Урлаг спорт
Олон Улсын энхийг сахиулагчдын тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019” олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа.
Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон Улсын энхийг сахиулагчдын дунд тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 40-45 хэмийн халуунд 10 кг ачаатай 25 км замыг туулдаг, тамирчдаас хурд хүч, тэсвэр хатуужлыг шаарддаг байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 37 орны 352 тамирчин оролцон өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд 28 орны 157 тамирчин оролцжээ.
Ахлах ахлагч Д.Отгонжаргал нь Онцгой байдлын байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй гурав дахь эмэгтэй юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Урлаг спорт
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалаа.
Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг урьж байна.
Нэр дэвших хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах тул Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт биечлэн авчирч өгнө үү.
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:
- Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
- Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
- Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
- Төрийн албан хаагчийн анкет
Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
Урлаг спорт
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Минск хотноо “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж, Беларусь Улсын Дуурь, балетын их театрт Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа.
Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, олон нийт үзэж сонирхлоо.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.
Беларусийн сонгодог урлагийн төв болон хөгжиж буй Дуурь, балетын их театр нь 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд театрын тайзнаа Беларусийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна “Хунт нуур”, “Щелкунчик” зэрэг дэлхийн сонгодог дуурь, балетын бүтээлүүдийг тогтмол толилуулдаг байна.
Мөн “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнг Минск хотноо эдгээр өдрүүдэд гаргаж, монголын өв соёл, зан заншлын талаар Беларусийн олон нийтэд мэдээлэл өгч, сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгууллаа.
Урлаг спорт
“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Хангарди шагнал гардуулах ёслол 2026 оны аравдугаар сарын 22-нд болж, Монгол киноны уралдаант хэсгийн шилдгүүдийг тодрууллаа. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх, үндэсний кино уран бүтээлчид болон кино салбарын хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотыг урлаг, соёлын бүтээлч орон зай болгон олон улсад таниулах зорилготой юм. Мөн нийгэм, эдийн засаг, урлаг, соёл, боловсролын салбарт кино урлагийн үр нөлөөг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг.


Энэ жилийн Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирүүлснээс “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Нийгмийн дайсан”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд” зэрэг бүтээлийг “Монгол кино хөтөлбөр”-т шалгаруулан үзэгчдэд толилуулсан юм. Наадмын хүрээнд бүтээлүүдийг зургаан төрлөөр үнэлж, шилдэг кино болон уран бүтээлчдийг тодрууллаа. “Шилдэг кино” төрөлд “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Зуд”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд”, “Нийгмийн дайсан” зэрэг бүтээл нэр дэвшсэн байна.

ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД
Шилдэг кино: Цагаан хадны өнгө
Шилдэг найруулагч: “Ханын зураач” киноны найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж
Шилдэг зохиол: “Нийгмийн дайсан” киноны зохиолч Баянжаргалын Гарамханд
Шилдэг зураглаач: “Цагаан хадны өнгө” киноны зураглаач Чойжоованчигийн Хоролдорж
Шилдэг зураач: “Ханын зураач” киноны зураач Баяраагийн Тэгшсүрэн
Шилдэг хөгжмийн зохиолч: “Цагаан хадны өнгө” киноны хөгжмийн зохиолч Гаэл Ракотондрабе




“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг олон нийтэд таниулах, үндэсний кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн кино урлагийн чиг хандлага, шинэ бүтээлүүдтэй монгол үзэгчдийг танилцуулах чухал арга хэмжээ юм. Хангарди шагнал нь Монголын кино урлагийн уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээг үнэлж, үндэсний кино үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.



