Үзэл бодол
Засагтай заргалдагч

Хүний эрхийн төлөө тэмцэгч-Зоригтон
Одоогоос 44 жилийн тэртээ Нийслэлийн 10 жилийн 17-р сургуулийг төгссөн жаахан охин шуудангийн машинд сууж Өвөрхангай аймгийг зорьж байжээ. Элсэлтийн шалгалтад ороод Хуулийн сургуулийн хуваарь авч чадаагүй хотын охин хөдөө нутагт нэг жил ажиллаж, дахин шалгалт өгч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зоримог алхам хийсэн нь тэр. Энэ бол Пэрэнлээгийн Цэвээн байлаа. Тэрээр Өвөрхангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд бичээч хийж, ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Юм юманд идэвхитэй, дуулж бүжиглэдэг, хийж буй зүйлдээ хариуцлагатай, хэн нэгнээр шахуулж шаардуулаад байдаггүй жаахан охин дорхноо л тушаал дэвшин бичиг хэргийн эрхлэгч болжээ.
Яг энэ үед МАХН-ын Төв хорооноос Хүүхдийн байгууллагын ажилчдыг бэлтгэх 55-р тогтоол гарч, УБДС дээр Түүх, нийгэм Пионерийн удирдагч багш бэлтгэх анги нээгдэж П.Цэвээнд урилгаар суралцах боломж олджээ. Түүнийг Монголдоо бэлтгэгдсэн хүүхдийн байгууллагын анхны мэргэжилтнүүдийн нэг гэж хэлж болно. Сургуулиа төгсөөд Нийслэлийн 77-р сургуульд ХЗХ-ны нарийн бичгийн даргаар томилогдон очжээ. Дарга нэртэй л болохоос биш шавь нараасаа ялгарахгүй жаахан бүсгүй тухайн үед сургуулийн “Хэцүү хүүхдүүд”-ийн араас хөөцөлдөж, эцэг эхийнх нь ажлын газартай холбогдож цалингүй чөлөө олгуулж, хүүхдээ хичээлд нь суулгах үүрэг даалгавар өгч “Сээгий малгай” шүүрсэн гэх хэрэгт холбогдсон хүүхдүүдийг батлан даалтад авч, урлаг уран сайхны арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байлаа.

П.Цэвээн багш Монголын хүүхдийн төлөө үндэсний төвд 1992 оноос эхлэн 5 жил ажиллажээ. Монгол Улс дөнгөж зах зээлд шилжсэн, картын бараатай, ажилгүйдэл, ядуурал, архидалт... Одоо ч тэр энэ тухай ярихдаа “Хоёр нийгмийн шилжилтийн хамгийн том хохирогч нь хүүхэд байсан юм шүү” гэж хэлээд нулимс цийлэгнүүлж байсан. Нулимс унагахад ч багадмаар тийм л орчин... Улаанбаатар хотын гудамжаар эгнэсэн гуйлгачин хүүхдүүд...Гэрт нь очихоор өмсөх хувцас бүү хэл идэх хоолгүй хүүхдүүдийн хайр горьдсон өрөвдмөөр харц. Задарсан нийгмийн ядарсан айлын хаягдсан хүүхдүүдэд туслахаар хүүхдийн байгууллагын ажилчид өөрийнхөө хүүхдийн хувцснаас хүртэл илүүчилж, цөөхөн хэдхэн төгрөгийн цалингаасаа хумслан ганц хуушуур ч гэсэн авч өгөхөөр гүйдэг байж. Бөөстөж, хуурстсан хүүхдүүдийг цуглуулан усанд оруулж, хувцсыг нь солиод л явуулна. Гэвч хэд хоногийн өнөөх хүүхэд өлсчихсөн, өмсөх хувцасгүй шахам бөөсөндөө баригдаад л тэнэж явна... Ийм л дүр зураг... Өөрчлөх хүсэл байвч төр нь ядуу, түмэн нь ч хэцүү ийм л цаг үед хүүхдийн байгууллагын ажилчид ёстой л яахаа мэдэхгүй цаг үед тэд учраа олохгүй самгардаж байсан гэдэг. П.Цэвээн багш “Монгол хүний заяа өндөр” гэж үнэн шүү. Яг л тийм хэцүү, барьц алдаж байх үед Английн Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр Монголд орж ирсэн гэж дурсаж байсан. Энэ үеэс л Хүүхдийн эрх, Хүний эрх гэсэн үгийг Монголчууд анх удаа жинхэнэ утгаар нь сонссон цаг. П.Цэвээн багш Хүний эрхийн чиглэлээр Монголдоо бэлтгэгдсэн анхны сургагч багш нарын нэг.
-Таныг оюутан байхад хүүхдийн эрхийн талаар заадаггүй байсан хэрэг үү гэтэл “Юун хүүхдийн эрх. Бид хүний эрхийн талаар ч ойлголтгүй байсан шүү дээ. Энэ хэдэн өнчин ядуу хүүхдээ яана даа л гэж санаа зовдог байснаас биш энэ хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж мэддэг ч үгүй явсан хэмээн харуусангуй ярьж байсан юм. Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Б. Дэлгэрмаа 1997 онд П.Цэвээн багшид “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” хэмээх байгууллагыг байгуулах санал тавьжээ. “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” үүсэн байгуулагдаад 23 жилийн нүүр үзэж байна. Тэр Монголд хамгийн анх Хүүхдийн нэвтрүүлгийн өдрийг зохион байгуулж, хүүхдийн эрхийн талаар сургалтуудыг хийж, “Хүүхдийн утас” ажиллуулж Японы хөрөнгө орууулагчдын дэмжлэгтэйгээр маш олон төсөл хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө хичээж ажилласан. Зах зээлийн тогтолцоонд шилжсний дараа гудамжинд гарсан олон хүүхдүүд одоо хэр яваа бол, хаана байгаа бол гэсэн бодол түүнийг шаналгаж байсан хэрэг. Тиймээс Монголд анх удаа “Гэр бүл эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн нийгэмшилтийн судалгаа” хийжээ. Тэрээр 1997 оноос хойших бүхий л материалыг судалж, үрчлэгдсэн, орхигдсон, хараа хяналтгүй хүүхдүүдийн мэдээллийг цуглуулан, эрж хайж ажлыг эхлүүлжээ. Монголын төр тэр үед хичнээн хүүхэд үхэж байгааг бүү хэл төрж байгааг ч мэддэггүй байсан үе. Гадаадын хөрөнгө оруулалттай асрамж, халамжийн төвийн судлагааг Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас нэхэхэд 22 газрын нэр гаргаж өгчээ. Гэвч энэ 22 төв бүгд сэжигтэй, хүүхдийн эрхийг хамгаалахаасаа илүүтэйгээр зөрчдөг болох нь илэрчээ. Төвд ирсэн, явсан хүүхдүүдийн бүртгэл ч бас учир битүүлэг. Үүнийг анзаарсан П.Цэвээн багш бүхий л асрах газруудаар орж үзэх шаардлагатайг ойлгосон гэдэг.

Хотоос зайдуу байрлах асрах төвийнхөн нохойгоор хөөлгөж, зарим харуулууд буу шийдэм барин сүрдүүлж байсан тохиолдол ч бий. Тэр ч бүү хэл нэгэн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцсны дараа гадаадын Элчин сайд өөрийн биеэр хэлмэрчээ дагуулан ирж дарамталж байсан удаатай. Христын сүмийн асрамжийн газраас судалгаа нэхсний төлөө хожим УИХ-ын гишүүн болсон нэгэн өмгөөлөгч түүнийг хууль цагдаагаар сүрдүүлэн айлгаж байжээ. Гэхдээ тэр энэ судалгааг хийж чадсан. Судалгааны дүнгээ барин Нийгмийн хамгааллын сайд Д.Дэмбэрэл дээр орж “Яг одоо хүүхэд хамгаалах, асрах байрнуудын стандарт тогтоо” гэдэг шаардлага тавьж, сайдын зөвлөлийн хурал дээр “Хэрвээ та нар энэ саналыг хүлээж авахгүй бол, энэ замбараагүй асрах байрнуудад хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирвол сайд та л хариуцлагыг нь хүлээнэ шүү” хэмээн хэлээд хаалгыг нь чангахан хаагаад гарч байлаа. Үүний дараа Хүүхэд асрах халамжлах газруудад стандарт мөрдүүлж, П.Цэвээн багшийн хүчин чармайлтын үр дүнд ямар ч бүртгэлгүй байсан гадны 30 гаруй асрах төв илэрч, Монгол төр ядарсан хүүхдүүдээ хаана байгааг олж бүртгэж авсан түүхтэй. Энэ бол том гавьяа, бас асар их хүч хөдөлмөр зориг шаардсан ажил байсан юм. Хэрвээ П.Цэвээн багш үүнийг зориглож хийгээгүй бол гадны хөрөнгө оруулалттай асрах төв нэртэй газарт хичнээн хүүхэд хохирч, хичнээн хүүхэд үрчлэлт нэрээр хил давж ямархан хувь тавилантай золгох байсныг таашгүй.
Үүгээр П.Цэвээн багшийн сэтгэл амарсангүй. “Гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд байна. Хүүхдийн асран хамгаалагчийг тогтоохдоо хянамгай хандаач, би шинжээчээр ажиллаж өгье” гэсэн саналаа бүх шүүхэд илгээжээ. Шүүхүүд ч түүний саналыг хүлээн авч, П.Цэвээн багш 1000 гаруй гэр бүл цуцлах шүүх хуралд оролцсон аж. “Муухай шүү. Хөрөнгөндөө хайртай хэрнээ хүүхдээ хайхрахгүй хүмүүс байдаг гэдгийг би тэгэхэд л ойлгосон” хэмээн тэр яриад санаа алдаж байсан юм. Эдийн шуналтангуул мөн л түүнийг дарамталж, хэл амаар доромжилж байсан ч шантраагүй. Өнөөдөр түүний эхлүүлсэн энэ ажил төрийн ажил болон хэрэгжиж байгаа.
Түүний хийсэн бас нэг томоохон судалгааны нэг нь “Өсвөр насны хүүхдүүдийн садар самуун, бэлгийн мөлжлөгт өртөж буй талаарх судалгаа” байлаа. Шөнийн арга хэмжээ зохион байгуулж, цагдаа нартай явж, биеэ үнэлж, бэлгийн мөлжлөгт өртөж байгаа охидын талаар хийсэн судалгаа бас л олон хүнд таалагдсангүй. Охидын биеийг үнэлсэн мөнгөнөөс цагдаа нар хүртэл хүртдэг, зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг болсныг П.Цэвээн багшийн судалгааны хүрээнд тогтоож, зохих хүмүүс хариуцлага хүлээж, тэрээр буруу замаар орсон 20 охиныг төсөлд хамруулан амьдралын замд хөтөлж чадсан. Хэргээ дарах гэсэн сонирхолтой хүмүүс бас л дарамталж, судалгааны дүнг нь үгүйсгэхийг оролдож, хэл амаар доромжилж байсан ч ухарч буцаагүй. Гэхдээ П.Цэвээн багш бас л хаширсангүй. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хөвгүүдийн асуудлыг сөхөж, лам жаалуудын эрх ашгийн төлөө дуугарч олны анхаарлын төвд авчирч чадсан. Бурхан номын ариун газар, арван цагаан буянтнууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг лам нар болон шашны мяндагтангуудын дундаас бас л бөөн хараал зүхэл, доромжлол ирсэн. Гэхдээ тэр даваад гарч чадсан.
Үүний үр дүнд лам хүүхдүүдийн эрхийг хамгаалах, хараа хяналт тавих хүмүүс олширч, эцэг эх нь ч үр хүүхэддээ санаа тавих нь нэмэгдсэн гэдэг. П.Цэвээн багш олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж, цөөнгүй айлын амьдралыг өөд нь татаж, орон гэртэй болгохыг зорьсон. Тэгж явахдаа нэг зүйл анзаарчээ. Энэ бол унаач хүүхдүүдийн асуудал. Тэрээр баячуудын хороолол гэж нэрлэгддэг Өлзийт хороолол руу очжээ. Баян айлын адууны жүчээнд мориных нь тохомноос дор хувцас өмссөн жаахан хөвгүүд...Ямарч хараа хяналтгүй, зарц барлаг мэт амьдарч байгааг, олон хүүхэд гэмтэж бэртснийг тогтоожээ. “Морь бол уламжлал юм, өв соёл юм. Монгол хүүхэд морь хоёр салшгүй холбоотой” гэдэг уяачид, наадам, цагаан сар болохоор малгайныхаа орой дээр “тод манлай”, “манлай” гэсэн том алтан тэмдэг хаддаг уяач УИХ-ын гишүүдтэй тэр сөргөлдөх шаардлагатай болсон. Эхний ээлжинд ядаж л өвлийн морины уралдааныг зогсоох ёстой хэмээн П.Цэвээн багш Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Засагтай заргалдсан шүүхийн нэхэмжлэх түүнд дахиад л сайн нэр авчирсангүй. Хэвлэлүүдээр “Хужаагийн эрлийз, төслийн мөнгө идэгч, шуналтай авгай, шантаажчин” гэх мэт мэдээллүүд гарч, улс төрчид ээлж дараалан утасдаж, зарим нь сануулах, заналхийлэхийн дундуур “За аятайхан л байгаарай. Гудамжинд нэг өдөр толгой руу чинь тоншчихоод, цус харваад нас барчихсан байна гэсэн эмнэлгийн дүгнэлтийг наадуул чинь гаргаж мэднэ шүү” хэмээн утасдаж, уулзаж, учирлаж эхэлжээ. Гэхдээ П.Цэвээн багш халшираагүй. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчидтэй нэгдэн тэмцэж, гурван шатны шүүхээр ялалт байгуулсан. Үүний үр дүнд өвлийн морин уралдааныг зогсоож чадсан юм.
Хүүхдийн эрх, хүний эрхийн төлөө тэмцэгчид яалт ч үгүй засаг төртэй л тэмцэх хэрэгтэй болдог. Зөрчил арилгуулах, хууль тогтоомж, төсөв мөнгө гаргуулахын тулд зарга үүсгэх хэрэгтэй болдог. Хүний эрхийг хүн л зөрчдөг. Харамсалтай нь зөрчил гаргаж байгаа энэ хүмүүс эрх мэдэлтэн эсвэл чинээлэг баячууд, яахаас ч буцахгүй харгис этгээдүүд, архины хамааралтай хүмүүс байдаг. Тиймээс дарамт шахалт, гүтгэлэг доромжлол тасардаггүй гэнэ. Түүнтэй ярилцаж суухад П.Цэвээн багш “Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах ажил бол нэр төрийн ажил биш шүү. Энэ ажил сэтгэлийн ажил байдаг юм” хэмээн даруухнаар хэлж байсан. Хүүхэд, залуучуудын төлөө хүүхэд байхаасаа ажиллаж, амьдралынхаа 43 жилийг хүүхдийн төлөө зориулсан П.Цэвээн багш “Хүүхдийн эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүс ямар хүн нөхцөлд ажилладаг вэ гэдгийг манайхан мэддэггүй. Нойр хоолгүй зүтгэж яваа тэднийг ямар нэг дуулиан шуугиантай асуудал гараад ирэхээр л бүгд харааж зүхэн ад үзэж, тэр хаана байсан юм, юу хийсэн юм гэж загнадаг. Хэдийгээр Монгол Улс хүүхэд хамгааллын тухай хуультай болсон ч хуулийг хэрэгжүүлэх боловсон хүчин дутмаг, байгаа хэдэн мэргэжилтэн нь ч мэргэшиж чадаагүй, засаг даргаасаа эхлээд шат шатандаа хүүхдийн эрх гэдгийг мэддэггүй хүмүүсийн дунд хүүхдүүд маань өсч байна даа” хэмээн харуусангуй ярьж суусан.
П.Цэвээн багш маань эдүгээ 60 насны босго алхсан ч гэсэн Хүүхдийн эрхийн Үндэсний төв гэсэн хаягтай жижигхэн өрөөндөө, хийх ажлуудаа төлөвлөөд л сууж байна. “Та энэ их ажлын хажуугаар өөрийнхөө хүүхдүүдэд хэр цаг зав гаргаж чаддаг вэ гэсэн миний хатгасан асуултад тэрээр “Үнэнээ хэлэхэд хоёр охиндоо цаг зав гаргаж чадаагүй. Тэд маань аав, өвөөгийнхөө асрамж халамжаар л өсч өндийсөн. Зав гарч гэмээнэ зээ нартаа цаг гаргаж, хоёр охиндоо үзүүлж чадаагүй хайр халамжаа тэд нартаа зориулна гэж боддог юм” гээд гунигтайхан санаа алдсан юм.
Хүүхдийн төлөө 43 жилийн амьдралаа зориулсан П.Цэвээн багшийн хийсэн ажлыг дөрөв, гуравхан хуудсанд багтааж бичнэ гэж байхгүй. Гэхдээ л түүний хийсэн үйл олон хүний амьдралыг өөрчилж чадсан юм. Арвин зузаан намтартай ч алдар гавьяанаас хол, ажил амьдралаа зөвхөн хүүхдийн төлөө зориулсан ийм нэгэн хүн бидний дунд амьдарч байна.
Б.ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ
Үзэл бодол
Д.Бат-Орших: МҮОНР-гийн “Алтан төлийн эзэн” шагналд бэлчээрийн даацын асуудлыг тусгана
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио”-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын түүх 1978 оноос эхтэй.
“Энгэрийн яргуй цасан доор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана” гэх
дуу шигээ малчин түмэндээ хоногшиж, хүндлэгдсэн энэ шагнал 2024 онд 46 дахь жилдээ олгогдох юм. Мал сүргээ өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд анх санаачлагдаж байсан энэ шагнал улс орон болон дэлхий нийтэд тулгамдаж асуудлыг бодлогодоо тусгаж, цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байна.
1978 онд Монгол Улс 24.0 сая орчим толгой малтай байсан. Харин 2022 оны жилийн эцсийн тооллогоор 71.1 саяд хүрсэн. Мал сүргийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарж байвч нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч, сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. “МҮОНРТ тогтвортой хөгжлийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн нэг улсын биш, дэлхий нийтийн асуудал. Энэ тал дээр эерэг, зөв өөрчлөлтийг бий болгох нь манай байгууллагын үүрэг, олон нийтийн эрх ашиг мөн гэж бид үздэг” гэж МҮОНР-гийн захирал Д.Бат-Орших ярьсан юм.
Энэ зарчим “Алтан төлийн эзэн” шагналд ч тусгалаа олж байгаа аж. Тогтвортой хөгжлийн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах 13 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын хувьд тулгамдаад буй томоохон асуудал бол бэлчээрийн даац юм. Тэгвэл сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан, шинэ залуу малчин бэлтгэж, малжуулсан зэрэг өмнөх шаардлагуудаас гадна мал сүргээ бэлчээрийн даацад тохируулсан малчин цаашид “Алтан төлийн эзэн” болно гэдгийг Д.Бат-Орших захирал онцолж байлаа. “Энэ бодлогыг бид үе шаттайгаар тусгаад явна. Эхний шатанд орсон өөрчлөлтүүдийг бид 2024 он гараад шагналынхаа журамтай хамт танилцуулна" хэмээн тэрбээр хэлсэн юм.
Тогтвортой хөгжлийн зарчмууд энэ шагналд тусгалаа олж буй анхны тохиолдол энэ биш юм. Мал аж ахуй бол хамтын хөдөлмөр. Гэтэл ямар нэг шагнал болоход голдуу өрхийн тэргүүн гэдгээрээ гэрийн эзэн нь шагнуулаад өнгөрдөг тухай шүүмжлэлийг тэртээ 1956 онд зохиолч Ш.Гаадамба “Элбэг дээл” өгүүллэгтээ ч дурдсан байдаг. Харин 2022 оноос МҮОНРТ, Жендерийн Үндэсний Хороо хамтран “Алтан төлийн эзэн” тэмдгийг өрхийн эхнэр, нөхөрт хоёуланд нь гардуулдаг болсон юм.
Ер нь малын тоог өсгөхгүйгээр малчид орлогоо өсгөж болох уу? Болно гэдгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” (АДАПТ) төслийн хүрээнд хийсэн судалгаа харуулж байна. Энэ утгаараа Д.Бат-Орших захирал “Малчин гэхээр орлого багатай, мэдээллээс хоцрогдмол байсан үе нэгэнт ард хоцорсон. Нүүдлийн уламжлалт соёл, ахуйг тээж яваа гэдгээрээ малчид маань одоо өрхийн орлогоо улам нэмэгдүүлэх замаар улс орон, дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах боломжтой. "МҮОНРТ-ийн "Алтан төлийн эзэн" шагналаар бид энэ нөлөөллийг бий болгохыг зорьж байна. Энэ зорилго, үзэл санааны төлөө хамтран ажиллахад бид нээлттэй" гэдгээ илэрхийлсэн юм.
Үзэл бодол
П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
-Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр байна вэ?
-Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн үг. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэргийн бууралттай, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 орчим хувиар буурсан үзүүлэлт.
-Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?
-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Нийт 2000 орчим ор дэлгэх боломжтой.
-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор хэдэн иргэн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 1067 ор дэлгэгдсэн. Орны дүүргэлт 95 хувьтай байна.
-БНХАУ-д уушгины хатгалгаа нэмэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-БНХАУ-ын хойд хэсгийн бүсэд томуугийн өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болж байгаа мэдээлэл гарсан. Энэ дагуу ДЭМБ-аас Хятадын талд асуулга тавихад “Ямар нэгэн шинэ үүсгэгч биш. Томуугийн үүсгэгчүүд багц хэлбэрээр өвчлөл үүсгэж, энэ нь уушгины хатгалгаанд хүргэж байгаа” гэх мэдээлэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ мэдээлэл хийсэн. ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд томуугийн тандалт судалгаа хийдэг бөгөөд долоо хоног бүр тандалтын дүнгээ гаргадаг. Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж сайн тавьж, дулаан хувцаслахаас гадна хоол унданд нь анхаарч, олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших шаардлагатай. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гэртээ нойтон цэвэрлэгээг тогтмол хийж, гараа байнга угаах, олон хүн цугласан газар хүүхдээ дагуулж явахгүй байх гэх мэтээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.
-Томуугийн дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?
-Хоёр төрлийн дархлаажуулалт бий. Сайн дурын дархлаажуулалтаар 17 мянга гаруй тун вакциныг хийсэн. Зорилтот бүлгийн буюу бага насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажиллагсдад үнэгүй дархлаажуулалтад хамруулдаг. Энэ дархлаажуулалт 90 орчим хувьтай байна. Нийт 130 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдсан.
Үзэл бодол
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 1-ний өдөр үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян,
Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.
Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Энэхүү хүнд хэцүү цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.
Энэ их зардал, мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахиц дэвшил гарч, хүн төрөлхтний хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.
Эх байгаль, хүн төрөлхтөн зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Та бид хэзээ ч мартаж болохгүй.
Эрхэм хурлын дарга аа,
Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх дэлхийтэйгээ зохицон амьдрах, онгон дагшинаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай.
Орчин үед техник технологи эрчтэй хөгжиж, хүний амьдралд гүн гүнзгий нэвтрэхийн хэрээр бидний үр хүүхэд амьд байгалиас алсран холдож байна.
Иймээс бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр өөр өөрсдийн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний амжилтын түлхүүр нь хүн бүрийн зөв хандлага, идэвхтэй оролцоо, улс үндэстэн бүрийн хичээл зүтгэл, үүрэг хариуцлага, улс төрийн манлайлал юм.
Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам багасаж, нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг НҮБ-ын сүүлийн үеийн судалгааны тайланд анхааруулсан байна.
Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн тодорхойлсныг бид анхаарч үзэх учиртай.
Дэлхийн улс орнууд эх дэлхийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж, хүсэл зорилгоо хамтатган, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадах аваас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит биеллээ олж, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэглээ болон замхрахаас сэргийлж чадна.
Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Ногоон таксономи” зэрэг баримт бичгүүдийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн баталсан дэлхийн анхдагч улсуудын нэг болсон.
Энэ хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.
Тиймээс энэ удаагийн бага хурлаас гарах “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“ санаачилгуудыг Монгол Улс сайшаан дэмжиж, нэгдэн орж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Цаашлаад дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтоо ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнд хүрэх асуудал нэн чухал байгааг цохон тэмдэглэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас 2022 онд гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд охид, эмэгтэйчүүд илүү их өртөж байна хэмээн дурджээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна.
Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна.
Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улс дэлхийн улс орнуудын хамтаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
-
Шударга мэдээ2022/03/14
Монгол Улсад нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй...
-
Шударга мэдээ2022/05/23
Нарны замын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
-
Улстөр нийгэм2019/07/24
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
-
Урлаг спорт2023/12/04
Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Сэтгэгдэл