, орлогын нярав, зохион байгуулагч хүртэл албан тушаалуудад дэвшин ажиллаж, өөрийн ажилдаа дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй, хамт олныг удирдан чиглүүлэгч, сайн зохион байгуулагч, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн суралцаж, уралдаант шалгаруулалтад дээгүүр байрт жагсдаг, хамт олондоо нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрч, чадварлаг шилдэг ажилтан байлаа.

Ээж минь 1996 онд гэр бүлтэй болж, 1997, 2003, 2009, 2019, 2021 онуудад нэг хүү, дөрвөн охины ээж болсон ба гурван зээ хүүгийн эмээ, өнөр өтгөн гэр бүлийн өгөөмөр буянтан байлаа. Ээж минь та өөрийн зовлонг бусдад нялзаалгүй, бусдын төлөө амьдрахын учрыг ойлгуулж, олонтой явахын, зөв шударга амьдрахын толь байжээ. Та алдар гавьяаг биш хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянтан байлаа.

Та хатууг сөрж амьдарсан.

Та минь аюулт өвчний өмнө аргагүй бөхийлөө. Хайрт ээж минь та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон үр, олон амь, олон айл өрх ТАНААС эх авлаа.

Энэрэлт ээж минь таныхаа ард бид хүүхдээрээ, олуулаа үлдлээ ч танаараа Л ДУТАЖ амьдрах нь ээ. Та минь дэндүү залуугаараа биднийгээ орхин одлоо. Ээж минь та гайхалтай ажилсаг, цаг наргүй хөдөлмөрдөг нэгэн байсан. Та минь олон найз нөхөдтэй, олон түмнээрээ хүрээлүүлсэн хүнлэг нэгэн байсан. Ээж минь олон хүүхэд төрүүлж, өсгөн төрийн эрхэм хүндэт "Алдарт эх II" одон хүртэж байлаа. Таны минь авьяас билэг, хүч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль, Монгол Улсын Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг, УИД-ийн 100 жилийн ойн медаль, Номин холдинг ХХК-ийн 30 жилийн ойн медалиар шагнаж байв.

Үр хүүхдүүд бид чинь сайхан ээж танаараа бахархаж байна. Та минь хүний журам, түмний ёсыг дээдлэн амьдрахыг хичээж, үр хойч бидэндээ үлгэр дуурайл болон амьдарсан. Та минь олон хүүхэдтэй айлын нэгэн мөчир байсан. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Энэхүү үнэнтэй эвлэрч, таныгаа бурхан болохыг үзэх зүйрлэшгүй хэцүү байна.

Та минь хөх тэнгэртээ заларч, эгнэшгүй ачит Дарь Эх болон мөнхрөөрэй. Үр хойч бидэндээ эргэн төрөөрэй. Таны эргэн төрөх зам мөр элдэв саадгүй дардан байх болтугай. Буянтай сайхан, ачлалт хөөрхөн ээж минь ТА АМГАЛАН НОЙРС ДОО.... Таныгаа үүрд дурсан, шүтэж явах болно.

ХАЙРТ ЭЭЖ, ГЭР БҮЛИЙНХЭН, АНД НӨХӨД, ХАМААТАН, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ

- * -

 

АНГИЙН АНД ЧАМДАА...

Хоёр салаа гэзгэн дээр,
Хосгүй цэцэг ургуулсан
Хонгорхон алаг нүдэн ...
Холбооны охин чи минь
Хонхорын 10 жилийн 10А ангийн сурагч билээ...

Холбоо үг хоршуулан,
Хоёр мөртийг энүүхэнд зохиочихно
Хэн нэгнийг ёжтой нь аргагүй үгээр
Хааяа нэг шоглон инээх
Хэдийд ч бэлэн сэцэн үгтэй
Сахилагагүй юм шиг мөртлөө
САЛААНЫ ДАРГА байсан Хэрлээ охин минь...

Хүүрнэн урсах үгсээр
Хүрэн бор дэвтэрийг дүүртэл
Хөх бэхийг дуустал
Хосгүй уянгалах шүлгийг бичсэн
Хүрэл Тулга шүлгийн уралдааны ЭЗЭН охин минь...

Томоо гитарын араас
Тогдгор жаахан гараар
Төвөггүй тоглож байхад
Урлагийн тэнгэр чамд дурласан байх гэлтэй
Сурлага сайтай, урлагт авьяастай Сургуулийн анд минь...

Гитар тоглож дуу аялан
Гудамжны найзуудаа хөгжөөнө
Гурван чавхдасыг хөглөн тоглож
Гуч хүрсэн андуудаа баясгана.

Гутрана гэдгийг Мэдэхгүй,
Гундана гэдгийг Мэдрэхгүй
Хаана ч явсан Зоригтой,
Хэзээ ч эмээж Шантардаггүй
Энгийн атлаа ГҮНДҮҮГҮЙ
Тайван мөртлөө АУГАА
Дөлгөөнхөн мөртлөө ХҮЧТЭЙ
Даруухан атлаа ЗОРИГТОЙ байх чи минь....
 
Нарт хорвоо чамайг минь
Нар буцахаас өмнө аваад явчихлаа
Нас залуухан, цус шингэнд дурлаа юм болов уу

Алаг хорвоо чамд минь
Амьдралын бурмыг амсуулж амжилгүй аваад явчихлаа
Ааш сайханд нь дурлаа юм болов уу

Хонгорхон найз минь чи
Аз жаргалын ДИВААЖИН гэх оронд
Амар тайван нойрс доо.

ХАЙРТАЙ ШҮҮ.
Ангийн андуудаас....................

Дэлгэрэнгүй унших

Санал болгох