Улстөр нийгэм
Иргэн, ААН-ийн авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.
Цар тахлын хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах, эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрүүдийг гаргасан. Гэвч цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон иргэн, аж ахуйн нэгжийн орлого тасарсан хэвээр байна.
Иймд цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байгаа үед бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, цалин орлого нь тасалдсан жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Улсын Их Хурлаас банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах талаар тодорхой чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Уг тогтоолын төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Үүнд,
- Цар тахлын улмаас санхүү, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах,
- Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулах, зээлийн хүүг 50 хувиас доошгүй хувиар бууруулан, зөрүүг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа УИХ-д танилцуулах,
- Иргэн, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг нарийвчлан тооцож, төлбөрийн чадвар, ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг унагахгүй байх чиглэлээр дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мөнгөн хөрөнгийн тооцооллыг хийж, гадаад дотоод эх үүсвэрээс олох арга хэмжээг нэн даруй авах,
- Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбогдуулан боловсруулж батлуулах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл