Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нэгэн зургийн түүх: Үрс юу хүснэ вэ?

Огноо:

,

Бяцхан жаал өрөвдөлтэй нь аргагүй коридорт хэвтээд уйлж байна. Хүү өвөө, эмээ дээр нь очуулаагүй аав, ээждээ гомдсон. Хурган лоовууз, хүрэм дээл, монгол гутал божгор хөлөндөө жийсэн тэр жаал ердөө ганц л зүйлийг хүссэн нь тэр.

Монгол хувцсаараа гоёсон тэр жаал цэцэрлэгтээ очиж болохгүйг гадарлаж байгаа. тэр хамгийн сүүлд хэзээ цэцэрлэгтээ очсоноо мартсан. Бяцхан гарынх нь арван хуруу, булбарай хөлийнх нь 10 хуруутай нийлээд цаашаа тоогоо алдсан.

Навчис шарлаж байхад тэр хоригдсон. Цонхоор цас орохыг харсан. Гараад гулгаж тогломоор байсан ч түүнийг гаргаагүй. Ёолк болсон. Гэхдээ эмээ, өвөө, аав, ээжийн найзууд ирж мялаагаагүй. Түүнийг очуулаагүй. Үргэлж өмөөрч, эрхлүүлж байдаг өвөө, эмээтэйгээ утсаар л ярьдаг болсон. Багш биш 11.00 цагийн мэдээний эгчийг, Онцгой комиссын ууртай юм шиг хурандааг цэцэрлэгийн багшаасаа илүү тэр мэддэг болсон.

Дахиад цас орсон. Дараа нь цагаан сар болсон. Хоригдож залхсан хүү эмээ, өвөө дээрээ очихоор өөрийнхөө “тэмцлийн” аргыг сонгосон нь тэр...

Аав эсвэл ээжийнх нь өхөөрдөн цахим орчинд оруулсан энэ зураг Монголын бяцхан багачуудын байр байдлыг тайлбаргүйгээр таниулж байна. Тийм ээ, тэд гэртээ удсан. Тэр зураг монголчуудын өнөөдрийг харуулсан бодит байдал.

...Хөл хорионд хүүхдүүд уйдаж, гэртээ гүйлдэн доод айлыг паараа тогшиход  хүргэж байна. Хамгийн гаслантай нь бүхэл бүтэн цонх үе “Ковид-19”-ийн уршгаар гарч ирж байгаа ч түүнээс илүү аймшигтай нь бидний хэнд нь ч бяцхан үрсээ, ахмад буурлуудаа энэ цар тахлаар алдах эрсдэл бодитоор бий болчихлоо.

Нийслэл хот халдварын голомт болж, 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсад нийт 2293 тохиолдол батлагджээ. Ганцхан хоногийн дотор 46 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь айл өрхөөс авсан шинжилгээгээр илэрснийг албаныхан дуулгалаа.

“Ковид-19” өрх бүрийн хаалгыг тогшиж байна. Байнгын онцгой дэглэмд ажиллаад жил болсон эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчид туйлдаж байна. Цөөхөн эмнэлгийн ажилтнуудаас маань цөөнгүй нь халдвар авч тусгаарлалтад ороод эхэллээ. Хорионд байсан эдийн засаг түүхэнд байгаагүйгээр уналтад оров. Цар тахал, эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядууралд бид давхар нэрвэгджээ. Бүгд бухимдалтай байна. Гэхдээ...

Гэхдээ бидэнд цаашид энэ хэвээрээ уруудах уу эсвэл түүний эсрэг зогсож, сүүлчийн удаа тэсвэр гаргаж, аливааг эрүүлээр харах уу гэдэг хоёрхон сонголт үлджээ.

Засгийн газар бүхий л бололцоогоо ашиглан эцсийн цохилт өгөхөөр тэмцэж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч "Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой" гэв.

Хөл хориог тавихдаа иргэдээ вакцинжуулахын тулд нэн түрүүнд шаардлагатай зүйл нь хүн амын дунд халдвар хэр тархсан, өмнө нь өвчилсөн эсэхийг мэдэх, улмаар хамгийн эрсдэлтэй бүлгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай аж. Энэхүү бааз суурийг бүрдүүлэхийн тулд 410 мянган өрх бүрээс шинжилгээ авах шаардлагатай аж.

Ийм учраас л бүх хүчин чадлаа дайчлан, халдварыг тархаахгүйгээр өрх бүрийг шинжилгээнд хамруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоожээ.

Гэтэл... Зарим маань шинэлэх гээд гэр хорооллын гудмаар муур, хулгана болон муйхарлаж байгааг цагдаагийн албан хаагчид хэлж байна. Нөгөө л монгол хүний хэнэггүй зангаар, халдвар авахгүй гэсэн тэнэгдүү төсөөллөөр хандаад, өөрийгөө болоод үр хүүхдээ эрсдэлд оруулсаар буй аж.

Зарим нь “хэнийг нь орцонд нь аваад, хэнийг нь очиж шинжилгээгээ өг гээд байгаа юм бэ?” гэж гомдоллох болов. Албанынхны тайлбарласнаар, халдварын эрсдэлтэй бүс, ногоон бүс гэж ангилсан бөгөөд эрсдэлтэй бүсийнхнийг ногоон бүсийнхэнтэй хавьталд оруулахгүйн үүднээс хоёр өөр зохион байгуулалтаар шинжилгээ авч буй аж.

Өөрсдийнх нь төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа цагдаа, эмч нараа ч бодсон бид “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяныг нэг санаагаар дэмжиж гэмээнэ вакцинд хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг л нэг мөр ойлгох хэрэгтэйг Ерөнхий сайд онцлоод байгаа. Тиймээс л бид хайртай бүхнийхээ төлөө монгол хүний уужуу ухаанаар хандаж, идэвхитэй шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээс дотны бүхнээ хамгаалах нь чухал аж. Ингэж байж л бид энэ бүхнээс салах нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Алийн болгон айж амьдрах вэ? Тиймээс хэн нэгэн албан тушаалтан гэхээсээ илүүтэй хайртай гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нэг удаа нэгдэцгээе.

...Бяцхан жаал инээмсэглэн өвөө, эмээгийнхээ өвөрт эрхэлж, цэцэрлэгтээ явахгүй гэж нойроо харамлан хөнжилдөө шургаж, цонхоор цас орохыг хараад үеийн жаалуудтайгаа тоглон наадаж, ёолкноор хөөрч баярлан гүйлдэж, 11.00 цагийн мэдээг биш цэцэрлэгийнхээ багшийн заасан дуу, шүлгийг уншиж, “Айл гэрдэж тоглосон Алимаатай би золгохгүй” гээд шинэлж байхын төлөө одоо л ухамсартай хөдлөх цаг.

Бидний үрс тоглож наадаж, эрхэлж, ээж, аав, эмээ, өвөөтэйгөө л хамтдаа байхыг хүсдэг. Харин бид юу хүснэ вэ?

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хийх ажлуудыг тодорхойллоо

Огноо:

,

Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, салбарын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд барилгын салбарын эрдэмтэн судлаач, инженер, зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч зэрэг мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, төслийн нэгж, төрийн холбогдох байгууллага зэрэг нийт 70 гаруй байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцсон юм.

Мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, мэдээлэл, оролцогчдын санал хүсэлтийг зөвлөгөөний төгсгөлд нэгтгэж дүгнэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан.

Тэрбээр “Барилгын үйл ажиллагааны үе шат бүрд тавих хяналт чухал, тэр дундаа төрийн хяналт нэн чухал нь харагдаж байна. Ерөөс хяналт сайн бол барилгын чанар, аюулгүй байдал хангагдана” хэмээв. Хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн саналуудын 60 гаруй хувь нь шат шатны хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр, мөн барилга барих зөвшөөрөл олгох, комисс хүлээн авах үйл ажиллагааг нээлттэй болгож, мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр давхардсан байна.

Дүгнэлтийг хууль эрх зүйн шинэчлэл хийх, хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх, зохион байгуулах гэсэн гурван хүрээнд гаргасан юм.

Хууль эрх зүй шинэчлэлийн хүрээнд:

  • Барилгын чанар, аюулгүй байдал, стандартыг хангуулахад чиглэсэн хуулиас эхлээд стандарт, норм, дүрэм, журмуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх.
  • Барилгын материал импортлогч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг, хүлээх хариуцлага, тавих хяналтын тогтоцолцоог сайжруулах. Улсын хилээр заавал тохирлын баталгаанд хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг импортолдог болох.
  • Барилгын аюулгүй байдлыг барилгын чанараар хангахын тулд бүх үе шатанд төрөөс хяналт тавих үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох.
  • Шинээр баригдаад ашиглалтад оруулах боломжгүй барилга байгууламжийг ашиглалтад огт хүлээн авахгүйгээр албадан буулгах, орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхээс сэргийлж олон нийтэд мэдээлж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бий болгох.
  • Хууль зөрчдөг, ажил цалгардуулдаг, төрийн албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгодо, хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэн хуулийн хариуцлага хүлээлгүй ажлаас халагдаад өнгөрдөг байдлыг таслан зогсоож, ажлаас халагдсан ч нөхөн хариуцлага хүлээлгэдэг болгох.
  • Төрийн хяналтын үйл ажиллагааг чанартай болгохын тулд гарсан хохирлыг санхүүгийн болон эрх зүйн хувьд дааж чадахуйц хөндлөнгийн хяналт хийх тогтолцоог бүрдүүлэх.
  • Барилга байгууламжийг хүчитгэх, бэхэлгээ хийх харилцаанд оролцогчид, тэдний үүрэг хариуцлагыг тодорхой болгож, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  • Захиалагч барилга байгууламжийг барихдаа өөрийн хөрөнгөөр тухайн орчны авто замыг шинээр барих, өргөтгөх, хүрэлцээтэй авто зогсоол байгуулах, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж бүхий цогц төлөвлөгөөний дагуу барилгажуулах зохицуулалтыг бий болгох.
  • Барилгын материалын сорьцын лабораториор шалгагдсан материал нийлүүлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бараа материал нийлүүлэх тогтолцоог бий болгох.

Хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд:

  • 2002 оноос хойш баригдсан, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон барилгуудаас газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон барилгын газар олголтоос эхлээд улсын комисст хүлээн авсан бүх үе шатны зөвшөөрөл олголт, хяналт хийсэн эрх бүхий төрийн албан хаагч болон барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгах хүртэл арга хэмжээг авч, цаашид дахин зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлэхийг таслан зогсоох.
  • Ашиглагдаж байгаа барилгад давхар нэмсэн, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулсан, барилгын даацын ханыг нурааж газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн барилга байгууламжийн нэгдсэн судалгаа, дүгнэлт гаргаж, хууль, дүрэм зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох.
  • Гаднаас импортоор орж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын үндсэн хийц бүтээцэд ашиглах материал болон зах зээл дээр жижиглэнгээр бэлэн зарагдаж байгаа барилгын туслах материалын чанар, аюулгүй байдалд байнгийн хяналт тавих, гарал үүслийг шалгадаг нэгдсэн тогтолцоог бий болгох.
  • Барилга захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.

Зохион байгуулалтын ажлын хүрээнд:

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсний хурдатгал бичигч станцын сүлжээг өргөтгөж, хот орчмын газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх.
  • Газар хөдлөлтийн голомтуудын нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх.
  • Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох лаборатори байгуулах.
  • Эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж, чанарын лабораториор баталгаажсан барилгын материалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх.
  • Барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн нэгдсэн мэдээллийн санг байгуулж, олон нийтийг бодит мэдээллээр хангах.
  • Барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, бэхлэн хүчитгэх, барилга байгууламж ашиглалтын явцад тогтмол засвар үйлчилгээ хийх, мөн ашиглалтын шаардлага хангахгүй олон нийтийн зориулалттай болон орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, хамтран ажиллах.
  • Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг сайжруулж, цонхны чанар, стандартын шаардлагыг үл эвдэх сорилын аргаар шалгаж, тодорхойлдог хөндлөнгийн техникийн хяналтын байгууллагын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулж хамтран ажиллах.
  • Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, комисс хүлээн авахдаа орон нутаг, дүүргээс санал авч, зөвшилцөх.
  • Орон сууцны зориулалттай байранд өргөтгөл, засвар шинэчлэлт хийх замаар барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл барих, үйлдвэр үйлчилгээ явуулдаг байдлыг зогсоож, буруутай этгээдээр сэргээн засварлуулж, хүчитгүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах.
  • Зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгч компаниудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулж, чадавхижуулах.
  • Хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд сурталчилан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах.

Зөвлөгөөний дүнд гаргасан эдгээр дүгнэлтэд үндэслэн  цаашид авч хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шат шатны төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, иргэд хариуцлагатайгаар хамран ажиллах нь чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Таван компанийн ханш тогтвортой байлаа

Огноо:

,

2023 оны 3 дугаар сарын 20-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 311,780,762 төгрөгийн үнийн дүн бүхий 901,035 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Женко тур бюро ХК (JTB +6.32%), Мерекс ХК (MRX +6.25%), Монгол шуудан ХК (MNP +5.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL -14.39%), Бөөний худалдаа ХК (BHL -11.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,656 ширхэг нэгж эрхийг 4,480,901 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 15,693 ширхэг үнэт цаасыг  1,570,032,650 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг бондыг 6,336,000 төгрөгөөр

 -Багцын арилжаагаар 1,203,599 ширхэг үнэт цаасыг 255,33,471 төгрөгөөр

-Тавантолгой ХК-ийн 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 5,654,400 ам.доллар буюу 19,949,005,920 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 2.89 хувиар буурч, 38,404.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,811,143,011,657 төгрөг боллоо. 

Өнөөдөр /2023.03.20/ нийт 22,096,967,704 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн нэмэлт 2 эгнээ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт шийдвэрлэгджээ

Огноо:

,

Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд 2023/03/16-ны өдөр гарын үсэг зурсан.

Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм.

Одоогоор нэмэлт 2 эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын 10-наас эхлүүлж, 03 дугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх юм.

Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт 2 эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг танилцууллаа.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох